Ц.Шинэбаяр: Өнгөрсөн цаг нь бөөн хулгай, луйвар байдаг учраас МАН-ынхан үргэлж ирээдүй цаг дээр ярьдаг
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-БНН-тай хамтран ажиллах холбоо байгуулснаа албан ёсоор мэдэгдсэн. Та бүхний энэ мэдэгдэл олон шүүмжлэлийг дагуулсаар байна. Н.Энхбаярыг хоригдмогц Ц.Шинэбаяр, Б.Жаргалсайхан нар нүүр бурууллаа, хүн чанаргүй ч гэдэг юм уу?
-Сонгуульд нэр дэвших асуудалд хүн чанарын тухай яригдахгүй л дээ. Хоёрдугаарт, МАХН-тай эвсэх тухай хүсэлтийг аль аль нам нь гаргаж байгаагүй. Тийм яриа огт байгаагүй. БНН-тай хамтран ажиллах холбоо байгуулсан. Тэр ч утгаараа сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө эрт боловсруулсан байсан. Мөрийн хөтөлбөрт эвсэх тухай асуудал яригдсан үед хоёр нам хоорондоо ярьж байгаад давхцсан зүйлээ нэгтгээд сонгуулийн бэлтгэл ажил явж байна. Ер нь Монголын олигархижсан бүлэглэлийн эсрэг эвсэл байгуулахад юу нь болохгүй гэж. Байж болох л хувилбар биз дээ.
-МАХН-тай эвсч сонгуульд орохгүй байх шалтгаан чинь юу юм бэ?
-Бид мөрийн хөтөлбөрөө нэгтгээд хэлэлцээр дээр сууж чадсан бол болох л байсан. Мөрийн хөтөлбөрийн тухайд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй. Аль аль нь эвсэнэ гэж бодолгүй мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан байсан болохоор нэгдэж болохгүй л дээ.
-Монгол Улсын гадаад өрийн тухай мэдээллийг та хийж байсан. Харин таны мэдээллийг Засгийн газар үгүйсгэсэн. Та яг ямар баримтад тулгуурлаж 9.6 тэрбум гэдэг тоог хэлсэн юм бэ?
-Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум хүрчихсэн байна. Энэ нь Монголбанкны албан ёсны вэбсайтан дээр байгаа мэдээлэл. Засгийн газар болохоор үүнээс зөвхөн өөрийнхөө өрийг салгаж аваад яриад байгаа юм. Уг нь Монгол Улсын гадаад өр гэдэгт аж ахуйн нэгж, хувь хүн, хувийн хэвшлийн өр давхар ордог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын зүгээс баталгаа гаргасан өр давхар явж байгаа юм. Харин Засгийн газар яагаад энэ тухай ярихгүй байгааг гайхаж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал 2009 онд болоход Исланд улсыг барьцаалж, гадаадын хувийн компаниуд зээл аваад сүйрүүлж байсан түүх бий. Яг түүнтэй адил үйл явдал болохгүй гэх баталгаа байхгүй. Гэтэл Засгийн газар энэ тухай зориудаар мушгин гуйвуулж байгаа юм.
-Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн зарим асуудлаар ярилцъя гэж бодлоо. МАХН-ын буурийг сахина гээд явж байхад УИХ-ын гишүүдээс таныг гээд гараад ирэх хүн байгаагүй. Гэтэл Н.Энхбаяр даргыг баривчлах үеэр маш зоригтой дуугарч гарч ирлээ?
-УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ намаасаа гарч өөр улс төрийн хүчинд элсэх сонголт хийх эрх нь байдаг. Тиймээс тухайн гишүүд сонголтоо хийгээд явж байгааг тийм, ийм байна гэж хэлээд байх эрх байхгүй. Намаасаа гарах тухай ярихаар л АТГ-т өгнө шүү гэдэг үгээр далайлгана. Ийм маягаар намдаа барьцаалагдчихаад МАН-аас гарч чадахгүй байгаа олон хүн бий.
-Н.Энхбаяр даргын баривчилгааны болоод хуурай өлсгөлөн зарласан үйл явдлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Болж байгаа процессыг харахад хэт их сүржигнэж, дөвчигнөсөн нийгмийн анхаарлыг зориуд Н.Энхбаяр дээр төвлөрүүлэх гэсэн зүйл яваад байна. Цагдаагийн байгууллага чинь хүн баривчилна гэвэл гадаадаас ч байсан хулгайлаад л аваад ирдэг. Гэтэл гадаад өр нь 9.6 тэрбум болчихсон. Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалтын хэмжээ 10 гаруй тэрбум болтлоо өсчихсөн. Ашигт малтмалын хуулийн дагуу Оюутолгойн гэрээний 10 хувийг хөрөнгийн биржээр зарах ёстой байтал энэ талаар дуугарч байгаа хүн нэг ч алга. Ярихгүй байсаар байгаад сонгуульд орох сонирхолтой олон хүн байна. Монголын ард түмэнд нэг ч төгрөгийн ноогдол ашиг өгдөггүй олон гадаад компаниудын тухай манай Засгийн газар аль болох ярихгүйг хичээж, хэт нэг тийшээ туйлшран өдөр хоног аргацааж байгаад сонгуулийн кампанит ажилтай золгох тухай бодоод байна.
Энэ бүхнээс харахад эрх баригчид яагаад ийм худал хуурмаргаар явсаар дөрвөн жилийг ардаа барж, сонгуульд орох гээд байгаа юм бол гэдгийг нь гайхаад байна.
-Н.Энхбаярын амь насыг аюултай байдалд ороод байгаа нь ч гэсэн шоу байна гэж үү.
-Тийм ээ. Энэ бол зүгээр л эрх баригчдын шоу. Ямар ч хүнийг шалгаж болно. Шалгахыг нь ерөөсөө үгүйсгээгүй. Гэтэл сүр бадруулаад байгаа нь нийгмийн анхаарлыг өөр тийш хандуулдаг нь дээр хэлсэнчлэн Тавантолгойн хувьцаагаа өгч чадахгүй болсон. Сая төгрөгийн амлалтаа биелүүлэхгүйд хүрсэн. Стратегийн орд газруудыг хэдхэн хүний гарт өгсөн явдлаа нуун дарагдуулах гэсэн оролдлого.
-Та Н.Энхбаяр даргыг эргэж очсон уу?
-Очоогүй. Тэртэй тэргүй нийгмийн болоод төрийн бүх л анхаарал тэнд байгаа.
-Баривчилж байхад нь Н.Энхбаярын гэрт байснаар зогсохгүй маш эвгүй үйлдлийг олны өмнө та гаргасан. Тиймээс таныг түүнтэй холбоо тасраагүй байгаа төдийгүй ХМХН-ыг ч Н.Энхбаяраас хараат гэх мэтээр тайлбарлах улстөрчид байна л даа?
-Хараат гээд ярих юм бол Монголын бүх эрх баригч намууд гадаадын хараат байдаг ш дээ. МАН, АН ялгаагүй эдийн засгийн алуурчдын гарт байгаа. Бид харин хэнээс ч хараат биш. Тухайлбал, “South gobi sands”-тэй холбоотойгоор Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Өнөөдөр тогтоож чадахгүй байгаа нь эдийн засгийн алуурчдын хараат гэдгийг нь нотолж байгаа биз дээ.
-Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг нам дотроосоо гишүүд нь тавьсан нь бараг л цагийн гарз болж хувирлаа.
-Ц.Нямдоржоосоо авахуулаад өнгөрсөн дөрвөн жилд бүгд л ажил хийгээгүй. Ц.Нямдоржийг авч үлдсэн ч, үхсэн ч хамтдаа гэсэн үг. Тиймээс нөхцөл байдал ийм байхад юу гэж нэгийгээ түлхэх вэ дээ. Стратегийн орд газраас олдог ашгаа хувааж иддэгээ нуухын тулд хийж байгаа ажил. Цахим үнэмлэхийн тухайд ч тэр бүтэлгүй хүмүүст даалгасан юм чинь үр дүн нь ямар гарах нь мэдээж байсан.
-Ц.Нямдоржийг авч үлдэх нь намынх нь нэр хүндээс илүү байна, тийм үү?
-Гэмт хэрэгтнүүдтэй юун нам ярих гээд байгаа юм бэ. Гэмт хэрэгтнүүдийн нам гэдгийг олон удаа хэлж байгаа шүү дээ, би. Тавантолгойн хувьцаа бол үлгэр болох нь тодорхой боллоо. Ярихдаа болохоор Тавантолгой гэж ярьчихаад өгөхдөө нэг толгойн 10 хувь байгааг зөвшөөрөх боломжгүй хууран мэхлэлт. Одоо гаргаад тавьсан мөрийн хөтөлбөрүүдээс нь харахад ч тэр, үргэлж ирээдүй цаг дээр байна лээ. Өнгөрсөн цаг дээр ярих юм бол бөөн хулгай луйвар болж хувирна. Харин одоо цаг дээр яръя гэвэл хийсэн бүтээсэн зүйл тэдэнд байхгүй. Бас л хууран мэхлэлт. 2030, 2020 он гээд л ирээдүй цаг дээр ярина. Үүнээс гадна 40 мянган айлын сууц ярьж байснаа 100 мянган айлынхыг ярьж эхэлсэн. Зургаа нь баригдаагүй байхад 200 мянган айлын орон сууц гээд ярих гэж хууран мэхлэлт л биз дээ.
-Хэрэв УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах хэмжээнд хүрвэл таны сонголт ямар байх бол?
-Бүлэг байгуулах гэсэн өчүүхэн асуудлаар гэмт хэрэгтнүүдийг хаацайлах хэрэг байхгүй. МАХН-ын бүлэг байгуулагдах гэж байна. Байгуулах нь байна гэдэг мэдээллээр өдөр хоног авах л арга шүү дээ. Тэгэхээр Ч.Улаан нарын гишүүдийн сонголтыг сайн мэдэхгүй байна. Харин миний хувьд гэмт хэрэгтнүүдээс аль хэдийн салчихсан хүн. Тийм гэмт хэрэгтнүүдийн дотор байж бүлэг хэрэг үйлдэхийг хүсэхгүй байна.
-Та ингэж ярьдаг ч тэдэнтэй үйл ажиллагаагаараа холбогддог болох нь Н.Энхбаярыг баривчлах үеийн дүр зургууд нотолж байгаа юм биш үү?
-Харин Н.Энхбаяр даргыг баривчлах үед яагаад би гэрт нь байж болдоггүй юм. Би хаана ч байж болно шүү дээ. Тэр ч бүү хэл намайг олон хүн намаасаа битгий гараасай гэж боддог л байсан гэсэн, МАН-ынхан. Би тэнд байгаагүй. МАХН-ынхан байлгахыг хүссэн би мөн л тэнд байгаагүй. Би өөрийнхөөрөө л байдаг. Тэгснийхээ төлөө буруутан болно гэж бодохгүй байна.
Б.Даваа
URL: