Н.Алтанхуягийн АТМ операци
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намаа бүхэлд нь худалдаж авахаар шийджээ. Гэхдээ өөрийнхөө мөнгөөр бус бусдын мөнгөөр. Тодруулбал, УИХ-д нэр дэвших хүсэлтэй санаархагч бүрийн халаасыг тэмтрэх замаар. Тэр аргагүй тооны хүн юм. Учир нь хэн ч түүний мөнгө босгох аргыг өнөөдрийг хүртэл Монголын улс төрд бодож олж, хийж хэрэгжүүлсэн нь үгүй.
Тэгвэл түүний Ардчилсан намыг худалдаж авах арга нь тун хялбар. УИХ-д нэр дэвших хүсэлтэй горилогч бүрээс 100 сая төгрөг цуглуулах. Энэ мөнгийг гэхдээ төв нам дээрээ бус тухайн аймаг, дүүргийн намын хороонд хандивлах учиртай. Гол нь энэ сарын 18-наас өмнө. Эс бол мөнөөх горилогчид шууд утгаараа УИХ-д нэр дэвших эрхгүй болно. Гэхдээ тухайн аймаг, дүүргийн намын хороо 100 сая төгрөгийн хандив өргөсөн горилогчийг УИХ-д нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзээд өрсөлдөгчид нь боломж олгосон тохиолдолд ялагдагч этгээд 50 саяыг нь буцааж авах эрхтэй үлдэнэ. Энэ бол гайхамшигт санаачилга. Зөвхөн өөрийнхөө нэрийг “УИХ-д нэр дэвшүүлж өгөөч” гэж аймаг, дүүргийн намын хорооноосоо гуйж, сунгаанд өрсөлдсөнийхөө төлөө намдаа 50 сая төгрөг “бэлэглэнэ” гээд бод доо. Хэрэв УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхээ олж авсан бол 100 сая төгрөгөө бүгдийг нь аймаг, дүүргийн намд үлдээх ёстой. Харин нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөөд ялсан горилогчдын хувьд 50 сая төгрөгөөрөө аймаг, дүүргийн Ардчилсан намыг санхүүжүүлэх буянт үйлсийн эзэн болох төдийхнөөр өөрийн улс төрийн оролцоог тодорхойлно гэсэн үг.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг энэ шинэ санаачилгаа УИХ-д нэр дэвших эрхийг урьдчилсан байдлаар аваад байгаа 98 хүндээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэхүү 98 хүний хувьд одоогийн байдлаар намдаа 50 сая төгрөг тушаачихаад байгаа. Н.Алтанхуяг дарга “УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь 50 сая төгрөгийн босго бүхий хандивыг гурав хувааж намдаа төл” хэмээн шаардсан учраас тэр. Энэ санаачилгыг уг намаас УИХ-д нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүд чадлаараа эсэргүүцсэн ч тусыг олоогүй. Олохгүйгээр барахгүй дээр нь нэмж 100 сая төгрөгийг аймаг, дүүргийн Ардчилсан намд өгөх “өр”-тэй хоцорч буй нь энэ.
Үүгээр ч зогсохгүй Н.Алтанхуяг дарга чамгүй олон бизнес эрхлэгчид зориулан “Нэг тэрбум төгрөгийн хандив” гэсэн шинэ дүрмийг мөн л зохиож амжсан. Ардын намд зарим нэгэн бизнесмэн сайн дураараа тэрбум төгрөг хандивласан нь түүний хор шарыг хөдөлгөсөн бололтой юм билээ. Тэдгээр бизнесмэний анхдагч нь “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт. Тэрбээр Сүхбаатар аймгийн ганц тойргийг ийм замаар худалдаж авсан. Н.Алтанхуяг ч найраанд нь орчихсон. Хүссэн мөнгийг нь өгсөн болохоор тэр шүү дээ.
Гол нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг даргын хувьд аймаг, дүүргийн намын хороог ингэж нэр дэвших эрх горилгчдын мөнгөөр угжсанаар намынхаа дотоод зөрчлийг ор мөргүй дарж чадна хэмээн итгэж буй бололтой юм билээ. Энд тэнд үүсээд байгаа маргаан мэтгэлцээнийг нам дарж, улмаар УИХ-ын сонгуулийн өмнө гал асахаас сэргийлнэ гэсэн үг. Энэ бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн АТМ операци. Гэхдээ намынх нь нөхөд түүний уг санаачилгыг эрс эсэргүүцэж байгаа. Товчхондоо түүний санаачилгыг шууд утгаар нь “Авлига, хээл хахууль” хэмээн үзэж буй. УИХ-д нэр дэвшихийн тулд Н.Алтанхуягийг 50 саяар хахуулдана. Дээр нь аймаг, дүүргийн Ардчилсан намыг 100 саяар авлигадах учиртай болохоор тэр. Иймд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн АТМ операци амжилт олох нь бүү хэл намынх нь дотоод зөрчлийг улам бүр түймэрдэхийг үгүйсгэх аргагүй л болов уу.
Д.ЦЭЛМЭГ
URL: