Н.Энхбаярыг батлан даалтад гаргасан тул харгалзагчдыг нь буулгав
ТҮҮНИЙ БИЧЛЭГИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫНХАН СЭТГҮҮЛЧДЭД ДЭЛГЭЛЭЭ-
Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах байцаагч Б.Наранбаатар нар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой цаг үеийн бодит мэдээллийг олон нийтэд өгөх зорилгоор хэвлэлийн хурал хийж буй гэдгээ хэлсэн юм. Тус газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр “Сүүлийн үед АТГ-ын мөрдөн байцаагч нарын үйл ажиллагаа хууль бус болсон юм шиг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу бус хүчээр хүнийг эрүүдэн шүүж хэрэг тулгасан юм шиг байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Дээрээс нь тавдугаар сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр манай газрын нэр дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бичиг ирсэн. Энэ нь Н.Энхбаярын өөрийн гараар бичсэн 12 хуудас захидал байв. Захидалд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг үгүйсгэсэн, ташаа гүжирдсэн өнгө аястай зүйлс их бичигдсэн байсан. Нөгөө талаар АТГ нь аль нэг улстөрчийн захиалгаар хэргийг мөрдөж, бусдад ял тулгах гээд явдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймэрхуү олон нийтийг төөрөгдүүлсэн яриа, дэгс үгс яваад байна. Энэ талаар Б.Наранбаатар та бүхэнд мэдээлэл өгөх байх гэв.
Б.Наранбаатар “Миний бие Н.Энхбаярт холбогдох хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тийм болохоор энэ хэргийн түхай товч мэдээлэл хийе” гэсэн юм. Тэрбээр, мэдээлэл хийхээсээ өмнө хавтаст хэргийн нууцлалыг задруулахгүй ямар түвшинд хэвлэлийн хурал хийх вэ гэдэг асуудлаар Нийслэлийн прокурорын газраас зөвшөөрөл авсан гэнэ. 2011 нэгдүгээр сарын 20-нд Б.Чулуунбаатар нарт холбогдуулан УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Н.Болормаад мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ хоёр хэргийг нэгтгэж шалгаад хэргийн харьяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Н.Энхбаярт холбогдох хэрэгт гурван хүнийг холбогдуулан шалгаж шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. Ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар бодит байдал дээр хэрхэн ажилласнаа тайлбарлах хэрэгтэй байх. Н.Энхбаярыг цагдан хоригдох хугацаанд бид Н.Энхбаяраас гурван ч удаа мэдүүлэг авах гэж оролдсон. Түүний таван өмгөөлөгчид нь хэдний өдөр түүнээс мэдүүлэг авах гэж буйгаа мэдэгдэж албан ёсоор ирэхийг хүсдэг байсан. Тэдний хэн нь ч мөрдөн байцаалтын үед байхаас татгалзаж байсан. Хамгийн сүүлд бид Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийнхээ өмнө түүнийг яллах тогтоолыг танилцуулах гэж цагдан хорих төв рүү нь очсон. Өмгөөлөгчид нь ирдэггүй учир аргаа бараад бид хоорондоо ярилцаж байгаад өмгөөлөгч Оюунбилэгийг яллах дүгнэлт танилцуулах үедээ оролцуулъя гэж шийдсэн. Гэтэл Оюунбилэг өмгөөлөгч цагаасаа хожимдож ирчихээд “Би оролцохгүй” гэсэн. Цагдан хорих төвийн мөрдөн байцаалтын өрөөнд хянагчаар дамжуулж Н.Энхбаярыг дуудуулсан. Гэвч тэрбээр ирээгүй. Харин цагдан хорих төвийн хянагчид “Би очихгүй” гэдэг үгийг дайлгасан байсан. Иймд мөрдөн байцаагчид цагдан хорих төвийн удирдлагуудаас зөвшөөрөл авч хоригдож буй өрөөнд нь орж хэргийг нь танилцуулах гэсэн. Харамсалтай нь Н.Энхбаяр юу ч сонсохыг хүсээгүй. Мөрдөн байцаагч нараар тохуурхаж “Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх албагүй” хэмээн чихээ дарж эсэргүүцлээ илэрхийлж байв хэмээлээ. Дараа нь тэд Н.Энхбаярын хоригдож байсан өрөөний бичлэгийн зарим хэсгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.
Дээрх хэвлэлийн хурлын өмнө Нийслэлийн прокурорын газраас Н.Энхбаярын хэрэгт харьяалал тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд хандсан байна. Тэгээд Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоожээ. Харин Сүхбаатар дүүргийн шүүх удалгүй Н.Энхбаярыг батлан даалтаар гаргах шийдвэр гаргасан юм. Учир нь удаан хугацаанд өлсгөлөн зарласан түүний бие муудсан тул ийнхүү эрүүл мэндийнх нь байдлаас шалтгаалан дээрх шийдвэрийг гаргажээ. Эх сурвалжаас авсан мэдээгээр одоогоор Н.Энхбаяр II эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд батлан даалтад гаргах шийдвэр гаргасан тул тухайн эмнэлэгт гаргаад байсан харуул хамгаалалтыг буулгажээ.
Н.Энхбаярыг гэр бүлийнхэн нь батлан даалтад гаргажээ. Түүнийг батлан даалтад гаргасны дараа түүний ээж, аав хоёр орж уулзжээ. Н.Энхбаярын бие хүнд байгаа учир эрчимт эмчилгээ хийлгэсний дараа энгийн эмчилгээ рүү шилжиж биеэ тэнхрүүлэхээр болсон байна.
Дүрстэй мэдээ: Н.Энхбаяр яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаж байна
Г.ЯЛГУУН
URL: