Хаян сайдын өмнөөс “халзан” Баяраа мөрдөнд
Сонгуулийн өмнө Дархан-Уул аймгийнхан МАН-ын талаар, бас өөрсдийх нь сонгосон гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваагийнхаа талаар сайн муу янз бүрийн яриа хөөрөөтэй байна. Сайн мэдээ нь гэвэл гишүүн маань сайд болсон болохоор Дарханд бөөн мөнгө өгнө гэж гайхуулна. Харин муу мэдээ нь гэвэл Хаянгийн багийн луйварчид гэгдэх Дарханы төрийн албан хаагчдын хоёрдугаар ээлж шоронгийн хаалга татжээ. Түрүүчийн сонгуулийн үед Д.Хаянхярваа Засаг дарга байхдаа баахан луйварчдыг төрийн албанд өөрийнхөө дор ажиллуулж тэд нь төсвийн мөнгө идэж шоронгийн хаалга татацгаасан. Харин Д.Хаянхярваа өөрөө УИХ-ын гишүүний халхавчаар мултарч чадсан. Хаянгийн багийн хоёрдугаар ээлжийнхэн саяхан дахин мөрдөнд зочилжээ. Хийсэн хэрэг нь гэвэл нийгмийн даатгалын болон төсвийн мөнгийг “Чингэс хаан банк”-аар дамжуулан угааж байгаад баригдчихжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа буюу “халзан” Баяраа, “Чингэс хаан банк”-ны захирал Д.Ганболд, ерөнхий нягтлан Г.Хостуяа нарыг цагдаагийнхан барьсан байна. “Чингэс хаан банк”-ны захирал, Дархан-Уул аймгийн МАН-ын тэргүүлэгч Д.Ганболд 48 цаг бололгүй суллагджээ. Д.Ганболд захирал нь Дархан-Уул аймгийн МАН-ын голлон санхүүжүүлэгч нь гэж байна. Харин Нийгмийн даатгалын дарга П.Баяраа бол Ардчиллын партизан төдийгүй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар Хаянгийн бүлгийн гишүүн биш цорын ганц хүн гэж байна. Гэтэл Хаянгийн бүлгийн луйварчдын хөлд П.Баяраа чирэгдлээ гэж Дарханыхан ярьж байна. “Чингэс хаан” банк бол Оросын мафийн хар мөнгийг манайд угаадаг том сүлжээ. Энэ банкинд Сангийн сайдын эхнэр ажилладгийг Дарханыхан мөнгө угаагч машины тохиргоог хийдэг хэмээн ярьж байна.
Төв нийгмийн даатгалын газар нь ч гэсэн “Чингэс хаан банк”-аар тоймгүй их мөнгө угаажээ. Нийгмийн даатгалын дөрвөн тэрбум төгрөгийг энэ банкаар угаадаг баттай мэдээ байна. Хаянгийн одоо илэрч байгаа хоёр дахь сүлжээнд төв нийгмийн даатгалын санхүүгийн газрын дарга нь Дарханы Чингэс хаан банкны захирал Д.Ганболдтой нэг ангид сурч байсан хүүхдүүд юмсанжээ. Тэд албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсээр дөрвөн жил өнгөрсөн. Дарханы төрийн байгууллагын мөнгийг мөн л энэ банкаар угааж байна. Төсвийн мөнгө хадгалах төрийн банктай байсаар байтал зориуд угаах гэж “Чингэс хаан банк”-нд шилжүүлсний цаад учир энэ. Дархан-Уул аймгийн төрийн байгуудлагын ус, дулааны мөнгийг төрийн сангийн банкнаас “Чингэс хаан банк” руу шилжүүлэн эргэлдүүлсээр төсвийн мөнгө хэвээрээ харин сүлжээчдийн мөнгө өссөөр. Хаянгийн хоёрдугаар ээлжийн луйварчид гэгдэх энэ том сүлжээ бүх бурууг одоо П.Баяраа руу түлхэн ялд унагах зорилт тавьсан байж магадгүй юм. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг цагдаагийн удирдлагууд үүрээд “бууд” гэсэн толгойлогчоо хэлэхгүй гүрийгээд байгаа. Яг үүнтэй адилхан юм болж байх шиг. Хэрвээ П.Баяраа дур мэдэн “Чингэс хаан” банкинд дансаа нээсэн бол өөрөө буруутна. Харин хэн нэгэн дарга захирал нь бүх мөнгийг Чингэс хаан банкаар оруулан угааж өгнө гэсэн бол үүргийг нь гүйцэтгэсэн цэрэгт юуны буруу байх вэ. П.Баяраа өөрийн санаачилгаар мөнгө угаах хүн биш. Харин Хаян дарга тулгасан байж магадгүй гэж Дарханыхан ч ардчиллын төлөө хамт зүтгэж явсан нөхөд нь ч итгэлтэй байна. Гэхдээ эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй том сүлжээ юу ч хийж чадна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз.
Г.ӨЛЗИЙ-ЭРДЭНЭ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: