Дорнын талд иргэд нүцгэн гараараа галтай тэмцэж байна

Дорнод аймагт гарсан гал түймэр ноцтой хэмжээнд хүрээд байна. Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж  байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амиа алдаж, хоёр нь маш хүнд түлэгдсэн харамсалтай явдал болсон билээ. Энэ сарын 09-ний өдөр аймгийн Онцгой байдлын алба хаагчид Баян-Уул, Баяндун сумын нутагт асч байсан ой хээрийн түймрийг унтраан цурманд оруулаад буцсан байна. Харамсалтай нь өчигдөр өглөө буюу энэ сарын 10-ны өдрийн өглөө түймэр цурамнаасаа алдагдаж Баяндун, Дашбалбар сумыг хамран ассан байна.

Дорнод аймагт асч буй түймрийн голомт болох Баяндун сумын нутаг дэвсгэр Ухаагчны зүүн хойд тал гэдэг газарт очсон бөгөөд тэнд ажиллаж байгаа иргэдэд цэвэр ус, идэх хүнс өгчээ. Хэдийгээр сум орон нутгаас хоол ундыг боломжоороо зөөгөөд хаанаа ч хүрэхгүй байгаа талаар иргэд хэлж байна.

Тус сумын Засаг дарга Б.Баатарцогтын  хэлснээр түймрийн хүрээ   Баяндун сумын нэгдүгээр  багийн нутаг дэвсгэрийг бүрэн дамнаад баруун зах нь Баян-Уул сум,  зүүн зах нь Дашбалбар суманд хүрчээ.  Оросын хил дагуу  бүрэн шатаж,түймэр  зүүн талаараа  хойд хил даваад явчихлаа гэж Баян-Уулын отярадаас мэдээлжээ.

Нутгийн айл өрхүүд ой хээрийн түймэр асч байгаа газраас 10-аад км-ийн зайд байгаа гэнэ. Аль болох түймрийг тархаахгүйн тулд нутгийн иргэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч хоёр метрийн өндөртэй асаж байгаа түймрийг хүний хүчээр унтраана гэдэг хүнд байгаа аж. Гэсэн ч ард иргэдээ хамгаалахын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.

Хэдхэн хоногийн өмнө түймэр унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван албан хаагч амиа алдсаны дараа ард иргэдийн идэвх болоод сэтгэл санааны байдал хүнд болсон гэж тус аймгийн Засаг дарга ярьж байна. Тиймээс хүмүүсээ улалзсан гал руу улаан гараараа ор гэж хэлж зүрхлэхгүй хүнд байгаагаа ч тэрбээр нуусангүй. Тиймээс  салхи арай намдаж, галын эрч буурсан, үдэш оройн цагаар л  хүмүүсээ гал руу оруулж байгаа гэнэ. Нутгийн иргэдийн хэлснээр энэ газар олон жилийн хур өвстэй, хүн амьтан нутагладаггүй газар учраас маш өндөр ургасан өвстэй дээр нь салхи ихтэй байгаа нь түймэр улам дэлгэрэхэд нөлөөлжээ.

Ой хээрийн түймэр энэ сарын  4-ний өдөр гарснаас эхлээд өнөөдрийг хүртэл найман өдөр тасралтгүй ажилласан иргэд ч байгаа гэнэ. Аль болох хүмүүсээ амраахыг эрмэлзэж байгаа ч тийм боломж гарахгүйгээс хүмүүсээ түймэрт дахиад алдчих вий гэсэн айдастай байгаагаа нутгийнхан хэлж байна.

Түймрийг унтраахаар сумаас 173 хүн, байгууллага, аж ахуй нэгжээс ч олон хүн оролцож байгаа ч нарийн тоо гаргах боломжгүй байгаа аж. Түймэр унтрааж байгаа иргэд ганц үлээгч аппараттай, резинэн цохиураас өөр багаж хэрэгсэлгүй бараг нүцгэн гараараа шахуу галтай тэмцэж байна.

Э.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих