Дахиад л У.Черчиллийн заасан замаар урагшлах уу
-Намууд бэлэн мөнгөний амлалтаа “сүүдэрлэх” гэж толгойгоо гашилгаж байна-
Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн улстөрчдийн нэг, Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль нэгэнтээ “Улстөрч байх амархан” гэж ам алдсан гэдэг. Английг дэлхийн дайнаас харьцангуй бага хохиролтойгоор авч гарч, дэлхийн тавцанд эзлэх байр суурийг нь хадгалан бэхжүүлж чадсан түүнийг хүндэлдэг хүн олон байдаг ч мань хүн дээр хэлсэн үгээрээ ирээдүй рүү буудчихсанаа тухайн үедээ мэдээгүй л болов уу. “Улстөрч хүн ердөө л сайхан амладаг байх хэрэгтэй. Тэгээд л болоо. Ард түмний хүсч байгаа зүйлийг амла, тэгээд сонгогдоно. Гагцхүү дараачийн сонгууль болоход амлалтаа яагаад биелүүлж чадаагүй вэ гэдгээ маш үндэслэлтэйгээр тайлбарлаж чаддаг байх ёстой” гэсэн мань хүний сургаалийг хожим олон ч улстөрч “гол зарчим” болгож ажилласан биз. Монгол оронд, бидний “нам, улстөрчид” гэж нэрлээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл ч бас өнгөрсөн таван сонгуульд энэ сургаалийг баримталсаар ирсэн. “Шилжилтийн үеийг цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана”, “Төрөө хямралаас гаргана, түмнээ ядуурлаас аварна” гээд л. Эцсийн эцэст ард түмэн ядуурлаас гарсан уу, гэвэл үгүй. Ядарсан ард түмэн эцсийн эцэст улстөрчдийн элдэв бусын тайлбартай л үлддэг ёс тогтчихож.
Монголд байхгүй хоёр зүйл юу вэ
Сонгуульд ялалт байгуулах хамгийн гол түлхүүр бол нийт сонгогчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, санал болгох явдал байдаг. Тийм ч учраас аливаа сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчин иргэдэд аль болох байхгүй юмыг нь амладаг бичигдээгүй хуультай.
“Хүн байхгүй юмаа л хүсдэг” гэж нэг үг бий. “Өнгө, мөнгө, ухаан гурвын алийг нь авах вэ” гэсэн бодлогын зөв хариулт нь. Бодлого нь хошин ч гэсэн хариулт нь үнэн юм шүү. Хүмүүс энэ асуултад ихэвчлэн “ухааныг авна” гэж хариулах мөртөө зөв хариултыг сонссоныхоо дараа “тэгвэл би мөнгийг нь авна” гэж үнэнээ хэлдэг. Харин сонгууль болохоор ухаантай харагдах гэж маяглалгүй шууд л үнэхээр байхгүй, хүсч байгаа зүйлээ сонгодог юм. Энэ бол монгол хүний хувьд мөнгө болоод шударга ёс бөлгөө. Монголд өмнө нь олон сонгууль болж байсан. Гэхдээ мөнгө, эс бөгөөс шударга ёс амалсан нь ялалт байгуулж байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, урьд өмнө болж өнгөрсөн бүх сонгуулиуд монголчуудад мөнгө, Монгол Улсад шударга ёс байхгүй юм байна гэсэн гашуун үнэнийг мэдрүүлсээр өндөрлөдөг байлаа.
Одоо ч байхгүй хэвээрээ
Эрх баригч намууд ирэх сонгуульд иргэдэд санал болгох мөрийн хөтөлбөрөө хараахан зарлаагүй ч МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайдын тавьсан илтгэл, Үндэсний аудитын газраас АН-д ирүүлсэн зөвлөмж зэргээс ерөнхий дүр зураг нь гараад ирлээ. Намуудын олонх нь урьдын адил сонгогчдын зорилтот хэсэгт тааруулсан мөрийн хөтөлбөр боловсруулж, бэлэн мөнгөний амлалтаар сонгогчдыг урхидахаар шийдсэн байна. Монголын ард түмний ихэнх нь ядуу. Тэдэнд мөнгө хэрэгтэй. МАН үүнийг тун соргогоор мэдэрч дундаж цалинг 1.3 сая /1.5 сая гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз/ төгрөгт хүргэнэ гэсэн заалтыг мөрийн хөтөлбөрийнхөө гол “нюанс” болгосон байна. Харин Ардчилсан нам төрийн албыг нийтийн алба болгох, төвлөрлийг багасгаж, орон нутагт төвлөрөл үүсгэх эдийн засгийн хөшүүрэг, эрх зүйн орчныг бий болгох, шүүх цагдаа эрүүгийн хуулийг шинэчлэх гэсэн зорилтыг гарган тавьсан байна. Өнөөдөр гэр бүлийнхээ хүнийг юм уу, хамаатныхаа хүнийг ажилд авдаг аминч дарга нар төрийн албаар дүүрэн байна. Шүүхийн шударга бус шийдвэрээс болж амьдралаараа хохирсон, золиослогдсон хүмүүс ч зөндөө. Тэгэхээр Ардчилсан нам шударга ёсыг барьж авсан байж таарлаа. Нэгэнт хоёр нам энэ хоёрыг мөрийн хөтөлбөрийнхөө гол болгосон учир Монголд мөнгө, шударга ёс байхгүй, байсан ч маш бага буюу мөрийн хөтөлбөрөө өөрчлөх хэмжээнд хүрээгүй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд монголчуудын амьдрал огт сайжирсангүй. 1.5 сая төгрөг авсан ч ядуу хэвээр үлджээ. Үйлдвэржилт ч үгүй, Тавантолгой ч үгүй, бий нь баахан тайлбар л байна. Улстөрчид У.Черчиллийн заасан замаар урагшилж, ард түмэн молиго үмхсээр л.
Хангалуун амьдрал, шударга ёс үнэхээр байхгүй гэж үү
Энэ удаагийн сонгуульд намуудын боловсруулсан мөрийн хөтөлбөрийг судалгаа сайтай, өмнөх хөтөлбөрүүдээс хамгийн шударга, сайн нь болсон гэж үзэх үндэстэй. Учир нь Ардчилсан нам “Монгол хүн 2020”, МАН “Ард түмнээ сонсъё” аяныг жилийн турш өрнүүлж, Монгол орныг хөндлөн гулд тойрсон. Сонгогчдод юу хэрэгтэй байна вэ гэдгийг хангалттай мэдсэн байх учиртай. Ингэж их судалж байж гаргасан мөрийн хөтөлбөрт нь мөнгө, шударга ёсны амлалт голлож байгаагаас үзвэл Монголд хангалуун амьдрал, шударга ёс үнэхээр л байхгүй бололтой.
Намууд бэлэн мөнгөний амлалтаа “сүүдэрлэх” гэж толгойгоо гашилгаж байна
Уг нь бол бэлэн мөнгөний амлалт өгөхгүй гэсэн хуулийг хоёр намын бүлэг зөвшилцөөд баталж чадсан. Энэ бол том дэвшилт, магтууштай үйлдэл байсан. Гэвч мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа тийм байж чадсангүй. Дүгнэлт гаргуулж баталгаажуулахаар Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн 11 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийн зургаагаас бусад нь Сонгуулийн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарчээ. МАН “Цалин мөнгөний амлалтыг голлох нь зүйтэй юм байна” гэсэн шийдэлд хүртлээ хоёр ч мөрийн хөтөлбөр боловсруулах гэж оролдсон байдаг. Эхлээд “Хөгжлийн мод” гэгчийг сэдсэн ч газар аваагүй учир тэгсхийгээд зогссон. Дараа нь Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг сүр дуулиантайгаар баталсан ч Ардчилсан нам дээрх төлөвлөсөн ажлыг нь дөрвөн жилд хийх хөтөлбөр гаргасан тул больсон. Эцэст нь сурсан аргаа хэрэглэж, мөнгийг голлохоор шийдсэн нь тодорхой. “21 мянга”-д дугаарлах ядуус, жилээс жилд нэмэгдсээр байгаа төрийн албан хаагчдын саналыг авахын тулд ингэсэн нь тодорхой. Ингэснээрээ МАН 250 000 төрийн албан хаагч, хүн амын 36 хувь гэгддэг ядуусын саналыг татах мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Харин энэ амлалтыг нь Үндэсний Аудитын газраас “Сонгуулийн болоод төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хасах санал хүргүүлээд байна. Тиймээс МАН тэргүүтэй таван нам гол амлалтуудаа яаж ийж “сүүдэрлэж” байгаад авч үлдэхээр толгойгоо гашилгаж байна. Зүй нь намуудад мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулах хугацаа олголгүй шууд хасдаг болох хэрэгтэй юм. Тэгвэл “зүсээ хувиргаж”, “сүүдэрлүүлсэн” амлалтууд гарахгүй байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байсан байх. Манайхан муу юм дуурайхдаа, хуулахдаа сайн гэдэг ч үнэн юм аа. Хууль нь хүртэл дандаа хуулбар, улстөрчид нь хүртэл хуулагч.
Х.Батсайхан
URL: