О.Цэрэнчунт: Бид нацист үйл ажиллагаа явуулдаггүй

Даяар Mонгол хөдөлгөөн ТББ болсонтой холбогдуулан тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Цэрэнчунтаас хэдэн зүйлийг тодрууллаа.
-Хөдөлгөөн байгуулаад есөн жил боллоо. Энэ хугацаанд юу хийж бүтээв?
-Бидэнд хандаж асуудлаа шийдүүлсэн хүмүүс олон бий. Жишээ нь гурван жилийн өмнө Солонгос компанитай хамтран таван хүүхдийг эмчлүүлсэн. Мөн нэг залуу хятадын барилгын компанид ажиллаж байгаад гараа тайруулсан байсан. Энэ талаар бидэнд ар гэрийнхнээс нь  хандаж асуудлаа шийдүүлсэн.
-Танай хөдөлгөөний талаар олон сөрөг мэдээлэл гардаг?
-Бид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй. Манайхныг зэрлэг танхай балмад этгээдүүд Солонгос, Хятад хоолны газруудад орж хоолныхоо мөнгийг өгөлгүй зодоон зохион хийдэг гэсэн элдэв мэдээлэл байдаг. Энэ нь бидний нэрийг ашиглаж бусармаг зүйл хийсэн хэсэг залуусын буруутай үйл ажиллагаа. Одоо манай хөдөлгөөнийхөн үүнээс сэргийлж өөрсдийн гэсэн үнэмлэх тамга тэмдэгтэй болсон.
-Монголд буруутай үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компани болон хувь хүнтэй тэмцэнэ гэсэн. Ямар замаар тэмцэх вэ?
-Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай маш олон компани болон хууль бусаар оршин суугаа иргэд байдаг. Тэднийг Монгол улсын хууль дүрмийн дагуу Монгол хүний эрх ашиг, сонирхлыг зөрчихгүй байхыг шаардана.
-Үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчилсөн гэж хэлж болох уу?
-Манай хөдөлгөөн энэ жилээс ТББ болж байгаа. Үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулж сэтгүүлчидтэй хамтран ажиллахаас гадна үндэсний хөрөнгө оруулалттай компани болон корпорацитай хамтран ажиллана.
-Танайхныг нацист үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжилж байсан удаа бий энэ талаар?
-Манай хөдөлгөөн бусад гадны улс орнууд шиг нацист болон фашист үйл ажиллагаа явуулдаггүй. Тийм хөдөлгөөнүүд бусад үндэстнийг өөрсдөөсөө доогуур тавьж хүнлэг бус хэрцгий аргаар ханддаг. Бид Монгол улсынхаа хууль журмыг дээдэлж үйл ажиллагаагаа явуулна.
-Хууль зөрчсөн байгууллагуудтай хэрхэн тэмцэх вэ?
-Монгол улсын хууль журманд заасны дагуу ажиллаж амьдарч байгаа эсэхэд нь хөндлөнгөөс хяналт тавьж хууль зөрчсөн тохиолдолд албан бичиг хүргүүлж засрахгүй бол дараагийн арга хэмжээг авна.
-Ойдоо зориулж ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?
-Есөн жилийн ойгоо угтаад урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн хөдөлгөөний зүгээс эх хэл соёлоо дээдлэн хүндэтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бие биенээ дээдлэн, ашиг сонирхлыг нь хүндэтгэе, байгаль орчноо хамгаалъя зэрэг уриалга гарган ажиллаж байна. Р.Эрдэнэбат


URL:

Сэтгэгдэл бичих