Элэгний эмнэлэг баар, буудал болчихоогүй нь хэнд саад болсон бэ?

- Манай улс элэгний С вирусийн өвчлөлөөр Азид нэгдүгээрт бичигдэж байгаа нь эмгэнэлтэй баримт –

Д.ОТГОНБАЯР

Танил маань өнгөрсөн долоо хоногт сандруухан утасдаж нэг бичиг хараад янзлаад өгөөч гэв. Яарал­тай шүү гэж тодотгосон бичгийг нь уншаад түүнд ямар хүнд асуудал тулга­раад байгааг мэдлээ. Гэр­гий нь элэгний хавдраар өвчилж яаралтай элэг со­лиулах хэрэгтэй болжээ. Элэг солиулах мэс засалд 60 мянган ам.доллар хэрэг болоод яаралтай ийш тийш бичиг явуулах хэрэг гар­чээ. Энэ бол өнөөдрийн бидний амьдралын эргэн тойронд байгаа маш олон жишээнүүдийн зөвхөн нэг нь.

“Монголд нас барагс­дын дийлэнх хувийг элэг­ний хорт хавдар эзэлж бай­гааг сонсоод гайхсан” гэж Сингапурын про­фессор Тан уулга алдсан нь өнгөрсөн сарын сүүл­чээр болсон “Элэгний эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” олон улсын онол практикийн бага хур­лын үеэр болсон явдал.

Манай улс элэгний С ви­русийн өвчлөлөөрөө Азид нэгдүгээрт бичигд­дэг. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ бол маш  эмгэнэлтэй баримт. Мон­гол 2.6 сая хүнтэй. Гэтэл тэрбум хүнтэй Хятадын өмнө байна гээд харьцуу­лаад бодохоор элэгтэй хол­боотой эрүүл мэндийн асуудалд санаа зовохгүй байх аргагүй. Үүн дээр В вирустэй хүний тоо сүү­лийн үед эрс нэмэгдэж буй, жилд дунджаар 2500-3000 хүн элэгний хорт хавдартай гэж оношлогд­дог, элэгний хорт хавдар монгол хүний нас барал­тын шалтгааны хоёрду­гаарт орсон, статистик мэдээллээр элэгний халд­варт вирусээр өвчлөгсдийн тоо байнга өссөөр байгаа зэрэг бараан баримт олон нэмэгдэнэ. Энэ бүхэн нь үндэсний аюулгүй байд­лын хэмжээнд авч үзэ­хүйц том асуудал гэж дүг­нэхэд хэтрүүлсэн боло­хооргүй болжээ.

Элэгний В, С вирус оношилдог газар гэвэл Монголд олон. Гэхдээ “Тоо­луул, оношлуул” гээд бай­хаас биш, тэгж ингэж сэргийл гэсэн мэдээ мате­риал тун ховор байдгийг уншигч та ТВ, сонин хэв­лэл, интернэтээр хөглөрч байгаа зараас анзаарсан байх. Харин оношлоод эмчилгээг хамгийн өндөр үр дүнтэй хийдэг мэргэж­лийн байгууллага гэвэл “Элэгний” Хатанбаата­рын эмнэлэг гэдгийг эрүүл мэн­дийн салбарын­хан нь хүлээн зөвшөөрдөг. Түүх ярих юм бол Уламж­лалт анагаах ухааны элэг суд­ла­лын клиник төв 1989 онд үндэс сууриа тавьж байсан ардчилсан хувьс­гал­тай нас чацуу байгуул­лага. 1990 оноос Нийслэ­лийн Засаг даргын дэргэд бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголд уламжлалт анагаах ухаа­ны чиглэлээр ажиллаж эхэл­сэн хамгийн анхны эмнэ­лэг. Гэхдээ бас нэг онцлог бий. Уламжлалт анагаах ухаа­ныг орчин үеийн ана­гаах ухаантай хослуулан хөгжүүлж бай­гаа газар. Үйлчлүүлэгч­дийн хөл үл тасрах энэ газар эхо-д харуулах да­раалал гэхэд л зургадугаар сарын 20-доос наашгүй болчихсон байх жишээ­тэй. Хүмүүс ингэж дараа­лал үүсгэн үүсгэн дугаар­лаад эднийхийг зо­риод байгаагийн цаана үзүүлж байгаа тусламж үйлчил­гээ­ний чанар гэдэг ганц­хан шалгуур бий. Гэтэл ингэж хүмүүсийг эмчлээд туслаад, хүмүүс эдний­хээр үйлчлүүлэх гэж да­раалал үүсгээд байгаа нь таалагдахгүй хүмүүс бай­гаа бололтой. Өн­гөр­сөн жил татан буулгана гэж нэг хэсэг бужигнуу­лаад авч. Он гарсаар төсөв мөн­гийг нь шилжүүлэхгүй саатуулж ажилтнууд нь цалингаа цагтаа авч ча­дах­гүйд хүрсэн явдал ч гарчээ

Нийслэлийн Засаг дар­­га 2009 онд 145 хүний орон тоотой, эмнэлэг суви­лал нийлээд 100 ортойгоор ажиллах захирамж гарга­жээ. Гэтэл энэ захирам­жийг хотын санхүү төсөв мэд­дэг улс нь хэрэгжүү­лэх­дээ 127 хүнтэй, 60 ор­той ажилла гэж төсөв хө­рөн­гийг гаргаж өгчээ. Уг нь өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн бай­гууллагын бүтэц үйл ажиллагааны стандартаар бол Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв 160 орон тоотой ажиллах ёстой байхад Нийс­­лэл шат шатандаа ингэж хасаад, танаад бай­гааг юу гэж ойлгох вэ. Та нар олон хүн битгий эмч­лээд бай гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож бай­гаа биз. Сүүлийн са­руу­дад төсөв санхүүг нь цаг хуга­цаанд нь өгөхгүй байгаа­гаас болж Элэг суд­ла­лын клиник төвийнх­ний цалин бүтэн сараар хү­лээгджээ. Цалингаа авч чадахгүй байгаа ажилчид яах ёстой вэ. Нэг сар, хоёр сар, гур­ван сар тэснэ. Тэ­гээд аж­лаа орхиод явахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ бүх­ний цаана Элэг судлалын клиник төвийн үйл ажил­лагааг унагах гэсэн зохион бай­гуу­лалттай гэж явуулга бай­гаа юм биш үү гэсэн хардлага ч төрж байгаа юм.

Уламжлалт анагаах ухаа­ны төрөөс хөгжүүлэх бодлогыг батласан УИХ-ын тогтоол, тэр дагуу гар­сан Засгийн газрын тог­тоол, мөн Нийслэлийн ир­гэдийн хурлын тогтоол гээд холбогдох зохицуу­лал­тын хүрээнд 2008-2011 оны хооронд “Нэмэлт хө­рөнгө оруулалттай менеж­ментийн гэрээ” байгуулан  ажиллажээ. Гэрээний да­гуу хөрөнгө оруулалтыг хийж, Нийслэлийн өм­чийн газраас томилсон төлөөлөгч ч байнга ажил­ласан байна. Өнгөрсөн оны сүүл­чээр Нийслэлээс то­моохон бүрэлдэхүүнтэй аудитын шалгалт хийж, нөгөөг гэрээнийхээ бие­лэл­тийг ёстой яс шалгаж дээ. Нийслэлийн өмч өмч хувьчлах комиссоор ауди­тын шалгалтын дүнг хэ­лэл­цээд гэрээний бие­лэл­тийг “хангалттай” гэж дүг­нэжээ. Хамгийн хачир­хал­тай нь хангалттай гэж дүгнэсэн гэрээгээ нэг тийш нь шийдэхгүй дахин сунгана энэ тэр гэсэн юм ярьж байгаа аж. Тэр ч бүү хэл уралдаант шалга­руу­лалтын зар гаргаагүй гэсэн шалтаг шалтгаан хүртэл гаргаж ирж байгаа хү­мүүс ч Нийслэлийн өм­чийн газар байгаа аж. Үнэ­хээр зарлалгүйгээр ме­неж­мен­тийн гэрээний сон­гон шал­гаруулалт хий­чи­хээ юу гэхээр 2007 оны дол­дугаар сарын 15-нд зар­ласан со­нин нь байх юм. Бас хотын өмчийн газрын гар­гаж өгсөн хэмжээнээс хэт­рүүлэн хөрөнгө оруул­сан байна ч  гэх шиг. Бүр тод­руулбал, зур­гаан саяын үнэтэй Эхо аппарат урдаас авч, Эрээнд хөрөнгө оруул­­­сангүй, өндөр хүчин чадал­тай, орчин үеийн аппарат авч олон хүн оно­шилж эмчиллээ гэж дур­гүй­цээд байгаа гэсэн үг л дээ.

Хангалттай гэж үзвэл гэ­рээг дуусгавар болгоно, хангалтгүй гэвэл хаагаад хот өөрийн юмаа буцааж авна гэж заасан холбогдох дүрэм журам гэрээ нь бай­тал  дүрэм журамд байхгүй тэс хөндлөнгийн “сунгах” гэсэн юм гаргаж ирж бай­гаагийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ. Ганц ч гэсэн эм­нэлэг су­вил­лын газар хувьч­лал нэ­рийн дор баар, буу­дал, уушийн газар бол­чи­хоогүй байгаа нь хэнд саад болоод байна вэ гэ­дэг анхаарал татахгүй өн­гөрөх аргагүй асуулт. Хотын дарга нар хариултыг нь өгнө хэмээн найдъя.


URL:

Сэтгэгдэл бичих