Таван толгойн хувьцаа ямар үнэтэй байх вэ?

Төрийн өмчийн хорооны дарга Д. Сугар Таван толгойг арав гаруй тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Мэдээж энэ нь хамгийн багаар тооцсон үнэ байж таарна. Учир нь Таван толгойн ордын 6.5 тэрбум тонн нүүрсний 1,5 тэрбум нь коксжсон нүүрс. Үлдсэн таван тэрбум нь чулуун нүүрс. Коксжсон нүүрсний нийт үнэ 225 тэрбум ам.доллар Харин чулуун нүүрсний нийт үнэ дунджаар 500 тэрбум ам.доллар. Нийтдээ 725 тэрбум ам.долларын нүүрс нь Таван толгойн үнэ цэнэ. Үүнээс олборлолтын, тээврийн, борлуулалтын гэх мэт нүсэр зардлууд хасагдана. Мэдээж тэр нь 30 хувиас хэтрэхгүй. Тиймээс бид 400-гаад тэрбум ам.долларын борлуулалтын тухай ярьж болно. Өнөөдөр Таван толгойн хөрөнгө оруулалтыг сонирхож дэлхийн тэргүүний 16 банк Монгол Улсад ирчихээд байна.

“JP Morgan”, “Credit Suisse”, “Goldman Sachs” , “Morgan Stanley” , “Deutsche bank” , “Bagslays Capital” , “CITI” , “UBS” , “Standart Chartered bank” , “Bnak of China international” , “Jeffries” , “ING” , “Bank of America Merrill Lynch” , “HSBC” , “Macquarie” , “BHP Paribas” зэрэг банкууд нь арван тэрбум ногооны хойноос ирэхгүй. Энэ нь манай Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ордоо хямдхан бас болгоомжтой үнэлснийг баталж байна. Таван толгойн үнэ цэнэ хэзээ тогтох вэ гэсэн асуулт гарна. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар хоёр жилийн дотор тогтох магадлалтай. Анхдагч хувьцааны гаргах үнэ бол зөвхөн мэдээлэл төдий үнэ юм. Эхний жилийн ашиг орлого, менежмент нь хувьцааны хоёрдогч зах зээлд гарах үнийг тогтооно. Гэхдээ Таван толгойн хувьцаа бол рекламдах шаардлагагүй үнэ хүрэх хувьцаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамгийн ойрын жишээ бол “Энержи ресурс”-ын “Ухаа худаг”-ийн нүүрсний орд дээр гаргасан хувьцаа юм. Энэ орд Таван толгойн дөрвөн хувьтай тэнцэнэ. Таван толгойн ордын нүүрсний нийт ордыг 100 хувь гэж үзвэл нэг хувь нь 65 сая тонн нүүрс болно Тэгэхээр “Ухаа худаг”-ийн дөрвөн хувьд 260 сая тонн нүүрс ногдоно “Энержи ресурс” компани өөрийн мэдлийн ордын 20 хувьд нь хувьцаа гаргасан гэдэг Нөгөө 260 сая тонн нүүрсний 20 хувь нь 13 сая тонн болно. 13 сая тонн коксжсон нүүрсний үнэ хоёр тэрбум шахам ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс” компани 13 сая тонн нүүрснээс нүд ирмэхийн зуур 700 сая ам.доллар босгожээ. Таван толгойн нэг хувиас 700 сая ам.доллар босгосон гэсэн үг юм. Энэ жишгээр тооцвол бүтэн Таван толгойгоос өлхөн 70 тэрбум ногоон босох боломжтой. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын үзэж буйгаар хөрөнгө оруулагч банк хувьцааны үнийг тогтоох гэнэ. Яагаад бид өөрсдөө тогтоож болохгүй гэж. Гадныхан өөрсдөдөө ашигтай байх үнийг тогтоохыг оролдоно. Мэдээж анхны үнэ хувьцааны бодит ханшийг тогтоохгүй боловч дэлхийд тэргүүлэгч 16 банкны сонирхож байгаа хувьцаа хямд байх учиргүй. Өнөөдөр нэг хувьцаа нь мянган ам.доллар хол давсан олон компани бий. Хэдийгээр эхний ээлжинд Таван толгойн хувьцааны үнэ арван мянга биш боловч нэг мянган ам.доллараас доош байх учиргүй. Эхний ээлжинд IPO хийх нь хөрөнгө оруулалт, цаашдын үйл ажиллагааны зардлыг олох учраас өндөр байх нь ашигтай. Гэхдээ энэ нь хувьцааны ашиг арван мянгаас их байна гэсэн үг биш юм. Учир нь компани нэгж хувьцаанд ногдох ашгийг хувьцааны үнээр биш компанийн ашгаас нийт хувьцаанд ногдох ашгийг нь хуваарилна. Өөрөөр хэлбэл арван мянган ногооны үнэтэй нэг хувьцаанд нэг доллар ч ногдож болно. Мянган ногоон ногдож болно. Тиймээс Таван толгойн нэг хувьцааны үнэ зуун ногооноос хямд үнэлэгдэхгүй л болов уу.

X БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих