Н.Энхбаярыг сулла
Н.Энхбаярыг амьдад нь сулла. Үхсэнийх нь дараа үгээ олж ядан магтах хэрэггүй. Хэрэв эмч нарын хэлж байгаачлан тэрбээр элэг, зүрх, тархины дутагдалд ороод байгаа нь үнэн бол тэсэхгүй ч байж мэднэ. Энэ тохиолдолд юун авлигачдаас нийгмийг цэвэрлэсэн гэх нэр хүндтэй манатай болно шүү, улстөрчид өө.
Тэр ямар олон хүнийг алан хядсан Осама Бин Ладен биш. Төв талбайгаа цусаар угаасан Дэн Сяо Пин, хоморголон яргалагч И.Сталин нарын дэргэд Н.Энхбаярын идэж уусан хэдэн тэрбум төгрөг юусан билээ. Мэдээж түүнд буруу байж болно. Гэтэл өнөөдөр Богд уулыг гороолон амьдарч буй “Шинэ Монгол”-чуудыг бүгдийг хуулийн дагуу хөлжсөн гэдгийг нь хэн батлах юм бэ. Тэднийг шалгах хүсэл зоригтой “эх оронч” байна уу. Үнэндээ тэд Н.Энхбаярыг хууль бус хувьчлалаар авсан гэх хэдэн балгасны хэргээр амь тавих шахаж буйг хараад “Иймхэн зүйлийг цэвэрхэн зохицуулчихаж чадсангүй юу” гээд шүдээ чигчилж шүлсээ хаялан исгэчиж сууна.
Төрийн тэргүүн асны тавилан гэж өөр өөр байдаг аж. Анхны ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” компаниа удирдан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүнээр ажиллан амар жимэр амьдарч буй. Удаахь Ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг”-ээ тэрлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж улс төр, бизнесийн салбарт нөлөөтэй хэвээрээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон В.Путин найздаа, мөн Унгар, Францын шинэ Ерөнхийлөгч нарт баяр хүргэж захидал бичсэн шигээ сууна. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт үхэх, сэхэхийн ирмэгт насан туршдаа зүтгэж ирсэн эх орон, ард түмнийхээ эсрэг чухам ямар нүгэл үйлдчихсэнээ дэнслэн бодож хэвтэнэ.
Н.Энхбаяр хууль мэдэхгүйдээ шүүхийн шийдвэрээс зөрөөд, өлсгөлөн зарлаж “эрхлээд” байгаа юм биш. “Авлигачдаас нийгмийг цэвэрлэх” нэрийдлээр хуулийн байгууллагыг ашиглан өс хонзонгоо гүйцэлдүүлэн хариугаа авч буйг нь хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ эсэргүүцлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгоод байгаа билээ. Түүнд амь наснаас нь өөр дэнчин тавьчихаар баялаг даанч байсангүй.
Өчигдрөөс түүнийг батлан даалтад гаргах тухай сураг гарч эхэллээ. Н.Энхбаяр үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хийсэн гэмтэн л батлан даалтад гарч болдог. Тэгэхээр батлан даалтад гарвал Н.Энхбаяр гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин суллавал өөр хэрэг. Монгол Ардын Нам 1937 онд монголчуудыг монголчуудаар нь хөнөөлгөсөн Коминтернийхний заавраар хийсэн алдаа завхралын өмнөөс, бөөнөөр нь хоморголон баривчилж олон монгол хүний цусыг урсгасан харгислалынхаа төлөө өнгөрсөн жил ард түмнээс уучлал гуйсан. Гэтэл УИХ-ын сонгууль ойртсон энэ өдрүүдэд алдаагаа давтан Н.Энхбаяр тэргүүтнийг хэлмэгдүүлж байна.
Н.Энхбаяр “Авлигын хана хэрмийг би л нурааж чадна” хэмээн бичсэн нь тэдэнд таалагдсангүй. Тиймээс энэ удаа Н.Энхбаярыг өөрийг нь авлигач болгож, арчаагүй дүр зургийг нь олон түмэнд үзүүлэн “боловсон маягаар” цээрлүүлэх арга хэлбэрийг сонгожээ. Н.Энхбаярын дөрөвхөн хоногийн өмнө арай ядан дамжлуулж гарч ирсэн Төв аймгийн хориход өнөөдөр АМГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг гэдэг залууг баривчлан хорьжээ. Бараг нэг жил гаруй Д.Батхуягийг шалгасан. Д.Батхуяг нь хэвлэлийнхэнд “Би буруугүй” гэдэг байв. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар бол ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар тэр хоёр нэгийгээ үзэлцдэг байж. Үүнийг нь ч Ч.Хүрэлбаатарын хэвлэлд өгсөн ярилцлага нотолдог. Эцэст нь Д.Батхуяг буруутан болж хоригджээ. Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхийн албан тушаал ч түүнд хэрэг болсонгүй.
Хорин нэгдүгээр зуунд “Монгол Улс Төрийн тэргүүн аснаа улс төрийн хоригдол болгов” гэх мэдээ дэлхий дахинд цацагдах нь сайхан биш байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн жилийн ангуучлал хэлмэгдүүлэлт Н.Энхбаяраар дуусаасай. Н.Энхбаяр хүний аминд хүрээгүй л бол, хэдэн халтар төгрөгийн асуудлаас болж дэлхийд танигдсан ганц улстөрчөө шоронд үхүүлээд яах вэ, тийм биз дээ. Намайг дэмжиж байгаа хүн байвал мэйл бичээрэй.
Миний хаяг orgio_101@yahoo.com
URL: