“ХАШГИРААН” зургийг 119 сая ам.доллар гэж хашгирав

Сэтгэлийн гуниг зовиур, өв­дөл­тийг өнгө будаг, хэлбэр дүрсээр гайхамшигтай харуулсан алдартай бүтээл бол Эдвард Мүнкийн “Хаш­гираан”. Энэ зураг өнгөрсөн лхагва гарагт зарагдлаа. Үнэ дуудаж эхэлснээс хойш 12-хон минутын дотор нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эрхэм “119.9 сая ам.доллар” гэж хашгиран алдарт бүтээлийг өөрийнх болгожээ. Дуудлага худал­даа Нью-Йорк хотноо “Sotheby\’s” хэмээх дэлхийн хамгийн том уран зураг, урлаг,  эрдэнэс, үнэт эдлэ­лийн цуглуулгаар төрөлжсөн кор­пораци дээр болжээ. “Sotheby\’s”-ийн түүх 1744 оноос эхэлдэг. Хэдэн зууны турш үйл ажиллагаагаа явуулж буй энэ корпораци 40 гаруй оронд 90 салбартай. Энд дэлхийн урлаг соёлын үнэт ховор зүйлсүүд дуудлага худалдаанд орж зарагд­даг юм. Энэ удаа Норвегийн нэрт зураач Эдвард Мүнкийн “Хашги­раан” эзнээ олов.

“Хашгираан” зураг дөрвөн шир­хэг байдаг. Нэг нь Осло хотын үндэсний музейд, нөгөө хоёр нь Мүнкийн музейд хадгалагдаж бай­на. Дуудлага худалдаагаар орсон энэ зураг Петтер Олсен гэгч биз­несмений хувийн цуглуулга аж. Түүний эцэг  нь их зураачтай найз нөхөд, айл хөрш  байжээ.

Өнөөдрийг хүртэл дэлхийг шуугиулж “хашгираан” дэгдээж буй нэрт зураачийн тухай өгүүлье.

Эдвард Мүнк ( 1863-1944)  зураач, модон барын сийлбэрч хүн юм. Түүний уран бүтээлд ХХ зуунд Германд үүсч дэлгэрсэн “Экспрес­сионизм урсгал” хүчтэй нөлөөлсөн нь илт харагддаг. Энэ урсгал хүний гадаад төрхөд биш сэтгэлийн гүн дэх ертөнцийг уудалж гаргахыг  зорьдгоороо онцгой. Уг арга нь хөгжсөөр сүүлдээ avant-garde буюу бидний нэрлэдэг авангард хэлбэрт шилжсэн түүхтэй.

БАГА НАС

Эдвард Мүнк нь Кристин эм­чийн бороо, усанд зэвэрч элэгдсэн хуучин байшинд хоёр дахь хүү нь болон мэндэлжээ. Тэр нэг эгч, гурван дүүтэй.  Бүгд л зурах авьяас­тай. Ээжийнх нь удмаас  өвлөсөн авъяас гэлцдэг байжээ. Бяцхан Мүнкийнх   Осло хотод нүүж ирээд удаагүй байх үед ээж болон хайр­тай эгч нь сүрьеэгээр нас барав. Авга эгчийндээ амьдарч байсан хүү өвлийн уртад байнга өвдөж гэртээ эмчлүүлэнгээ хи­чээ­лээ заалгадаг болов. Гэртээ өнжих­дөө хийх дур­тай ажил нь зураг зурах. Мүнк хүү ихэнх цагаа зураг зурж өнгөрөөнө. Аавынх нь цалин бага, амьдрал нь тарчиг, хоосон хонох өдрүүд олон гарна.  Гэсэн ч Мүнк хүү усан будгаар эмийн лонх, байгаль зэрэг элдвийн зүйлс зурж хүнд өдрүү­дийг сэтгэлийн баяртай өнгөрүүлж байв. Норвегийн зу­раач­дын зургийг үзсэн нь хүүгийн гайхлыг төрүүлж, тосон будгаар зурж эхэлжээ.

ИДЭР НАС

Мүнк 1879 онд техникийн кол­ле­жид элсэв. Тоо, хими, физикийн хичээлдээ толгой цохидог  байсан ч биеийн байдлаас шалтгаалж сургуулиа орхилоо. Энэ үеэс л  зураач болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Хүслээ биелүүлэ­хээр 1881 онд “Royal School of Art and Design of Christiania” хэмээх урлаг дизайнерийн сургуульд элсэв. Хоёр жилийн дараа анхны­хаа үзэсгэлэнг гаргалаа. Олон төрлийн арга барил сэдвүүдээр зурж эхэл­сэн ч шүүмжлэл ар араасаа ирж, амь зуулгынхаа мөнгийг  арай гэж олж байв. Залуу Мүнк зургаараа  хүний сэтгэлийн гүн рүү  орж,  тэр гүнд нуугдаж буй бүхнийг эрч хүчтэй, илэн далангүй гаргаж ха­руу­лахыг сэтгэлээсээ хүсч байв. Зурганд, хүний  дотоод дахь нууцад шимтсэн залуу сэтгэлийн гүн хөд­лөлийг хүртэл ажиглан байнгын тэмдэглэл хөтөлдөг байж. “Өвчтэй хүүхэд” зураг нь эгчийнхээ мөнх бусыг үзүүлсэн үеийн “өөрийн дотоод сэтгэлийнх” нь илэрхийлэл аж. Зургийг нь үзсэн гэр бүлийнхэн нь ихэд дургүйцсэн гэдэг. 1889 онд  бие даасан үзэсгэлэнгээ гаргас­ныхаа дараа Парист сурах тэтгэ­лэгээр шагнууллаа. Францчууд бүтээлийг нь сонирхон үзэж талар­хан хүлээж авав. Зургууд нь сайн зарагдаж зуны байшин хүртэл  худалдан авчээ. Парисийн музейд үзсэн В.Ван Го, П.Гоген нарын уран бүтээлийн гайхамшигт өнгө будгийн нөлөө түүний зургуудад тусгалаа олсон байдаг. Мүнкийг Парист сурч байхад аав нь ертөн­цийн мөнх бусыг үзүүлжээ. Тэр аавыгаа нас барсан мэдээг хүн­дээр хүлээж авсан гэдэг. Мүнк өөртөө тохиолдсон зовлон гунигийг хүндээр хүлээн авч сэтгэлийн дарамтад орж эмзэглэдэг нэгэн байж. Берлин хотноо 1893 онд үзэсгэлэнгээ гаргахад нь “Хашги­раан” хэмээх уран зураг нь олны өмнө дэлгэгджээ. Мүнк угийн бие султай байв. Залуу эр гэрлэл­тийнхээ асуудалд үргэлж сэтгэл зовнидог байжээ. Нэгэн удаа Тулла хэмээх бүсгүйтэй гэрлэхийнхээ өмнө гэнэт зугтсан байдаг. Тэрээр энэ бүсгүйн 18 зургийг зурсан байна. Хожим эргэж нийлэхийг хүссэн ч Тулла өөр залуугийн гэргий болжээ.

“ХАШГИРААН” ЗУРГИЙН ТУХАЙ

Мүнк энэ зургаараа амьдралаа илэрхийлсэн гэдэг.  Жинхэнэ бодит хүний царайг биш абстракт аргаар дотоод сэтгэлийнхээ гүн дэх зовиур шаналал аймшигт байдлаа илэр­хийлсэн гэж урлаг судлаачид үздэг. Уг зургийг экспрессионизмыг илэр­хийлж чадсан анхны зураг хэмээн тооцдог.

Урлаг судлаачид уг бүтээлийн ив илхэн утга санаа, энгийн мөрт­лөө чадварлаг илэрхийллийг нь бусад зураачаас хол давж чадсан гэж үздэг. Энэ зургаас  сэтгэлээсээ зовж шаналан буй хашгираан “сонсогддог”. Жихүүцмээр чанга орилоон, сэтгэл үймэрмээр зовиур  мэдрэгддэг. “Хашгираан”-ыг зурж байх үедээ Мүнк сэтгэлийн хямралд гүнзгий автаж байж. Тэр мэдрэмжээ зургандаа шингээсэн байдаг.  Зураач энэ бүтээлийнхээ тухай  “Нар жаргаж байхад би зам уруу­дан хоёр найзтайгаа явж байлаа. Тэнгэр гэв гэнэт цусан улаан бол­чихов. Би үгээр хэлэхийн аргагүй ядарч сульдаад хашаа наллаа. Найз нар маань цаашаа яваад л… Тэднээс хоцорсон би айдаст автан чичирч байв. Гэнэт надад байгаль дэлхийн эцэс төгсгөлгүй хашги­раан сонсогдов” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Тэр “Хашгираан”-даа сэтгэлийн гуниг зовиур, өвдөл­төө өнгө будаг, хэлбэр дүрсээр нь гайхамшигтай харуулсан байдаг. Иймээс л Мүнкийн “Хашгираан”, “Мадонна” зургууд нэрд гарч бид­ний үед гайхагдаж байна. Сэтгэл донсолгосон энэ зураг  Ван Го-гийн “Наранцэцэг”  зургийн  адил үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг тул дэл­хийн булан бүрт хуулбарууд нь  тархжээ. Мүнкийн энэ зургаас үндэслэн 1996 онд “Хашгираан” гэдэг аймшгийн киног бүтээжээ.

АМЬДРАЛЫН СҮҮЛИЙН ЖИЛҮҮД

Э.Мүнк 1908 онд найман сарын турш эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байдаг. Эмчилгээний  үр дүнд зан ааш нь сайжирч зургийнх нь өнгө төрх өөдрөг болсноор музейнүүд уран бүтээлийг нь худалдан авч эхэлжээ. Тэрээр Нью-Йоркт 1912 онд  уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж байх үеэрээ ч эмчийн хянал­тад байжээ. Өөдрөг гэрэл гэгээтэй зургууд нь нэлээд зарагдаж зураач хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй болсон аж. Э.Мүнк 1944 онд 80 настайдаа Осло дахь гэртээ насан эцэс болжээ. Тэрээр хүн төрөлхт­ний урлагийн санд 1100 уран зураг, 4500 хар зураг, 18000 барласан хэв үлдээсэн юм.

Дэлхий даяараа шүтэн би­шир­дэг суут хүмүүсийн амьд­ралд ижил төстэй зүйлс элбэг харагддаг. Тэдний олонх нь амьд сэрүүндээ алдаршиж, баян чинээлэг амьд­раагүй нь харамсалтай. Э.Мүнк, Ван Гог зэрэг олон агуу уран бү­тээл­чийн бүтээл ертөнцөөс буц­саных нь дараа хэдэн зуун саяар үнэ­лэгдсэн байдаг. Ингэж үнэлэгдэх болсон шалтгаан нь тухайн цаг үедээ уламжлалт арга барилыг эвдэж огт  өөр хэлбэр дүрс, өнгө будгийг зоригтой гарган уран зур­гийн арга барилын гол шугамыг зөрчиж байсантай нь ч холбоотой байж болох юм.

Д.АЗЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих