ОБЕГ-ын удирдлагад хариуцлага тооцохгүй бол аврагчид ар араасаа амиа алдсаар байх болно
ОБЕГ-ын хэсэг ажилчид мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
2007 оны зургаадугаар сарын 18. Энэ өдөр улс эх орны аюулгүй байдлын төлөө гамшиг тохиолдсон үед амь хайргүй тэмцэхээр өргөсөн тангарагтаа эцсээ хүртэл үнэнч явсан эрэлхэг хөвгүүдээ Монгол Улс алдсан юм. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ХХЕГ-ын 253 дугаар ангийн 8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч , нисэх багийн гурван гишүүн яваад эргэж ирээгүй. Ахин ийм харамсалтай аймшигт зүйл битгий болоосой гэж тухайн үед хүн бүхэн хүсч байсан ч энэ хүсэл биелсэнгүй. 2007 онд болсон аймшигт үйл явдал дахин давтагдлаа.
Дүрэлзэн асч буй гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван аврагч амь насаа алдаж хоёр аврагч гүн түлэгдэж амьдрал үхлийн зааг дээр байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг газар авахуулахгүйн тулд өргөсөн тангаргаа биелүүлэхээр мордсон залуус болох Дорнод аймгийн Онцгой байдлын дэслэгч, аврагч шүхэрчин, гал сөнөөгч 38 настай Ч.Намжилдаш, Онцгой байдлын ахлагч эрэн хайх аврах салбарын аврагч, 28 настай С.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах салбарын аврагч шүхэрчин, аврагч, 27 настай Ж.Одбаяр нар ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ сарын наймны өдөр амь эрсэдлээ.
Тэднийг голомтонд орж ажиллах үед салхины чиглэл тогтворгүй байсан, салхины эрч гал унтраах бага руу хүчтэй шуурснаар золгүй явдал болох шалтгаан болсон гэж үзэж болох хэдий ч онцгой байдлын албаны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж эдгээр 3 албан хаагчид алтан амиа алдлаа.
Учир нь:
1. Онцгой байдлын ерөнхий газрыг мэргэжлийн бус хүн удирддаг.
2. ОБЕГ-ын сургалтыг хариуцсан онцгой байдлыг хурандаа н. Ууганбаяр албан хаагчдынхаа мэргэжлийн сургалтыг зохих түвшинд хүргэж явуулдаггүй. Энэ хүн албан тушаалын амбициараа бүх дарга нарын үед албан тушаалдаа үлддэг бөгөөд энэ чадварыг нь аврагч, албан хаагч бид нар эзэмшсэн бол жил бүр аврагч анд нөхөдийнхөө амь насыг эрсдүүлэхгүй байх байж дээ.
ОБЕГ-ын удирдлага, зохион байгуулалтыг өөрчилж хариуцлага тооцохгүй бол энэ албаны албан хаагчид бид өргөсөн тангарагаа биелүүлэх гэж ар араасаа амиа алдсаар байх болно.
Мэргэжлийн алба гэсэн тодотголтой бид гамшгийн аюулын үед өөрсдийнхөө амийг хамгаалах чадвар, дадал эзэмшээгүй байж яаж бусдын амь нас, эд хөрөнгийг аврах болж байнаа. Хэрвээ мэргэжлийн удирдлагаар хангагдан, сургалт өндөр хэмжээнд явагдаж байсан бол дээр дурьдсан мөр зэрэгцэн үүргээ биелүүлж явсан мэргэжил нэгт 3 албан хаагчид маань амиа алдахгүй ч байсан байх.
Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж бусдын амь нас эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон ард түмэн, мэргэжил нэгт андууд чинь үргэлж бахархан дурсаж байх болно.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ХЭСЭГ НӨХӨД НЬ
URL: