Н.Энхбаяр 15 кг туржээ: Эмч нарын үзлэгийн дүгнэлтийг нийтэлж байна

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаяр хоригдож, өлсгөлөн зарласнаасаа хойш 15 кг туржээ. Экс ерөнхийлөгч хуурай өлсгөлөн зарлаад буюу хэлэн дээрээ дусал ус ч хүргэхгүй 8 хонож байгаа. Түүний биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх эмч нарын албан ёсны дүгнэлтээс нийтэлж байна.

Өлсгөлөн зарласнаас хойш ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012.05. 04-ний өдрийн 144 тоот тушаалаар төрөлжсөн мэргэжлийн эмч нар томилогдож, 2012.05.05-ны өдөр Төв аймаг дахь хорих ангид Н.Энхбаярт үзлэг хийж, Эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөс гарсан дүгнэлт:

1.Хуурай өлсгөлөнг үргэлжлүүлэх нь амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй,

2.Оношийг бүрэн тодруулж, эмнэлгийн бүрэн дүгнэлт гаргахын тулд зүрх, ходоод, уушиг, цэр, хэвлий, цээжинд хэт авиан болон зохих шинжилгээнүүдийг хийх,

3.Өвчтөний амин үзүүлэлтүүдийг 2 цаг тутамд үзэх,

4.Шинжилгээнүүдийг яаралтай хугацаа алдалгүй хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэн оношийг тодруулан шаардлагатай эмчилгээг эхлүүлэх…” гэжээ.

Уг дүгнэлтийг үндэслэн Н. Энхбаярыг 2012.05.05-ны өдөр ШШБЕГ-ын Цагдан хорих 461-р ангийн Нэгдсэн эмнэлэг рүү албадан шилжүүлсэн бөгөөд
2012.05.07-ны өдөр тус Цагдан хорих төвийн Эмч нарын зөвлөгөөнөөр дараах дүгнэлтийг гаргажээ.

1.Багажийн шинжилгээг цаг алдалгүй хийх, /cito хийх, гастроскопия, эхо, уушигнн эгц хажуугийн томо зураг, хэвлийн хөндий, цэрний шинжилгээ, КТГ /элэг, тархи уушиг/,

2.Нарийн мэргэжлийн зөвлөх эмчид үзүүлэх,

3.Үзлэг шинжилгээний өөрчлөлтөөс үзэхэд хоригдогчийн биед элэг, цөс өөрчлөлт гарч байгаа тул зохих нарийн мэргэжлийн оношлогоо эмчилгээг байнгын хяналтанд хийх шаардлагатай гэсэн байна.

Мөн 2012.05.07-ны өдрийн Эмч нарын хамтарсан үзлэгээр:

1.Шинжилгээнд: Н.Энхбаярын артерийн даралт хэвийн хэмжээнээс ихэссэн, пульс тогтвортой бус,

2.Биохимийн шинжилгээгээр элгэнд өөрчлөлт орж билирубин ихэссэн, ЛДГ 408 хүрч ихэссэн,

3.Шээсний шинжилгээгээр кетон- 50 мг хүрч хордлого илэрсэн, уробилиногеи, протеин + илэрсэн, / ноцтой өөрчлөлттэй/,

4.Цусны өтгөрөл үүсэж эхэлсэн зэрэг нь хэвийн хэмжээнд бус байгаагаас гадна шингэний дутагдалд орж биеийн жин хоногт 2 кг орчмоор хасагдсан байна.

Уг үзлэгийн онош: Удаан хугацааны өлсөлт, элэгний дээд /өмнөх/ холестаз /гипербилирубинемия, кетонурия/, шингэний дутагдал, гипогликемия гэжээ. Үүнээс гаргасан зөвлөмжид: “Өлсгөлөнг зогсоох, шингэнийг хоногт 2-2,5 литрээр сэлбэх, эмчилгээг удирдамжийн дагуу хийх, шинжилгээг өдөр бүр дэлгэрэнгүй авах, ходоод хамгаалах, уушигны артерийн тромбоэмбилоггоос сэргийлэх, дүрс оношлогоо хийх, Шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх” гэжээ.

Энд нийтлэгдсэн эмч нарын үзлэгийн хамгийн сүүлийн мэдээллээс хойш Н.Энхбаярын бие дахин дордож, Үхлийн комд бүрэн ороод байгаа аж. Үхлийн ком гэдгийг мэргэжлийн эмч нарын тайлбарлаж байгаагаар “Цус өтгөрч зурх судасны хэм бүрэн алдагдсан. Дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагаа саажсан. Шингэний дээд зэргийн дутагдалд орсон. Тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон” гэх зэрэг ноцтой хүндрэлүүдийг хэлдэг байна.

Д.Билгүүн


URL:

Сэтгэгдэл бичих