Талийгаачдын ар гэрийнхэнд 69-80 сая төгрөгийн тэтгэмж хүлээлгэн өглөө

Тус аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газарт энэ сарын 3-ны өдөр гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад амь насаа алдсан 3 албан хаагчийн ар гэрт Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар очлоо.

Талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эмгэнэлийн бичгийг Шадар сайд М.Энхболд албан ёсоор ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн байна. Мөн цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын албан хаагчдад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5 жилийн цалин тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллажээ. Түүний ар гэрт эхнэр, 3 хүүхэд нь үлдэж байгаа бөгөөд өндөр настай аав ээж, ах дүүс нь гашуудалт мэдээг дуулангуутаа Улаанбаатар хотоос Чойбалсан хотноо ирээд байсан юм байна. Ч.Намжилдашийн ар гэрт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 79,4 сая төгрөгийг хүлээлгэн өгчээ.

28 настай Ж.Одбаяр нь онцгой байдлын албанд найман жил ажилласан бөгөөд 2004-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байжээ. Талийгаачийнх Чойбалсан хотын орон сууцны 49-р байранд амьдардаг бөгөөд лизингээр байр аваад удаагүй залуу хосууд байсан. Одоо ар гэрт нь эхнэр Н.Нандинцэцэг нь 5 настай охин О.Жаргалмаагийн хамт үлдэж байгаа юм байна. Талийгаач 7 хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд өндөр настай аав ээж, ах дүүс нь УОК-ын даргад ар гэрийнх нь нөхцөл байдлыг танилцуулж, үлдэж байгаа эхнэр хүүхдийнх нь амьдрал ахуйг төр засаг анхаарч үзнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газраас өгч байгаа 80 сая 300 мянган төгрөгийг Шадар сайд хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэ долоон жил онцгой байдлын албанд ажилласан. Талийгаачийнх Чойбалсан хотын Цэнхэрийн байранд амьдардаг юм байна. Түүний ар гэрт нь үлдэж байгаа эхнэр 2 хүүхдэд нь Засгийн газраас 69,6 сая төгрөгийг өгч байна. Мөн онцгой байдлын салбарын албан хаагчид амь насны даатгалд хамрагддаг бөгөөд Миг даатгалын хамт олон дээрх 3 талийгаачийн ар гэр тус бүрт даатгалын 20,20 сая төгрөгийг энэ үеэр хүлээлгэн өгсөн юм.

Талийгаачдыг оршуулах ажлыг ирэх даваа гарагт Чойбалсан хотноо зохион байгуулахаар болжээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих