С.Ганбаатар: ХАН-УУЛЫГ БИ ӨӨРӨӨ СОНГООГҮЙ, МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР ГАРСАН

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатарыг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.

-Олигархиудын эсрэг тэм­цэж байна гэж та хэлдэг. Ма­гадгүй хүмүүс таныг тэгж хэл­дэг байх. Харин ирэх сон­гуульд та нэр дэвшиж, оли­гархиуд дунд орох гэж байна. Яагаад ийм сонголт хийв?
-Түймэр гараад бүр өндөр бол­соны дараа унтраах гэж дөр­вөн жил зүтгэлээ. Энэ нь бу­руу шийдвэрийн түймэр. Оли­гар­хиудын түймрийг дарах гэж намайг хайрладаг, хүндэлдэг олон олон идэвхтэн сонгуультан үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ахмад буурлууд гадаа даарч хөрч, жагсаал цуглаан хийж, ордныг бүслэж, заримдаа цохиулж, цохиж явсан. Маш хэ­цүү байдаг. Ажил хаялт хий­нэ. Өлсгөлөн зарлана. Май­хан бариад талбай дээр суу­даг бай­сан. Энэ бүхнийг би зог­с­оох­гүй. Гэхдээ түймэр га­ра­­хаас өмнө утаа суунаглаж бай­хад нь унтаамаар байна. Өөрөөр хэлбэл, буруу шийд­вэр гарсаны дараа буруу шийд­вэрийг арилгах гэж маш их хүч зарцуулж, тэмцдэг. Гэх­дээ одоо буруу шийдвэр гара­хаас нь өмнө саналаа хэлж, шийд­вэрт нь оролцож, тэгээд бо­лох­гүй бол би тэмцэл хийдэг бай­маар байна. Ер нь Монгол ул­саас өөр хаана ч 160 мянган ги­шүүнтэй хоёр намаар 76 ги­шүүнээ бүрдүүлж, бүх шийд­вэрээ гаргуулдаг, 450 мянган ги­шүүнтэй Үйлдвэрчний эв­лэл нь ямар ч шийдвэрт орол­цох эрхгүй байдаггүй. Би­дэнд хууль санаачилах эрх байх­гүй. Энэ буруу. 76 гишүүн до­тор жирийн ажилчин, хөдөлмөр­чин, ахмад хүмүүсийн төлөө­лөл хэн байна чи хэл дээ. Хэн ч ал­га. Тэнд архины үйлдвэрийн эз­дийн төлөөлөл, уул уурхайн эз­дийн төлөөлөл, банкны мөн­гө хүүлэгч, хуульч, адаад ха­рилцааны төлөөлөл бүгд бай­на. Харин жирийн иргэдийн тө­­лөөлөл байгаа гэдгийг би мэ­­­дэхгүй. Яг энэ нөхцөлд би улс төрд орж байна. Гэхдээ МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ган­баа­тар гэдэг хүн ороогүй. Үйлд­вэрч­ний эвлэлийг УИХ-д тө­лөөлөлтэй, нөлөөлөлтэй, ста­­­тустай байлгах гэж би орж бай­­­на. Урьдны Үйлдвэрчний эв­­­лэ­лийн Ерөнхийлөгч нар энэ байгууллагын нэр хүндийг ашиг­­­лаж хэн нэгэнд, аль нэг намд квот суудал өгөх гэж ор­дог байсан.
-МҮЭХ-ны Ерөнхийлөгч гэ­­дэг албан тушаалаа хүлээл­гэж өгөх үү?
-Энэ албан тушаалдаа хэвээ­рээ байна. Үйлдвэрчинтэй гэ­рээ хийж байгаа. Ийм, ийм та­ван хууль батлуулна. Бас өөр хэдэн хуулийг батлуулах гэж оролдоно. Таван алхмыг хэ­рэг­­жүүлнэ. Үлдсэн хэсгийг нь хэ­рэгжүүлэх гэж оролдоно, мэ­рий­­нэ гэдгээ хэлсэн. Би санал өгөх ч эрхгүй болно. Хэрвээ са­нал өгөхөөр бол заавал Үйлд­вэрчний эвлэлээс очиж асуу­на гэсэн гэрээ хийж байна. Та­тах эрх ч тэдэнд байгаа. Би гэрээг өөрөө санаачилж хий­сэн. Үндсэн хуулиар ол­гогд­сон сонгох, сонгогдох эр­хийнхээ дагуу би өөрөө ший­д­эж болох байсан. Гэхдээ би хүсээгүй. Үйлдвэрчний эв­лэл гэсэн том айл, цаашлаад ах­мад буурлууд, ажилгүй хүмүү­сийн хүндэтгэлээр хаана ч дэвш­сэн гарахаар болчихлоо. Би дангаараа шийдчихвэл би арчаагүй, муу хүн болно биз дээ. Та нар шийд. Би гэх­дээ Үйлдвэрчний ажлаа өгөх­гүй. Миний оронд дараа нь дарга болох санаатай хүн бай­гаа бол “бит­гий дэмийр” гэд­гийг яг одоо хэлчихье. Би Үйлдвэрч­ний эвлэлд хэвээрээ байна.  Ги­шүүд­дээ хэрэгтэй байгаа сууд­лыг нь авчирч өгөе.
-Хаана ч нэр дэвшсэн га­рах юм бол яагаад заавал Хан-Уул дүүргийг сонгосон юм бэ. Уг нь та бие дааж нэр дэвшинэ гэсэн. Харин сүү­лийн өдрүүдэд ИЗНН-аас нэр дэвшинэ гэж яригдах бол­лоо?
-Хаана ч нэр дэвшсэн гарна гэж би биш хүмүүс хэлж бай­на. Би бие даана. МҮЭХ-ны дээд гурван удирдлага ямар нэг намын харъяалалгүй байх ёс­той гэж дүрмэндээ оруулсан. Дүрмэндээ үнэнч байна. Хан-Уулыг би өөрөө сонгоогүй. Манай байгууллагын шийдвэр гарсан. Шийдвэрээ эцэслэнэ гээд да­хиад хуралдаж байна. Ма­най байгууллагын дотоод зо­хион байгуулалт, салбарын хол­­­боо аймаг дүүрэг бол­­­гон өөртөө авах гэж оролдоно. Өөрс­­­­дийнх нь тө­лөө­лөл ирээ­сэй гэж бо­­дох нь мэ­дээж. Мар­гаан­тай бай­гаа. Хан-Уул гэж ший­дэх гээд байгаа нь энэ дүүрэг хуу­чин Ажилчны район байсан юм. Бид тэнд үйлдвэр аж­лын байр бий бол­го­моор байна. Ажил­гүй­дэл ихтэй дүү­рэгт Хан-Уул ор­дог. Би асуудлыг ший­дэх гэж орж бай­на. Оронгуутаа казино­гийн хууль батлахгүй.
-Тэгвэл та улс төрд ороод хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Хамгийн эхлээд хийх ажил бол улсын төсвийг нийт ард түмэнд ил тод болгоно. Таван жил асуу­гаад бараагүй сумын сур­гуулийн дээврийн зардалд хэдийг зарцуулдаг, тэрнээс нь хэдийг нь цавчдаг вэ гэдэг хардлагыг ил болгоно. Өөр олон зүйл төлөвлөсөн. Толгойд орсныгоо л хэлж бай­на.
-Бие дааж нэр дэвшсэн бол­гон сайхан амлалт өг­дөг. Гэхдээ улс төрд ороод хүчгүйдлээ, би ганцаардаж байна гээд олигархиудтайгаа нийлээд дуугүй болчихдог. Та тэдний нэг юм биш биз дээ?
-Ганцаараа ороод юу ч хийж чадахгүй гэж хүмүүс хэлдэг. Бүлгээрээ, бөөнөөрөө ороод тэд юу хийсэн юм. Чи энэ асуултад хариулж чадах уу. Тэд бүлгээрээ ороод юу ч хийгээгүй. Гурван сонгуулиар нефьтийн үйлдвэр барина гэж тууз хайчилсан. Тонн тонноор нь цай оруулж ирээд газарт булж шав тавьсан. Шав тавьдаг  ажил хийлээ шүү дээ. Урьд нь бие дааж, ганцаараа орсон хүмүүс юм хийгээгүй нь үнэн. Чи тэднээс нэг өдөр Оюутолгойг эсэргүүцэж өлсгө­лөн зарласан хүнийг хай­гаад олохгүй. Гадаа даарч, хөрч жагсаал хийсэн хүн байгаа болов уу. Хүмүүсийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар зарга хийж, өөрөө жагсаал удирдсан хүнийг чи олоод өг. Ядахдаа нэг хүн. Ажлаас үндэслэлгүй халагдсан нэг хүнийг өмгөөлж, хамгаалж, буцааж ажилд нь оруулсан хүн байна уу. Байхгүй л дээ. Би ажилд ороод 2700 хүнийг гардаж хамгаалаад ажилд нь буцааж оруулсан. Манай бай­гууллагын тоо гэвэл том тоо гарна. Би сард нэгээс, хоёр удаа том тэмцэл хийдэг. Долоо хоног болон Монголын ард түмний анхаарлыг хандуулсан асуудлаар хэвлэлийн хурал хийдэг. Жилдээ гурваас, дөрвөн удаа том жагсаал хийдэг. Гэхдээ энэ бүхэн үр дүнтэй байдаг. Ийм бие даагчийг чи олон харсан уу. Намайг ордонд орлоо гээд гадаа жагсах эр­хийг минь хаахгүй. Харин ч мэдээлэлтэй мэдлэгтэй байна. Ерөнхий сайдыг дуудаж өмнөө суулгаж байгаад ярьдаг эрхийг авах гээд байна. Би уулзах гэж сар хөөцөлддөг. Уулзсаны дараа биелүүлэх гэж дахиад сар хөөцөлддөг. Энэ болгонд С.Ганбаатар хохирохгүй. Ард түмэн хохирдог юм. Надад урьд нь УИХ-ын гишүүн болох боломж байсан. Гэхдээ гишүүн надад ямар ч хамаагүй.  Би хүмүүсийн дуу хоолойг төрд хүргэж, тэдний төлөөлөл бол­моор байна. Үйлдвэрчин надад урам зориг өгсөн.
-Үйлдвэрчний эвлэлийн нэрээр улс төр хийж байна гэдэг. Биднийг ашиглаж байгаа гэсэн хардалт одоо хүртэл байгаа. Үнэн үү?
-2008 онд би сонгуульд үзэхгүй гэдгээ гарын үсэг зурж батламж гаргаж байсан. Яагаад гэвэл 2007 онд би МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Үйлдвэрчнийг ашиглаж Их хуралд гарах гэж байгаа юм гэж яриад л байсан. 2008 онд надад боломж байсан байх. Би оролцоогүй. Юм хийх нь чухал болохоос биш улаан хивсэн дээгүүр явах тийм сонин зүйл юм уу. Хүн эрх чөлөөндөө хайртай байх ёстой. Бүлэглэл гэж ярьдаг л юм. Юу хийчихсэн юм тэд. Бүлэглэж хувааж идсэн биз. Би бүлэглэлд орохгүй, дуу хоолойгоо гаргана. Тэмцэнэ. Тэмцсэн тэмцэл болгон ялах албагүй ч тэмцэхгүй бол өөрөө аль хэдийнэ ялагдчихсан байдаг юм. Хүмүүсийн төлөө ажиллахад минь хүч чадал, боломж өг гэж байгаа хэрэг.
-Ард түмний зарим хэсэг, ма­гадгүй бүлэг хүмүүс та­ныг МАН-ын гар хөл гэж шүүм­жил­сэн. Жагсаал, цуглаан хийх болгонд С.Ганбаатарын ээлжит шоу гэж маш олон удаа бичсэн, бас хэлүүлсэн. Гэсэн ч та хариулт өгөөгүй. Одоо хариулт өгвөл яасан юм бэ. Улс төрд орсон ч энэ нэрнээсээ салахгүй явах уу?
-МАН-ын гар хөл гэдэг үгийг өнгөрсөн дөрвөн жилд би харууллаа. МАН-ын байранд анх хэн нэвтэрч байсан бэ. Монголын Засгийг газрыг маргааш шүүхэд өгнө гээд явж байна. Энэ чинь МАН-ын Засгийн газар мөн биз дээ. 17 тэрбум төгрөг гэдэг чинь МАН-ын хийсэн ажил мөн үү. Бензиний 17 тэрбум төгрөгийг буцаагаад ард түмэнд нь өг гэж яваад байна. МАН-ын гар хөл нь өнөөдөр МАН-ынхаа эсрэг мэдэгдэл хийгээд явна гэх юм. Ямар сайн МАН-ын хүн бэ энэ чинь. Ямар логикоор МАН-ын гэж ойлгоод байгаа юм. МАН-ын Засгийн газрын үед би цалин тэтгэвэр нэм гэж баахан тэмцэл хийсэн. Бас ордныг бүсэллээ. Одоо дараагийн Засгийн газар нь АН гарна. Тэгэхэд би бас тэмцэх хэрэг гарна. Тэр үед МАН-ын явуулгаар явж байгаа юм гэж баахан ярих байх даа. Би МАН-ынхаа эсрэг тэмцээд байгаагаараа МАН-д хайртай болж таарч байна уу. Логикоор бодооч. Тэдний явуулсан мессежийг анализ хийхгүй залгиад байгаа нь юу гэсэн үг вэ. Бид оюун ухааны доройтолд орчихсон юм уу. Үгүй биз дээ. Т.Ганди сайд чинь МАН-ын хүн үү эсвэл АН-ынх юм уу. Нохой гахай дээрээ тултлаа зодолдох юм. Би тэгээд АН уу, МАН уу. Би гар хөл нь юм бол Т.Ганди сайд АН-ын хүн юм байна. Ерөнхий сайд С.Батболд бас АН-ын хүн болж таарлаа шүү дээ. Би С.Батболдыг шүүхэд өгөх гээд бэлдчихсэн явж байна. 17 тэрбум төгрөгөөр идсэн уусан М.Энхболд, С.Батболд хоёр өөр нам биш биз дээ. Би АН, МАН аль нь ч биш. Надад нэг л нам бий. Ард түмэн гэдэг нам. Бас Үйлдвэрчний эвлэл гэдэг нам байдаг. Би нэг ч удаа хариулт өгч байгаагүй нь үнэн. Ийм “дурак” юмыг хүнд тайлбарлана гэдэг чинь тайлбарлуулж байгаа хүнийг нь би доромжилж байна гэсэн үг биз дээ. Энэ асуудалд дахиж хариулт өгмөөргүй байна. Дараагийн Засгийн газар нь АН гарчихвал намайг ажлаа хийхээр МАН-ын гар хөл, бууны нохой гэж хэлэх байх гэхээс санаа зовох юм. Хэлэг л дээ. Хэлүүлэхгүй байхын төлөө би чимээгүй байх ёстой юм уу. Тэгвэл ард түмэн хожих гээд байгаа бол “давай” би чимээгүй байж болно.
-Дөнгөж саяхан Үйлдвэрч­ний эвлэлээс улс төрийн на­муудтай мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах асуудлаар гэрээ байгуулсан. Харин ирэх сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрт цалинг 1.3 сая төгрөгт хүргэх амлалт явж байна. Энэ амлалт бодитой байж чадах болов уу?
-намуудын эсрэг ажилладаг нь үнэн. Гэхдээ ямар мөрийн хөтөлбөр гаргах, дэвшүүлэх вэ гэдэг нь тэдний 100 хувийн эрхийн асуудал. Надад оролцох эрх байхгүй. Гэхдээ МҮЭХ-ноос та бүхэн үүнийг тусгавал ард түмэн дэмжих гээд байна гэдэг саналаа өгнө. Нийгмийн захиалга гэж авсан манай саналыг мөрийн хөтөлбөртэй тусгаагүй бол манай гишүүд шийдвэрээ гаргана. Хэрэггүй юм оруулчихсан байна гэдгийг гишүүд мэдэж байгаа. Намын дүрмийнх нь хүрээнд аудит нь шалгаад болох, болохгүй гэдгийг хэлэх байх.
-Дотроос нь орж тэмцэх гэж байгаа юм чинь, цалинг 1.3 сая төгрөг болгох асуудлаар тэмцэнэ биз дээ?
-1.3 сая төгрөг болго гэж мэдээж тэмцэнэ. Надад харин ажил өгч байна. Би баярлаж байна. Тэртэй тэргүй энэ нь хэрэгжихгүй. Худлаа ярьдаг. Энэ МАН-ын хүний үг мөн үү/инээв/. Яасан ч зовиуртай юм. Тэд хэрэгжүүлэхгүй. Хэрэгжүүлэхийн тулд би “хүзүүг нь хуга мушгих”-аас өөр аргагүй байдалд орно. Цалин нэмнэ гэсэн иймэрхүү юм ярихаасаа илүү үйлдвэрлэл, ажлын байр орон сууц гэдэг зүйлийг хүчтэй ярих хэрэгтэй байна даа.
-Эрх баригч намын Монгол улсын хөгжил гэж нэрлэдэг Оюутолгой, Тавантолгойг та шүүмжилдэг. Уул уурхай мон­голын хөгжил биш юм бол таны бодлоор Монгол Улсын хөгжлийн гарц юу юм бэ?
-Боловсролтой, мэдлэгтэй ажилчин хүмүүс монголын хөгжил. Монголын залуучуудыг мэдлэгтэй болго. Гадаадаас орж ирдэг хөрөнгө оруулагчдыг шахаж, монгол хүмүүст хөрөнгө оруулалт хийхийг шаард. Энэ нь Засгийн газрын үүрэг. Тэрнээс биш ажил хийлгэх гэсэн чинь архи уучихлаа, ажил тасалчихлаа гээд Хятад хүмүүс оруулж ирээд байгаа бол Монголын Засгийн газар ажлаа хийхгүй байна гэсэн үг. Ажлаа хийж чадахгүй байгаа залуучуудын буруу биш. Тэр хүнд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай жирийн монгол хүмүүс монголыг аварна. Тэрний төлөө Оюутолгой, Тавантолгойгоос орж ирдэг баялгийг ашиглаж болно. Оюутолгой, Тавантолгойн гэрээ гэвэл маш их юм ярина. Энэ чинь миний амьдралын гурван жилийг зориулсан зүйл. Дараа нь С.Баяр гэж сайхан сэтгэлтэй хүн 1.5 сая төгрөг өгөх гэж байхад муу сайн иргэний хөдөлгөөнийхөн дуугүй байгаарай гэж хэлж байгаад гарын үсэг зурсан. Ард түмэн мөнгө авах гээд дуугүй болсон. Одоо мөнгөө авч чадахгүй байна. Ард түмэн хууртагдсан. Ийм л арчаагүй байдалтай байна. Энэ орныг сайхан болгох ёстой.
-Засгийн газрыг шүүхэд өгч байгаа материал хэр жинтэй юм бэ. Та ялна гэдэгтэй итгэлтэй байна уу?
-Маргааш бид хэвлэлийн хурал зарлана. Та тэнд очоорой. Засгийн газар чинь зүгээр байна гэсэн шүүхийн шийдвэр гарвал би шүүхээс давж шүүх болж чадахгүй. Шүүхэд өгөх нь миний ажил. Үндэслэлээ би гаргана. Шүүх ашиг сонирхлын зөрчилтэй, сайн муу ямар ч шийдвэр гаргасан би шүүхээс зөрөх эрхгүй.
-Та Үйлдвэрчний эвлэлд дөрвөн жил болохдоо улсын хөгжилд юу хийж бүтээсэн бэ?
-Монголын нийгэмд бий болж байгаа баялгийг шударгаар хуваарилахгүй байгаа учраас эдийн засаг нь өсөөд, ядуу хүмүүс нь ихсээд байгаа нь баян хүмүүс хурдацтай баяжиж байна гэсэн үг. Нийгмийн баялгийг буцааж хүмүүст хуваарилахад манай хамт олон том тэмцэл хийж үр дүн гаргасан. Нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн. Одоо цаашаа ажлын байр, үйлдвэрлэл гэдэг зүйл рүү ханцуй шамалж орох гэж УИХ-ын гишүүн болно гэж хүсэлт тавьж байгаа юм. Манай хамт олны тэмцлийг та бүхэн мэднэ. МҮЭХ гэж гайхалтай, хүчтэй, авьяастай чадвартай баг байдаг юм бэ гэдгийг гялалзуулж, өөрсдийнх нь нөөц бололцоогоор хангасан нь миний ажил. Өнгөрсөн ху­гацаанд хийсэн ажил гэвэл Монголчууд олигархиудын барь­­цаанд орчихсон, Монгол Улс нэг л биш боллоо гэж хэлж байсан хэцүү цаг үед ямар ч нам, бүлэглэл байхгүйгээр зөв сэтгэлтэй байхад олон олон тэмцэл хийж болдог юм байна гэдгийг харуулж чадсан. Би улс төр нийгмийн зүтгэлтэн байхын тулд хэрхэн чин сэтгэлээсээ хандах ёстой вэ гэдэг үлгэр дуурайллыг залуу үедээ харуулах гэж хичээж байгаа. Одоо улс төрд орж ирэх хүмүүс дандаа мөнгө ярьсан, нэг улс төрчийн халаасанд орох гэж гүйлдэж байна. Энэ улс төр биш шүү, миний дүү нар. Би зөв юм хийж байгаа.
-С.Ганбаатар жагсаал хий­хэд байдаг байсан. Харин ирэх жилүүдэд хэрвээ эрхэм гишүүн болчихвол Төрийн ордноос гарч ирээд өлсгөлөн зарлаад, жагсаад явах болов уу?
-Шийдвэр гарч байх явцад хэлнэ, шаардана. Хурлын танхим дотор суулт, зогсолтоо хийнэ. Тэгээд болохгүй бол ард түмэн дундаа орж ирээд өнөөдрийн хийж байгаа тэмцлээ улам хүчтэй хийнэ. Улсын цолтой болчихвол ард түмэн надад улам их итгэл үзүүлнэ. Харин улс төрчдөд аюул болно.
-Боловсролтой залуус Монгол улсын хөгжил гэж ярилаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна гэдэг. Та санал нэгдэх үү?
-Маш утгагүй боловсролын систем манай улсад байдаг. Урьд нь УИХ-ын гишүүн байсан хэдэн дарга нарын хувийн их дээд сургууль хүмүүсийн хүсэл мөрөөдлөөр тоглож, хуурч луйвар хийж байгаа процесс. Дипломтой ТҮЦ-ний худалдагч гэдэг чинь энэ юм шүү дээ. Эрүүл мэндийн асуудлаар С.Ламбаа сайдтайгаа ямар удаан мэтгэлцсэн бэ гэдгийг та нар мэдэж байгаа. Эмнэлэгт очоод үзүүлэхийн тулд ангийнхаа найз, хамаатан садан, ах дүүгээ хайгаад гүйчихдэг. Энэ тэнэг байдлыг зогсоох гэж хуурамч стор гэдэг асуудлыг гаргаж тавьлаа. Хэд, хэдэн эмнэлгийн дарга нарыг ажлаас нь халуулсан. Маш их тэмцсэн.
-Олны анхааралд байгаа хоёр асуудлаар байр суурийг тань сонсмоор байна. Нэгдүгээрт долдугаар сарын 1-ний хэрэг?
-Цагдаагийн хурандаа нарыг барьж аваад шүүгээд, үнэн мөнөөр нь таслан шийтгэх ёстой. Хүний эрхийг хамгаалдаг хүний үг ийм байж болохгүй гэж хэлж магадгүй. Жирийн цагдааг та нар яагаад ч буруутгаж болохгүй. Харин шийдвэр гаргасан цагдаагийн даргыг буруутга. Даргад тушаал өгсөн улстөрчдийг илрүүл. Юундаа нялцганаад байгаа юм. Жирийн монгол залуу хилсээр хэрэг хүлээж, яаж доромжлуулдаг гэж бодож байна. Тэр дарга нар чинь бүгдээрээ жирийн монгол залууг тэр шорон луугаа явуулж байсан. Тэдэнд хүн хайрлах сэтгэл байсан уу. Буруу, зөв гэж хэлэхгүй. Зүгээр шүүхэд нь битгий саад бол, та нар.
-Хоёрдугаарт, МАХН-ын даргын Н.Энхбаярын барив­чилгаа байна?
-Би энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй. МҮЭХ намчирхсан улс төрөөс дандаа ангид байдаг. Энэ бол намчирхсан улс төр буруу замаар будаа тээсэн байна вэ гэдгийг харуулсан. Хууль, шүүхийг хүндэтгэ. Хууль, шүүхийг үл хүндэтгэх юм бол манай улсад “анархизм” үүснэ. Анархизм гэдэг үг чинь буруу юм биш. Төр засаг дуугүй бай. Би өөрөө сайхан сэтгэлээрээ бие биенээ хайрлаад явна гэсэн үг. Би шүүхийг дээдэлнэ. Шүүхэд гүтгүүлж, дээрэлхүүлж явсан үе зөндөө. Шүүгч нар авлига аваад жирийн даатгуулагчдын эрх ашгийг хөндөхгүй байдаг. Шүүх ямар балиар, заваан байдаг вэ гэдгийг би дөрвөн жилийн турш зарга хийхдээ мэдэрлээ. Гэхдээ л шүүхийг хүндэтгэх ёстой юм. Энэ нь төрт ёс. Цагдаа нар гэр барьлаа гэж шилбийг минь хага өшиглөж байхад ч цагдааг хүндэтгэж байсан. Тэд үүргээ л биелүүлж байгаа хүмүүс. Харин төрийн төлөө биш, иргэний төлөө зүтгэж байх ёстой.
-Шинэ сонгуулийн хууль шүүмжлэл, магтаал аль алийг нь хүртэж байна. Одоо санал луйвардах асуудлыг их ярих боллоо?
-Саналын луйвар их ярьж байна. Ер нь сонгуульд орж байгаагүй. Анх удаа сонгуульд орох гэж байна. Луйвар нь хаагуур байдаг, яаж хийдэг юм гэдгийг мэдэхгүй. Энэ сон­гуулийн хууль яагаад бу­руу болсныг сонирхохгүй бай­на. Энэ миний сонирхдог сэ­дэв биш. Сонирхдог сэдэв, нийг­мийн амьдрал, цалин тэтгэвэр, бензиний төлөө санаа зовж сууна. Болдог юм нь болдгоороо болог.
-Саналаа луйвардуулчих­вал ингэж хэлээд сууж байх уу?
-Ард түмэн өөрсдөө шийднэ биз. Саналыг луйвардчих вий гэж санаа зовлоо гээд би юу ч хийж чадахгүй. Эзэн Чингис хааны нэг үг байдаг. Том тулалдаанд Чингис хаан ялсан байгаа юм. Учир нь тэдний цэргүүд аянганаас айгаагүй. Нөгөөдүүл нь харин айгаад зугтаачихсан гэдэг. Дараа нь Жамух чи яагаад аянганаас айдаггүй юм бэ гэж асуухад Чингис хаан “Аянганаас зугтах, нуугдах газар байдаггүй юм” гэж хэлсэн байдаг. Алдартай үг. Тэнд хэрвээ луйвар байгаа бол би яах вэ дээ. С.Ганбаатар сонгуулиар луйвардуулчихлаа гээд хэзээ ч жагсахгүй гэдгээ хэлчихье. Би дарга ёстой болох байсан гэж жагсахгүй. Би хүний хийсэн тэмцэл рүү ордоггүй. Би эхлүүлсэн тэмцлээ дуусгадаг. Хэзээ ч хувь хүнийг ярихгүй. Шийдвэр ярина. Шийдвэрээ засаач гэж хэлэхээс биш, Доржоо чи зайлаад өг гэж хэлэхгүй. АН, МАН, ИЗНН надаас илүү сонгуулийн хуулиа хянах биз. Бүгдээрээ нэг талд орчихгүй байх гэж бодож байна.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих