М.Энхсайхан: Хүний үгээр “Фашист” засагтай болж гээд манаргаад яахав
Ерөнхий сайд асан, Үндэсний шинэ намын анхны дарга М.Энхсайхантай ярилцлаа.
-УИХ-ын сонгууль дөхлөө. Ерөнхийдөө Оюутолгойгоос өөр сэдэвгүй байсан Монголын улс төр идэвхжиж байна. Зарим нам задарч байхад, нөгөө нь нэгдэх гээд үзэж байх жишээтэй. Харин ҮШН-ынхан юу хийж байна вэ?
-Улс төр гэхээр сонин хэвлэл, радио, телевизээр ярьж байгаа хэрүүл уруул, шуугиан гэж ойлгомооргүй байна. Ил тод байдал асар их дутаж байсан 1990-ээд онд улс төрийн хамаг нандин нарийн зүйлээ мэдээллийн хэрэгслээр цацдаг байлаа.
Одоо байдал өөр болжээ. Намууд хоорондын болон нам доторхи улс төрийн үйл явц битүүхэн явагдаж, хааяа нэг мөсөн уулын орой харагдах төдий байдаг болж. Үүнийг би ерөнхийдөө манай улс төр хэрсүүжиж, зөв тийшээ явж байна гэж үзээд байгаа юм.
ҮШН монгол хүн бүрийн зүрхний үзлийг нээж таних талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажиллалаа. Хэд хэдэн бүтээл номууд гарлаа. Харийнхны угаасан тархиар биш, монгол хүний зүрхний үзлээр ертөнцийн болон дотоод амьдралаа тольдож сурах ухаанд манай намынхан шамдлаа. Би хувьдаа намынхандаа нэн талархалтай байгаа. Одоо харин дотогшоо биш гадагшаа хандаж,ажиллах цаг ирж байх шиг. Сонгуульд амжилт гаргах, эс гаргах нь жич асуудал. Харин сонгууль бол ард түмний анхааралд өөрийн бодлоо хүргэх шилдэг цаг хугацаа гэдэгтэй улстөрчид санал нэгдэх байх аа.
-Сонгуулийн өмнөх жил гэдэг улс төрийн намууд ид ажиллаж эхэлдэг алтан үе л дээ. Гэтэл УИХ-д цөөнгүй суудалтай байсан, хамтарсан Засгийн газрыг байгуулалцаж байсан ҮШН нам гүм байгаа учраас ингэж асуусан юм шүү?
-ҮШН анх таван жилийн өмнөөс үндэсний үзэл гэж ярьж эхэлсэн. Тэр үед түүний учрыг ойлгох хүмүүс тун бага байлаа. Одоо харин бараг л хүн бүр ярих гээд байдаг болж. Үндсэрхэг, эх оронч үзлүүдтэй хольж хутган байж ярьдаг болж байгаа нь тун сайн шүү. Их гүрнүүд монголчууд биднийг үндэсний үзэл хэмээн ярьж чадахгүй болтол олон зуун жил дарамталсан юм. Одоо л сэрэх гээд байх шиг. Монголчууд сэрцгээ хэмээх хонхны дууг цохиход манай намын үүрэг роль их байлаа. Бид засаг барьж үзсэн, зовлон бэрхшээлийг нь мэднэ. Тиймээс өдөр тутмын, ойр зуурын маргаанаас хол байсныг маань зарим хүн нам гүм байлаа гэж ойлгоод байна л даа.
-Ялангуяа М.Энхсайхан гэдэг хувь хүн нэг их гарч ирэхгүй байгааг гайхаж байгаа хүмүүс бий байх. Яагаад гэхээр таны улс төрчийн нас зарим хүний хэлдэгчлэн тэтгэвэртээ гарах яагаа ч үгүй байгаа шүү дээ?
-Монголчууд бүгдээрээ улстөрчид. Саналын хуудас бариад сонгуулийн санал хураалтад оролцож яваа л бол тэр хүн улстөрч гэж би ойлгодог ш дээ. Сонгуульд оролцох бодол бол алга. Гэвч би саналаа өгөх учир улс төрч хэвээр байгаа.
-Уучлаарай, гэтэл таныг хувь улстөрч гэдгээс илүү Н.Энхбаяр даргын фон маягаар хүмүүс харж байна. Улс төрчийн фигурын хувьд тийм том байсан та улс төрийн хаалгыг ийм эрт хааж байна гэж үү?
-Би хэлж, ярьж, бичиж байгаа зүйлдээ өөрөө л эзэн. Хэн нэгнээр өөрийгөө үнэлүүлэх шаардлагагүй гэж үздэг. Хүмүүст хэрэгтэй санаа хэлэх юмсан, хүний цагийг дэмий юманд үрж нүгэл хийхгүй юмсан гэсэн бодолтой.
-Гэхдээ та Засгийн газрыг тэргүүлж үзсэн,бас эвслийн Засгийн газарт ч ажиллаж үзсэн хүн. Одоогийн Засгийн газрын “бөөгнөрөл” ямар санагддаг вэ?
-Яах вэ. Тэдэнд өөр замбайхгүй. Ойлгож хандаж болно оо. МАН, АН-ын засаглал УИХ дахь 62-ын буюу “бүдүүн” бүлгээс эхлэлтэйгээр дуншсаар байгаад биежсэн юм. Зүй тогтолтой ч гээд хэлчихвэл улс төрийн ухаан талаасаа буруу биш. Айн Рэйнд иймэрхүү үзэгдлийг “Фашизм” гээд нэрлэсэн байдаг. Бид хүний үгээр фашист засагтай болж гээд манаргаад яахав. Гол нь тэд юу хийж чадах вэ гэдэг л сонин юм.
-Тэгвэл ямар ч сонголтгүйгээр, хувь заяагаа дагаад нэгдэж байгаа С.Батболдын засгийн газар хэр ажиллаж байгаа юм бол…?
-Амлалтаа биелүүлэх гээд баялгаа хүн арддаа хувьцаалаад ч болов өгөх гээд алдаж онож байгааг би хувьдаа сайшаагаад байгаа шүү. Даан ч хүмүүс түүнийг нь “голж чамлах” нь ойлгомжтой юм шиг.
Ерөнхий сайд С.Батболд надтай адил социализмын үед харц ардынхаа хоолны мөнгийг хугаслан байж боловсрол олж авсан учир ард түмэнд өрөө төлөх гээд хичээгээд байгаа харагддаг. Ардчилал хэмээгээд байгаа өнөөгийн тогтолцоонд энэ Засгийн газар өөрөөр илүү ажиллах бололцоо байхгүй. Харин тогтолцоогоо боловсронгуй болгох талаар бодоод зориглон хөдөлбөл Монголд илүү тустай болно гэж бодож байна.
-Тогтголцоогоо боловсронгуй болгох оо. Илүү тодруулж болох уу?
-Үнэндээ монголчууд бид Черчиллийн хэлсэн хүмүүн төрөлхтний туршаад үзсэн төрийн хамгийн адгийн муу тогтолцоог сонгочихсон юм билээ. Тэр нь улс орноо эзэнгүйдүүлж, хэрхэн бид харь гүрний бодлогын хэрэгсэл болж байгаа байдлаасаа гарах тухай юм.
-Тогтолцооны хувьд ийм байдаг байж. Тэгвэл С.Баярын стандарт бус загвараар байгуулагдсан гэгддэг энэ Засгийн газрын тухайд… МАН-ын зарим гишүүн сонгуулийн өмнө намууд байр байрандаа очих тухай ярьдаг болж.
-Стандартын бус гэдэг нь хууль бус гэсэн ойлголттой бараг ижил шүү дээ. Нөхцөл байдалд хамгийн сайн зохицол олох гэсэн эрмзлзэл хэмээн ойлгоё.
-Гэтэл нөгөө тал нь Засгийн газарт АН хамтрах эсэхийг Х.Баттулга сайд л мэднэ гэх юм. Өөрөөр хэлбэл, АН гэдэг Х.Баттулга болсон. Бүх бодлого түүний тааллаар явна гэсэн санаа юм уу даа. Энэ намынхантай олон жил хамт явсан хүний хувьд та нэгийг хэлэх байх?
-АН дотроос арай үндэс угсаа гэдгээ тод ярьдаг нь Х.Баттулга сайд бололтой шиг. Хувиа биш үндэстнээ бодож тоглох л хэрэгтэй дээ.
-Саяхан БНН-ын дарга Б.Жаргалсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа М.Энхсайхан, Н.Энхбаяр бид гурав нэгдэж яагаад болохгүй гэж гэсэн байна лээ. Энэ хувилбар байж болох уу?
-Би тийм юм үзээгүй, хараагүй, сонсоогүй. Үйл хэрэг, зорилго чиглэлээ нэгтгээгүй хүмүүс бөөгнөрөх тухай яриа надад сонин биш байна.
-Харин зөрүүлээд хэвлэлээр янз бүрийн нийтлэл гарч эхэлсэн. Өшөө авагчид нэгдлээ гэх мэтийн тэр үгсийг та яаж хүлээж авсан бэ?
-Өө бас тийм юм гараад амжсан уу. Мэдээгүй юм байна. За тэгээд ч миний маргалдах асуудал биш байна.
-Тэгвэл Монголын улс төрийн намуудад өрнөж байгаа үйл явцыг бол та ажиглаж байгаа биз дээ. Жишээ нь олны анхаарлын төвд байгаа МАН, МАХН-ын нэрийн маргаан байна.
-Болж байгаа маргаан намын нэр төдий асуудал биш байх л даа. Ленин л хэлсэн болохоос биш “Нам бол эрин зууны оюун ухаан, нэр төр, нандин чанар” гэсэн сайхан үг байдаг. 1990 оноос хойш нам хэмээх улс төрийн байгууллага оюун ухаан, нандин чанараа гээж нэр төр хөөцөлддөг болсон юм. Улс төрийн намд зайлшгүй байх ёстой нандин чанар МАХН-д байна уу, МАН-д байна үү гэдгийг бид анхааралтай ажиглаж байна. Оюун ухааны хувьд хэн нь алсыг харах нь вэ гэдгийг ч бид харах болно.
-Намуудын нандин чанарын талаар та ярьж байна. Энэ чанар нь хэзээнээс гээгдчихсэн юм, бас дээр нь Монголд улс төрийн намуудын задрал явагдаад байна уу, нэгдэл явагдаад байна уу. МАН, МАХН-ыг харахад задраад байгаа юм шиг, Ногоон нам ИЗН-ыг харахаар нэгдээд байгаа юм шиг л байх юм?
-Улс төрийн үйл явц нэгэн хэмнэлд ороогүй байна. Задрах нэгэн байхад нэгдэхийг эрмэлзэх хэсэг байна. Юутай ч задрал, нэгдлийн үр дүнд монгол намууд бий болоосой гэж хэлэх байна. Улс төрийн намуудад оюун ухаан, нандин чанар нь буцаж ирээсэй. Дээр нь нэмээд хэлчихэд Монголд ардчилал 20 жил хөгжлөө л гээд байна.
Гол ололт нь юу юм гэхээр бас их тоймтой юм байхгүй. Яахав, амьдрал дээр дээгүй ч амандаа орсон бүгдийг хэнээс ч айхгүйгээр хэлж чаддаг болсноо амжилт гэх үү дээ. Нэгэн ухаантны үг байдаг юм. “Ардчилал гэдэг бол хэлэлцэж ярьж байж засаглах явдал. Тэр нь хэзээ үр дүнтэй байдаг вэ гэвэл чалчихаа больсон цагт” гэсэн үгийг дотроо болгооё. Н.Энхбаяр дарга тэргүүтэй бүртгэлээ хөөцөлдөн буй МАХН-ынхан ойрмогхон “Улс төрийн нам. Задрал ба нэгдэл” гэсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар урилгаа ирүүлсэн байна лээ.
Би завшааныг ашиглая гээд сэтгэж бид юуг буруу ойлгоод явж бүдчин явж байгаа талаар санаа хэлье гэж байгаа.
С. Ононтуул
URL: