СЕХ-ны гишүүдийг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зардлыг батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэсгийн хороо болон санал авах байрыг камержуулахад зориулж, 100 сая төгрөг нэмж төсөвлөх хэрэгтэй гэсэн З.Энхболд гишүүний саналыг дэмжив. Ингээд нийт дөрөв орчим тэрбум төгрөгийг Нийслэлийн ИТХ-ын сонгуульд зарцуулах гэнэ. Энэ өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг энэхүү хуульд оруулж байгаа юм байна. Үүнийг гишүүд дэмжээд явууллаа.
Мөн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин нар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Тэд УИХ-аас бүлгүүдийн авдаг завсарлагыг хугацаатай болгох саналтай байгаа. Завсарлагын хугацааг ажлын долоо хоногоос хэтрүүлэхгүй байхаар заажээ. Хэрэв тухайн бүлэг асуудлыг хэлэлцэх болоогүй гэж үзвэл завсарлагаа нэг удаа сунгах боломжтой юм байна. Харин уг хуулийг хэлэлцэх эсэхээ шийдэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдав. Гэтэл МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Р.Раш, Д.Лүндээжанцан нар энэ асуудлыг бүлгээр яриагүй байж шууд байнгын хороогоор оруулж ирлээ гэсэн зарга үүсгэсэн юм.
Тэгэхэд нь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Тэгж яривал энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжсэн гэдэг бичгийг Ө.Энхтүвшин дарга надад албан ёсоор өгсөн. Худлаа гэвэл үзүүлье. Тэгэхээр одоо хуулиа хэлэлцэх эсэхээ шийдье” гэлээ. Гэвч МАН-ынхан завсарлага авна хэмээн гүрийсээр байв. Бүлгийн дэд дарга нь “Бүлгийн даргаа эзгүй хойгуур асуудлыг шийдвэл би дараа нь асуудалд орно” гэсээр байлаа. Энэ үед хууль санаачлагч Н.Батбаяр гишүүний тэвчээр барагдав бололтой. “Ө.Энхтүвшин даргын өгсөн бичгийг аваад ирье” хэмээн байн байн гарч гүйлээ. МАН-ын гишүүдэд ч нэлээд ухуулга хийгээд яваа харагдав. Ингээд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн Ч.Сайханбилэг даргад ирүүлсэн бичгийг уншиж танилцуулсны дараа санал хурааж хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа Н.Батбаяр гишүүн МАН-ын гишүүдтэй гар бариад гарч одов.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
URL: