Дуулиант хэргийн эзэд хаана явна

Өнгөрсөн жилүүдэд олны анхаарлыг татаж байсан дуулиант хэргүүд гарч, иргэдийг сэрдхийлгэж байсан. “Хадгаламж” банкны нягтлан 13.5 тэрбум төгрөг завшиж, Онцгой байдлын дарга нар нөөцийн хөрөнгөндөө гар дүрж, найман настай охиныг хүчирхийлж алчихаад хичээлийнх нь цүнхэнд чихэж зах дээр хаясан, АТГ-ын дарга албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт олон хэрэг гарсан. Энэ дуулиант хэргийн эзэд хаана явааг тодрууллаа.
Д.Сүрэнхор адуу маллаж байна
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 91 сая төгрөгийг завшсан Д.Сүрэнхор өнөөдөр Тахир соёотын жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж байна. Тэрбээр Тахир соёот дахь хорих ангийн адууг малладаг аж. Анхан шатны шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноож, дөрвөн жилийг нь  биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
“Хадгаламж” банкны Б.Чимэдцэрэн номын санч хийдэг

“Хадгаламж” банкны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа  тус банкнаас 13.5 тэрбум төгрөг завшсан Ц.Чимэдцэрэнд  Чингэлтэй дүүргийн шүүхээс арван жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг 2008 онд гаргасан. Гэхдээ түүний ялаас хоёр жилийг нь Өршөөлийн хуульд хамруулж, мөн ял эдлэх хугацаандаа сайн хүмүүжсэн гэж үзэн  өнгөрсөн долдугаар сард дэглэмийг нь бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ.  Ц.Чимэдцэрэнд одоо  таван жилийн хорих ял үлдээд байна. Ц.Чимэдцэрэн Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд  номын санч хийдэг аж.

Н.Мөнх-Оргил УДШ-д давж заалдана
Найман настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн  болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож, шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч Р.Насанжаргал  төлөөлөн авчээ. Өмгөөлөгчийн өгсөн мэдээллээр шүүгдэгч  Н.Мөнх-Оргил нь Дээд шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Шүүхэд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд болж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм.
Хилчдийн цаазын ялыг ирэх сард гүйцэтгэнэ
Эх орныхоо торгон хилийг манах эрхэм үүрэг хүлээж байсан хилчид гурван хүний аминд хүрч, долоон хүнийг барьцаалсан хэрэг өнгөрсөн 2009 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг  дахь  Улаан-Уулын отрядын Шанагын заставт  гарсан. Гэмт этгээд Р.Энхжаргал М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарт  шат шатны шүүх хурлаас цаазын ял оноож, Р.Энхжаргалд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Тэднийг Тахир соёотын чанга дэглэмтэй хориход авчирсан бөгөөд ирэх сард цаазаар авах ялыг гүйцэтгэх гэнэ.
П.Дашийн хэрэгт санхүүгийн шинжээч томилхоор хугацааг сунгажээ
Улсын мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татсан  ОБЕГ-ын дарга асан хурандаа П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт  холбогдох эрүүгийн хэргийг энэ долоо хоногт нийслэлийн Прокурорын газарт ирүүлэх ёстой байв. Гэвч тэдэнд холбогдох хэрэгт санхүүгийн шинжээч томилж, шалгуулахаар хугацааг 30 хоногоор сунгажээ. Учир нь П.Даш, Л.Алтангэрэл нарын улсын хөрөнгө хувьдаа завшсан гэх баримтууд хоорондоо зөрж  байгаа тул дахин шалгах хэрэгтэй гэж үзсэн байна. Хэрэгт яллагдагчаар татсан П.Даш, Л.Алтангэрэл нар улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж  буруутгаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсч байсан юм.

О.Сайханаа Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих