Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо
-ТЭРБЭЭР БАТЛАН ДААЛТАД ГАРГАВАЛ ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООНО ГЭЖ МЭДЭГДСЭН-
ХҮҮ НЬ ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДАД ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЭВ
Төв аймгийн Урьдчилан хорих төвд өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын бие муудаж 461 дүгээр хорих ангид хүргэгдсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Намынхан нь түүнийг унтуулахгүйн тулд шөнөжин хорихын гадна дуулсан гэдгээ өчигдөр өглөө мэдэгдсэн. Бас Н.Энхбаярын бие тун тааруу байгааг дуулгасан юм.
Ажлын өдөр эхэлсэн учраас хүү нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, ШШГЕГ, АТГ-ын дарга, Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарт хандаж, аавынхаа биеийн байдлын талаар мэдээлж, яаралтай нарийн мэргэжлийн эмчилгээнд оруулахыг хүссэн юм. Н.Энхбаярын хүү Э.Батшугар дээрх албан тушаалтнуудад хүргүүлсэн захидалдаа “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны тавдугаар сарын 4-ний 10.00 цагаас эхлэн хуурай (бүрэн) өлсгөлөн зарлаж эхлээд даруй гурав хоноод байна. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот хамтарсан тушаалын хавсралтад дурдсанаар бүрэн өлсгөлөн зарласнаас хойш 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай байдаг гэж заасанчлан шийдвэр гүйцэтгэлийн болон бусад хууль хяналтын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй II нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эрчимт эмчилгээнд оруулах тухай шийдвэр гаргахыг хүсч байна” гэсэн байв.
Д.ТЭРБИШДАГВА ДАРГЫНХАА БИЕИЙН БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийж намын даргынх нь бие тун тааруу байгаа талаар УИХ-ын даргад мэдэгдэхээ хэлсэн юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандаж энэ талаарх бичиг хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн, Д.Тэрбишдагва гишүүний хэлснээр 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч байхгүй, эрчимт эмчилгээний тасаг ч байхгүй учраас Н.Энхбаярыг Клиникийн нэгдсэн II эмнэлэгт зайлшгүй шилжүүлэх шаардлагатай гэнэ. Мөн элэгний өөрчлөлтөд орсон, цаашлаад амь насанд нь аюултай байгааг хэлсэн юм.
Н.ЭНХБАЯРТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТТУЛГА УУЛЗЛАА
Харин үдээс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга 461 дүгээр ангид хоригдож байсан Н.Энхбаяртай уулзлаа. Тэрбээр эрүүл мэнддээ хортой алхам хийхгүй байхыг Н.Энхбаярт зөвлөж, ар гэрийнх нь зүгээс тавьж буй санал хүсэлтүүдэд холбогдох байгууллагууд хуулийн дагуу хүндэтгэлтэй хандахыг хүсч байгаагаа хэлсэн байна. Хариуд нь Н.Энхбаяр “Би Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Мэдүүлэг өгөхөөс татгалзсан минь намайг ингэж хорих шалтгаан болохгүй. Хэрвээ та бүхэн энэхүү хууль бус баривчилгаагаа зогсоох аваас би өлсгөлөнгөө зогсооно. Хэрвээ тэгэхгүй бол би өлсгөлөнгөө зарласан хэвээр байх болно” гэж хэлснийг намынхан нь сэтгүүлчдэд дамжуулсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай хамт ШШГЕГ-ын дарга М.Ганхүү болон мөрдөн байцаалтад хяналт тавьж байгаа прокурор очсон аж.
Д.Баттулга даргын дараа Н.Энхбаяртай гэргий нь уулзлаа. О.Цолмон нөхрийнхөө сэтгэл санааг тайван байлгах талаас нь ярилцаж байгаад гарчээ.
ШҮҮХ Н.ЭНХБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАВ
Н.Энхбаярыг өлсгөлөнгөө зогсоохыг албаныхан болон гэр бүлийнхэн нь хүсч уулзсан. Харин Сүхбаатар дүүргийн шүүх түүнийг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Н.Энхбаярын өмгөөлөгч үйлчлүүлэгчээ хоёр сар хорих шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаад байсан юм. Гомдлыг шүүх хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэн, хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Харин Авлигатай тэмцэх газар Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад өчигдөр Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: