Уриалга: Амьтны амь хөнөөхөөс татгалзая
Хаврын урин дулаан улирал ирж, амьд байгал сэргэж эхэлдэг энэ цагаар манай зарим иргэн гөрөөсний цус уух нэрийдлээр амьтны амь хороох муу үзэгдэл их гаргадаг боллоо.
Амьтны цусыг шууд ууснаар тухайн амьтны шимэгч болон вирус хүнд дамжиж халдварт өвчин шүүсгэн, бие организмыг огцом цочроож, ухаан балартах, ямар нэгэн суурь өвчин сэдрэх, улмаар амь насаа алдах зэрэг эрсдэлтэй юм.
Байгал дэлхийгээ хайрлан хамгаалж, өөрсдөө тэрхүү байгалийн эд эс, нэг бүрэлдэхүүн гэж ойлгон, амьтны амь хороохыг тэвчдэг байсан уламжлал эвдэгдэн, дээрх үзэгдэл улам бүр газар авч байгаа нь харамсалтай. Энэ нь “Амьтны амийг хайрлан, амь насыг аврах нь урт наслах, өнгө зүс сайжрах, бусдын хайр хүндэтгэлийг хүлээхийн шалтгаан болно” хэмээсэн Бурхан багшийн сургаалийн эсрэг үйлдэл билээ.
Амьтны цусыг шууд уух нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй талаар шинулэх ухааны ямар ч нотолгоо байхгүйг ойлгон,
Ард иргэд амьтны цус уун өвчний халдвар авахаас сэргийлэн
Аливаа амььд бодгалийн амийг тасалж үл болох бурхны сургаалийг сахихыг эрхэмлэн,
Хууль бус ангийн хэрэгт холбогдон өөрийгөө хохироохгүй байхыг чандлан захиж, энэхүү Уриалгыг ард иргэддээ хандан гаргаж байна.
Дэлхийн хүн бүр өөрийн амьдарч буй нутаг орноо хайрлаж, хойч үедээ үлдээхийн тулд экосистемийн бүрдэл хэсгийг бүхэлд нь хамгаалахыг чухалчилдаг.Амьтны алтан амийг бүрэлгээд өөрөө хариуд нь аз жаргалтай амьдарна гэдэг огт боломжгүй бөгөөд үйлийн үрийн сургаальд харшилсан буруу ойлголт болой.
Эцэст нь аливаа амьтныг хөнөөснөөр экосистемийн гинжин хэлхээнд сөргөөр нөлөөлж, улмаар экологийн доройтолд хүргэдгийг сануулж байна.
Хүрээлэн буй байгаль дэлхий бол таны ээж юм. Эх байгалынхаа эд эс бүхнийг хайрлан хамгаалж, шүтэн тахиснаар та харин илүү эрүүл чийрэг, саруул тунгалаг болно гэдгийг санахтун.
Байгал орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР
Эрүүл Мэндийн сайд Н.Хүрэлбаатар
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Их хамба лам Д.Чойжамц
URL: