Эрх баригчид ичгүүрээ алджээ

Үнэндээ бол МАН-д өнгөрч байгаа сонгуулийн дөрвөн жилд барьж аваад хийчих дорвитой хөтөлбөр, бодлого юу ч байгаагүй юм. 1,5 сая төгрөг бэлнээр хүн бүрт өгнө гэж л амласан, түүндээ хальтарсан. АН-ынхныг хамтран засаг барихыг гуйсны ачаар харин 100 мянган айлын сууц, Сайншанд үйлдвэрлэлийн цогцолбор, Шинэ төмөр зам, Шинэ сумын төв, аймгийн төвүүдийг холбосон дардан зам гэх зэрэг бодитой зүйл ярьж болох хөтөлбөр гаргаж өгчээ. Сонгууль тулж ирснээр С.Батболд юу ч хийгээгүйгээ санаж, хийсэн дүр үзүүлэх ажилд шуударчээ. 100 мянган айлын орон сууц гэж АН-ын боловсруулсан хөтөлбөр олны таашаалыг татаж, хүлээлтэд байгааг ашиглах санаа түүнд төржээ. Ингээд жилийн зургаан  хувийн хүүтэй, 50 мкв байрыг анх удаа байр авч байгаа өрхөд өгөхөөр зарлалаа. Энэ төслийг хэрэгжүүлэхээр С.Батболдын зээлээр хуримтлуулсан мөнгө нь байрны үнэ мкв  нь 800 доллар орчим байхад 1500 орчим айл орон сууцанд орж болохоор л хэмжээтэй юм. Гэтэл байрны үнэ зургаан  хувийн хүүгийн сургаар тэнгэрт хаджээ. Одоо бол 900 орчим айлд энэ зээл хүрэлцэх магадлалтай. Нэгэнт хөрөнгө хомс учир С.Батболд сурсан зангаараа хуурч мэхлэх ажилдаа ханцуй шамлан оров. “Мөнгө хүрэхгүй, цөөхөн айлд л зээл оногдно” гээд хэлчихбэл иргэд уурсах учраас элдэв шалтаг тоочин зээлийн шалгуур даасангүй гэдэг шалтгаанаар цөөлөхөд хүрчээ. Анх удаа байр авч байгаа хүнд л өгнө гэдгээр нэлээд хүний шилийг харсан ч байрны үнэ, талбайн хэмжээн дээр очоод таг суулаа. Хэлчих олигтой шалтаг байхгүй тул барилгын компаниуд руу бурууг чихэж, зээлийн сууц хүсэгчдийг хэзээ дуусах нь тодорхойгүй хүлээлтэд оруулаад байна.
Өөр нэг хүлээлтийг монголчууд нийтээрээ эдэлсээр дөрвөн жил боллоо. Нэг сая 500 мянган төгрөгийг бэлнээр нь бөөн олгохоор МАН амласан. Оюутнууд сургалтын төлбөртөө талыг нь авсан гэдгийг тооцохгүй бол энэ мөнгөнөөс хүртсэн хүн Монголд алга. С.Батболд эдийн засгаа алах замаар энэ мөнгийг олгохоор болж Хятадын “Чалко” компаниас 250 сая доллар ахин зээлээд байна. Энэ мөнгө ахиад л 1,5 сая төгрөгийг хүн бүрт тараахад хүрэхгүй учраас эхний ээлжинд  сая төгрөгийг тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх юм болов. Нэг  сая төгрөгийг хэрхэн, яаж өгөх дээрээ тулахаар “инфляци өсөх гээд байна” гэсэн шалтаг тоочоод гурав хувааж  олгоно гэв. Хууртаж ханадааггүй сонгогчид дөрөвдүгээр сард эхний мөнгөө авсан байх учиртай. Гэвч одоогоор хэн ч энэ мөнгийг аваагүй байна.
Тавантолгойн хувьцаагаа авахгүй гэсэн хүнд  сая төгрөг өгнө гэдэг нь МАН-ын бас нэг төрлийн заль мэх болохыг хороон дээрээ очиж бүртгүүлсэн хүмүүс мэдэж авлаа. Иргэд хувьцаа авах уу, сая төгрөгөө бэлнээр авах уу гэдгээ тавдугаар сарын 20-ны дотор тухайн аймаг, сумынхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд өргөдлөөр илэрхийлэх гэнэ. Өргөдөл өгөөгүй хүнд сая төгрөг өгөхгүй хувьцаа гэж бичсэн цаас өгөх юм байх. Бэлэн мөнгө авах хүсэлтээ гаргасан иргэдийн хүсэлтийг хорооны ажилтан бүртгэж авахын оронд “Та хувьцаагаа авсан нь дээр дээ” гэж ятгана, ятгаад тусыг олохгүй бол “за тэгээд сонгуулийн дараа мөнгөө аваарай, МАН ялбал өгөх юм шүү” гээд гаргана. Сонгуулиас өмнө бол иргэд “сая төгрөг өгнө” гэсэн цаастай л хоцрох юм. МАН ялагдах учир мөнгө нь тодорхойгүй байдалд орно. Үүнээс гадна өөр ямар мөнгө тараах амлалт өгч явааг тодруулбал дараах байдалтай байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оны дараахан “Цагаан  сараар та нарын сая төгрөгийг өгнө” гээд хэлчихсэн ажээ. Үүнийг нь нэхэж асуувал “Бид сая төгрөгөө бэлнээр авах хүмүүсээ бүртгэж эхэлсэн. Ирсэн хүсэлтүүдийг нэгтгээд бараг дуусаж  байна. Сангийн яамны төрийн санд санхүүжилтийнхээ хуваарийг явуулсан байгаа. Одоогийн байдлаар аймаг, дүүргүүдэд үйлчилгээ үзүүлдэг банкуудад мөнгө байршаагүй байгаа учраас олгож эхлээгүй л байна. Бусад бэлтгэлээ хийчихсэн байгаа. Одоо Сангийн яам хэзээ мөнгө байршуулна тэр цагт л шууд тараагаад эхэлнэ” гэсэн хариу өгөв. Итгэмээргүй зүйл нь амьд сэрүүн хүмүүс мөнгөө авч чадахгүй байхад бурхны оронд одогсод авч чадах болов уу.
Өнөөх Д.Чойжилсүрэн  “Засгийн газраас баталсан шинэчилсэн журмын дагуу 2012 онд нас барсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сая төгрөг олгоно. 2012 оноос өмнө нас барсан хүмүүст мөнгө олгохгүй. Манай байгууллагад 2011 онд нас барсан хүмүүсийн материалыг ирүүлсэн байна билээ.  Энэ бол буруу” гэж байх юм. Өөд болсон хүнийг хүртэл хэзээ үхсэнээр нь ялгаж ханддаг мөн ч хачин Засгийн газар шүү! Сая төгрөгийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд авахгүй гэж МАН хэллээ. Эх орондоо иргэн болж төрсөн нь буруу ч болж байх шиг. НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан 363 мянган хүний нэг сая төгрөгийг иргэдийн бүртгэлийг дахин нягтлах, эцэслэн шийдэж байж өгөх хэрэгтэй болсон. Тиймээс хугацаандаа  олгож чадахгүй байна. Тавдугаар сарын 15 гэхэд 330 мянган төгрөгийг өгчих байх” гэж ярьсан байна. Үүнээс харахад 1,5 сая төгрөгийн барааг сонгуулиас өмнө иргэд харахгүй нь тодорхой. 330 мянга орчим төгрөгөөр аргаацааж байгаад сонгуульд санал авахыг л С.Батболд хүсэж буй юм байна.
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын “Хүний хөгжлийн сан”-гийн ажлын албаны дарга О.Хуягцогт “Хүний хөгжил” сангаас олгох сая төгрөгийг 2012 онд л багтааж олгох ёстой. Хугацаа цаашлах явдал  байгаа. Боломж гарвал зургаадугаар сард эхний хэсгийг олгох байх” гэжээ. Тэгэхээр дээрх таамаг үнэн болж байна. Нэг сая төгрөгнөөс хувьцааг илүүд үзсэн хүмүүс хохироод үлдэх магадлал ч үүслээ. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламжийн газрын дарга Б.Жадамба “Хувьцааны нэрлэсэн үнийг нь зах зээл өөрөө тогтоодог. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ олон улсын зах зээл дээр буурахыг үгүйсгэхгүй. Тиймээс хувьцааны үнэ сая төгрөгөөс давах уу, үгүй юу гэдгийг тухайн үеийн зах зээлийн байдал харуулна” гэсэн нь ямар ч итгэл байхгүйг нотлож байна. “Чалко” гэж компанийн ааш аягаас бүх зүйл хамаарах болчихоод байгаа. С.Батболд ахин сонгогдох хүслээрээ дэнчин тавьж монголчуудыг дааж давшгүй өрөнд унагаад, одоо хувьцааг нь үнэгүйдүүлэх гэж байгаа бололтой. Эртхэн сая төгрөгөө олж авсан нь өлзийтэй болох нь шиг байна. Саяас ихийг олох юм бодоод бирж дээр хувьцаагаа зарах гэсэн чинь “Нэг  юанаар авбал авбаа” гээд нэг хужаа шилний цаана инээд алдаад сууж байхыг үгүйсгэх арга алга.


URL:

Сэтгэгдэл бичих