МАН-ын амлалт биелээгүй учир ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдлээ
Улс төрийн хүчнүүд сонгууль болгоноор амлалт өгдөг. Тэрхүү амлалт биелдэг бол Монгол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ барууны орныг гүйцэн түрүүлэх байв. Харамсалтай нь сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн хүчнүүд ард түмэнд өгсөн амлалтаа хэзээ ч биелүүлж байсангүй. Сонгуулийн маргааш өгсөн амлалтаа таг мартдаг байдал олон жил үргэлжилж байгаа билээ.
Тийм учраас “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэх төрийн бус байгууллага байгуулагдсан болов уу. Тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга тэргүүтэй төлөвлөгчид хэвлэлийнхэнд хандлаа. 2008 оны сонгуулиар улс төрийн намууд хэрхэн амлалт өгч байсныг эргэн сануулсан юм. Тэр тусмаа эрх барьж буй МАН-ын амлалт анхаарал татаж байгаа билээ.
Тухайн үед МАН-ын удирдлагууд “Манай мөрийн хөтөлбөр зуун хувь биелэгдэх магадлалтай. Эдийн засгийн тооцоо үндэслэлийг эрдэмтэн мэргэд хийсэн” гэж мэдэгдсэн. Тэр дундаа иргэн бүрт “Эх орны хишиг-1,5 сая төгрөг” тараана гэж амласан байдаг юм. “Эх орны хишиг-1,5 сая төгрөг”-ийг жил бүр олгоно гэж билээ. Тус намын амлалт биелсэн бол иргэн бүр дөрвөн сая төгрөгтэй болох байсан аж.
“Биелэгдэшгүй даалгавар” гэдэг шиг бүтэмж муутай амлалт нэг сая болоод зогсохгүй өндөр настан, тахир дутуу иргэдэд олгохоор болсон аж. Төрөөс амласан сая төгрөгийг бэлнээр авахын тулд тахир дутуу байх шаардлага тавигдаж байх юм. Үүнээс гадна шинээр төрсөн хүүхэд бүхэнд зуун мянган төгрөг олгоно. Гурав дахь хүүхдээ төрүүлсэн ээжид гурван зуун мянган төгрөг, нэгдүгээр одонтой ээжид нэг сая төгрөг өгнө гэжээ.
Үүнээс гадна зарим нэр дэвшигчид иргэдийн саналыг луйвардахын тулд гурван өрөө байр, хоёр сая төгрөгийн цалин амлаж байсан юм. Төмөр зам, метро, ган хайлуулах, нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт шиг хэд хэдэн хотыг барьж босгохоор амлаж байсан юм. “Сэрэхгүй бол сайхан зүүд ээ” гэдэг шиг цалин тэтгэврийг ч өсгөхөө амлаж байлаа. Гэвч энэ амлалтууд нь эдийн засгийн тооцоо, судалгаагүй учраас биелэгдсэнгүй. Мөн парламентад цөөнх болсон ч Засгийн газарт орсон АН ч гэсэн дутахгүй амлалтууд өгч байсан аж.
“Амлалт нэхэх ард түмний холбооны мэдэгдэж буйгаар “МАН-ын удирдлага ард түмэнд өгсөн амлалтаа зуун хувь биелүүлсэн” хэмээн мэлзэх болжээ. Тус холбооны зүгээс худал хэлж УИХ-д ялалт байгуулсан МАН-ыг ёс суртахууны болоод улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэж мэдэгдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр улс төрийн хүчнүүдэд амлалтаа биелүүлэхийг шахаж шаардах, хянах бололцоогүй явж ирсэн. Харин “Амлалт нэхэх ард түмний холбоо” байгуулагдсан нь нааштай үр дүн авчирч байгаа гэнэ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL: