Хүний эрүүл мэндээр тоглогсод Нарантуулд оршин тогтносоор
Эмийн зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаа хараа хяналтаас гараад удаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Эм, эмэн бүтээгдэхүүн гэдэг бол эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой зүйл. Гай нь таарвал хүний амийг өлхөн залгичцх айхтар хүчтэй эд. Хамгийн аймшигтай нь эмийн сангаар л зарагдах ёстой энэ зүйл хар зах дээр худалдаалагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус захын бөс даавуу худалдаалах тасгийн ойр орчмоор төрөл бүрийн эм зардаг хэсэг бүлэг худалдаачид байдаг гэх. Тэрбээр өөрөө 2008 онд зуучлагчийн тусламжтайгаар эдгээр эмийн худалдаачидтай таарч эм худалдаачдаас үр хөндүүлэх хямд эм авч байжээ. Энэ цагаас хойш энэ төрлийн эм шаардлагатай танилуудаа эдэнд зуучилсан гэх. Эрдэнэт хүмүүний амь настай холбоотой эм хэмээх нэг талаар шидтэн нөгөө талаар хор.
Хортны наймаачидтай “нүүр тулахаар” нэгэн эмэгтэй найзынхаа хамтаар Нарантуул ОУХТ-ийг зорьсон юм. Өглөөний 10.00 цаг өнгөрч байлаа. Нарантуул ОУХТ-ийн наймаачид цуглаагүй байсан тул хөл хөдөлгөөн багатай байлаа. Бөс даавуу худалдаалдаг лангуу орчмоор эм худалддаг гээд хэлчихмээр хүн харагдахгүй байсан тул урагш тойрон жижиглэнгийн бараа зардаг нэг эгчээс эм зардаг хүмүүс хаагуур байгаа бол хэмээн асуутал тэрээр “Эмийнхэн” ирэх цаг нь арай болоогүй байна. Чи цагийн дараа ир” гэсэн юм. Түүний хэлснээр 11 цаг 30 минутын үед буцан ирлээ. Нөгөө эгч биднийг харан урдхан талдаа жижиглэнгийн бараа зарж байсан улаан малгайтай нэгэн эгчийг зааж өглөө. Ажилдаа ирээд удаагүй байгаа ч тэрээр үйлчлүүлэгч олонтой байлаа. Оюутан бололтой хоёр охинд зөвлөгөө өгч буй бололтой. Үйлчлүүлэгч нартаа өгч буй зөвлөгөөг нь сонсвол мундаг доктор л гэмээр.
“Миний дүү гам сайн барих хэрэгтэй шүү. Юмыг яаж мэдэхэв гэдэс базлах доошоо цус алдалт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эгч рүүгээ яриарай.” гэх нь сонсогдов. Харин үйлчлүүлэгч охин: Гурав хоног болчихвол?”
Айгаад зүйл байхгүй. Асуух юм гарвал ирж болно ш дээ.” хэмээн уриалгахан нь аргагүй үйлчлүүлэгчээ үдлээ. Дараагийн үйлчлүүлэгч /бид/ ирсэн болохоор олон юм ярихыг үнэндээ хүссэнгүй нь түүний хандлагаас нь илт.
Бидний харсан наймаачин “За ямар хэргээр явна” гэх нь тэр. Түүнийг ямар ямар эм зардгийг нь мэдэх зорилготой явсан ч эхний ээлжинд үр хөндүүлэх эм зарж байгаа эсэхийг нь асуутал эндээс холдож байгаад ярилцахыг хүсэв. Бид ч түүнийг даган тэндээс холдлоо. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
Бид оюутнууд байгаа юм. Болгоомжгүй байдлаасаа болоод хүүхэдтэй болчихлоо. Одоохондоо аав, ээж болох бодол алга. Нэг танилаасаа энд үр хөндүүлэх эм зардаг гэж сонссон юм л даа.
-Урд нь үр хөндүүлж байсан уу?
-Нэг удаа үр хөндүүлж байсан. Гэхдээ энэ эм муу нөлөөгүй биз дээ?.
-Өө үгүй ээ. Зүгээр.
-Танд одоо байна уу? Бид өнөөдөр хичээлийнхээ эавсар зайгаар гарч ирлээ л дээ. Хурдхан шиг л авчихаад явмаар байна.
-Авна гэвэл аваад ирж болно л доо.
-Үнэ нь хэд вэ?
-15000 төгрөг.
-Биед ямар нэгэн муу нөлөө байхгүй биз дээ. Та наад эмээ хаанаас авчирдаг юм бэ?
-Авбал ав боливол боль. Хүн ажилтай байхад юун олон юм ярьдаг юм бэ. Хүмүүс аваад хэрэглээд болоод байгаа юмыг.
-Арай хямд эм байхгүй юм уу эгч ээ? Ямар нэртэй эм юм бол? Яаж хэрэглэх вэ? /Эх сурвалжийн хэлснээр үр хөндүүлэх эм 8000 төгрөгийн ханштай байдаг гэсэн юм./
-Үүнээс хямд байхгүй ээ. Авах юм уу үгүй юм уу? Мөнгөө аваад ир тэр үед чинь яаж хэрэглэхийг нь заагаад өгье”
гэж хэлээд тэрээр илт дургүйцэн цааш алхчихав.
Бид буцан түүн дээр очоод “Одоо бидэнд байгаа мөнгө арай хүрэхгүй байна. Мөнгөө нэмээд буцаад ирье.
Тэр үед та олдохгүй байж магад тиймээс утсаа өгөөч гэвэл тэрээр адилхан эм зардаг бололтой 40 орчим насны хэдэн хүүхнүүдтэй нийлэн их л ёжтой инээд алдан биднийг харан зогссоноо “Утас энэ тэр өгөхгүй. Мөнгөө гүйцээчихээд буцаад ирээрэй. Би энэ хавиар байж байна. Тунгаа гээд энэ хавиас намайг асуугаарай гэлээ. Харин биднийг цааш алхахад тэрээр “Эмээ авч хүчирдэггүй юм бол 100 төгрөгийн бэлгэвчээ ахиухан худалдаад авчихаж сурмаар юм” хэмээн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт тас тас хөхрөлдсөөр үлддээ.
Хүний аминд хүрч мэдэхээр зүйл худалдаалж байгаа ч тэрээр чамгүй их зантай нэгэн аж. Авбал ав. Боливол боль. Юун олон юм асуудаг хүүхэд вэ гэхчлэн сэмбэгэнэх тэрээр энэ хууль бус, хүн чанаргүй бизнесээрээ боломжийн хөрөнгөжсөн бололтой. Инээд алдан сэмбэгэнэлдэх “эмийнхэн” гэж нэрлэгдээд байгаа эдгээр авгайчуулд гоочлуулан зогсохдоо гарын арван хурууныхаа дөрөв, мөн чихэндээ том гэгч нь алтан ээмэг зүүснийг анзаарав. Энэ нь хууль бус наймаа газар авч, үйлчлүүлэгчид олонтой болох нь эдэлж, хэрэглэж байгаагаас нь илт мэдрэгдэнэ. Энэ бол 2010 онд хийсэн сурвалжлага маань.
Харин өнөөдөр хумигдсан уу, үгүй юу гэдгийг судлахаар өнгөрсөн баасан гаригт мөн л Нарантуул ОУХТ-ийг зорилоо. Эртний танил эмийн Тунгааг мэдэх хүн энэ удаад байсангүй. Түүнийг ч олж харсангүй. Магадгүй бизнес нь өргөжөөд илүү нэрд гарсан ч юм бил үү? Харин залгамж халаа нь үргэлжилсээр байна. Энэ удаадТунгаа эгчийг бодвол хамаагүй яриа хөөрөө сайтай бас ч гэж түүнээс залуу бүсгүйтэй танилцсан юм. Түүний нэр нь Бадмаа. Магадгүй нэрээ худал хэлсэн Ч байж болох/ Чалх сайжруулах эм надад хэрэгтэй байна. Өөрт чинь байна уу? хэмээвэл надад уг нь байдаг л даа. Гэхдээ өнөөдөр дуусчихлаа гэснээр бидний хооронд яриа өрнөлөө.
-Эм чинь хэзээ ирэх юм бэ?
-Чалх сайжруулах эм авах нас чинь арай л болоогүй баймаарсандаа. Хар залуугаараа яачихсан хүүхэд вэ чи чинь айн?
-За тэр яах вэ эм чинь хэзээ ирэх юм бэ? Гол юмаа ярья.
-Чамд хэзээ хэрэгтэй юм. Ирэх долоо хоногт ирвэл чамд бэлдээд хамгийн сайныг нь хадгалж байя.
-Үнэ нь хэд юм?
-Хэр сайныг нь авахаас л шалтгаална. Чамд хэд байгаа юм?
-Гайгүй сайныг нь авна гэвэл хэд юм бэ?
-50 орчим мянгатай байхад болноо.
-Чамд өөр ямар эм байна?
-Өөр ямар эм хайгаад байгаа юм бэ?
Эхлээд чалхаа сайжруулчих дараа нь хоёулаа өөр эм сонирхож болноо.
Ингэж хэлээд түүнтэй долоо хоногийн дараа уулзахаар тохиролцоод саллаа. Хууль бус эмээр бизнес эрхлэн хүний эрүүл мэндээр наадагсад ийнхүү нийгэмд оршсоор байна. Үүнийг хянаж шалгадаг хууль хяналтынхан гэж байдаг боловч тэд үүнийг мэддэг, эсвэл мэдсэн ч нүдэн балай чихэн дүлий явна. Эм гэдэг нь нэг төрлийн хор.
Үүнийг яг тааруулж л хэрэглэх ёстой. Ихдүүлж хэрэглэвэл тэр хэрээрээ хүний биеийг хордуулж байдпг хамгийн аюултай зүйл билээ. Харин эм зарж буй нөхдүүд мөнгө олохоо л бодохоос үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд санаа тавих нь юу л бол. Санаа тавилаа гэхэд мэдлэгийн түвшин ч хүрэхгүй биз. Ямар төрлийн эм зараад байгаа талаар одоогийн байдлаар олж мэдсэн зүйл гэвэл эмэгтэйчүүд тэр дундаа охид хөл хүнд болж, эдэг эхдээ мэдэгдэхээс айн энэ нөхдүүдээс эм худалдан авч ууж байна. Нөгөө талаас эрчүүд чалх сайжруулах зорилгоор мөн тэднээр үйлчлүүлж байна. Цаашлаад ямар үйлчилгээтэй, ямар бодис зарж байгаа нь эргэлзээтэй. Эх сурвалжийн мэдээлснээр 2008 оноос эдгээр хууль бус эмийн наймаачдаар үйлчлүүлсэн гэж байгаа. Тэд одоог хүртэл байсаар, хүний эрүүл мэндээр тоглон мөнгө олсоор. Үүнийг одоо таслан зогсоох цаг нь болжээ.
Холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулахыг хүсье.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: