Их өрийг тэглэхийн тулд 40 гаруй лицензийг 1 өдөр “Айвенхоу Майнз”-д шилжүүлснийг шалгаж эхэллээ
АТГ тултай ч, жарайхайнуудтай ч амжилттай тэмцэж эхэллээ. АТГ-ын барьсан хамгийн том “тул”-ыг Н.Энхбаяр гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэвч зарим хүмүүс жинхэнэ “тул” биш хэмээн хэлэх боллоо. Харин жинхэнэ “тул”-тай дүйж очих хүн бол АМГ-ын даргаар ажиллаж байсан, Хөвсгөл аймагт хүч үзэхээр зэхсэн Д.Батхуягийг гэж тодорхойлогчид олширлоо.
Яагаад Д.Батхуягийг хамгийн том “тул” гэж тодорхойлох болов оо? Тэрээр АМГ-ын даргаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ ашиглан 200 гаруй лицензийг олгосон гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн юм. Хамгийн гол нь АТГ-ынханд очсон мэдээлэлээр бол уг лицензүүдийг хууль бусаар олгосоноос гадна авлигал авсан байж болзошгүй аж. Тиймээс л АТГ-ынхан эрчимтэй ажиллаж байна. Д.Батхуяг дарга өөрөө хууль зөрчөөгүй, авлигал аваагүй гэж эхний мэдүүлэгтээ дурдсан аж. Гэвч Д.Батхуягийн лиценз олгосон 40 орчим компанийн удирдлагыг эхнээс нь шалгаж заримд нь эрүү үүсгэж эхэлжээ. Тэдний зарим нь авлигал өгсөн талаараа ам нээн “улайж” байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Хэрэв эдгээр компаниудын удирдлага авлигал өгснөө хүлээн зөвшөөрвөл маш том сүлжээ задран унахаас гадна, хамгийн том хээл хахуулын хэрэг болон мандаж мэдэхээр байна.
АТГ-ынхан эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг шалгаж байна. Тиймээс гадаад удирдлагуудыг нь ч гэсэн Монголоос явахыг нь хориглиод эхэлсэн мэдээлэл тарлаа. Тэр дундаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад илүү фокус тааруулжээ.
Өмнө нь АМГ-ын дарга Д.Батхуягийг цагдаагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл эртнээс тарж байсан ч саяхан бодит ажиллагаа болов. Яагаад түүнийг барихгүй Хөвсгөлөөр шоу хийлгээд байсан нь ч учиртай аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол өнгөрсөн хугацаанд түүнийг судалж, ажиглаж, холбоо харилцааг нь тогтоож байсан гэнэ.
Тэрээр бизнесийн салбараас төрийн албанд ажиллаад одоо улс төрийн албанд шилжих гээд бүтэлгүйтэх шатандаа орлоо. АМГ-ын дарга байхдаа огцом баяжсан гэж зарим хүмүүс тодорхойлдог. Тийм учраас л Ашигт малтмалын газрын дарга гэхээсээ илүү “Ашиг малтах газрын дарга” гэж хоржоонтойгоор томъёолсон биз.
Д.Батхуяг даргыг шалгах нэг үндэслэл нь долоон сарын хугацаанд 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн явдал юм. Гэвч Монголын ашигт малтмалын түүхэнд энэнээс илүү рекорд тогтоосон үйл явдал болж байжээ. Энэ нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад буюу 2003 оны 12 сарын 16-нд болжээ. Яг энэ өдөр Монголын ашигт малтмалын уул уурхайн 40 гаруй лицензийг “Айвенхоу Майнз”-д шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл нэг өдөр Монголын газар нутгийн багагүй хэсгийг хамрах эрдэнэсийг лиценз нэрээр харийнханд өгчээ. Энэ гунигт үйл явдалаас 15 хоногийн дараа Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн өөр нэгэн томоохон үйл явдал болсон. Тэр бол Н.Энхбаярын их өрийг тэглэсэн явдал юм. 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол даяараа бахархаж, зарим өвөө нар ийм сайхан зүйлийг үздэг байжээ гэж уйлж байсныг олон хүн санана даа. Гэвч их өрийг тэглэх шоуны цаана газар нутгийн багагүй хэсэгийг хамрах 40 гаруй лицензийг “Айвенхоу Майнз” компанид шилжүүлснийг олон нийт мэдээгүй өнгөрсөн юм. Их өрийг тэглэхэд Н.Энхбаяр “Айвенхоу Майнз” компаниас 50 сая ам долларыг зээлж аваад оронд нь дээрх 40 гаруй лицензийг өгсөн болж таарлаа. Асуудлын учиг ингэж бараг арван жилийн дараа тайлагдлаа. Энэхүү 40 гаруй лицензийн зөвхөн нэгийг нь л “Саусгоби сэндс”-т 900 сая ам доллараар үнэлж зарсан хэрэг одоо ид мандаж байна. Үүнийг монгол мөнгөөр шилжүүлж бодоход ямархуу хэмжээний мөнгө болохыг цөөхөн хүн барагцаалж чадна. Заримынх нь ой санаанд ч багтахгүй. Тэгэхээр их өрийг тэглэсэн шоу ямархуу өр төлбөртэйгээс гадна их өрөөсөө илүү их баялагаа тавиад туучихсан юм биш үү гэсэн хардлагыг төрүүлж байна. Ингэж Монгол хүн бүр хардах эрхтэй. Энэхүү хардлагын сэжүүр удахгүй тайлагдаж эхэлнэ.
Д.Маабаяр
URL: