С.Баяр тэргүүтэй 13 албан тушаалтныг АНУ, ХБНГУ-д нэвтрүүлэхгүй байхыг хүсчээ
О.Магнай тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн АНУ болон ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нарт хандан нэгэн хүсэлтийг илгээжээ.
Тэд Монголын төр 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр уг жагсаал цуглаанд оролцсон 300 гаруй иргэнийг баривчилж эрүүдэн шүүж өдгөө хүртэл цагаатгалгүй хэлмэгдүүлсээр байгаа нь төрийн тодорхой эрх мэдэлтнүүдийн санаатай үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа аж.
Улмаар иргэдийг эрүүдэн шүүж хоморголон яллахад оролцсон болон хэргийг шударгаар шүүхэд саад болж буй 13 албан тушаалтны нэрсийг гаргаж тэдгээр албан тушаалтныг АНУ болон ХБНГУ-аар зорчих визийг гаргахгүй байх саналыг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нарт тавьсан байна.
Тэрхүү жагсаалтанд, Ерөнхий сайд асан С.Баяр, Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан Ч.Амарболд, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, УМБГ-ын хэлтсийн дарга асан Д.Отгонжаргал, УМБГ-ын мөрдөн байцаагч Л.Эрдэнэцогт, ЦЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Т.Сайнжаргал, ХУД-ийн шүүгч Н.Ичинхорлоо, УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Д.Батсайхан, Нийслэлийн шүүхийн Тэргүүн шүүгч Б.Сарантуяа, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, прокурор М.Гантулга нарыг багтаажээ.
Илүүг нуршилгүй тус иргэний хөдөлгөөнөөс АНУ-ын элчин сайдад гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АНУ болон ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эддлетон танаа
АНУ-ыг төлөөлөн Монгол Улсад Сууж буй элчин сайд танд туйлын хүндэтгэлтэй хандаж буйг юуны өмнө тэмдэглэе. Дэлхий дээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалуулахаар бурхны бүтээсэн улс гэж АНУ-ыг бид үздэг учир танд хандаж байна.
2008 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн будлиантай болсон үр дүнг эсэргүүцэн иргэдийн зохион байгуулсан тайван жагсаал цуглааныг тусгай албадыг ашиглан үймээн болгон хувиргаж уг жагсаал цуглаанд оролцсон мянга гаруй иргэнийг хоморголон баривчилж үүнээс 300 гаруйд нь эрүүдэн шүүх хэлбэрээр зургаан сараас 10 жил хүртэлх ял оноосон бөгөөд байлдааны зэвсэг хэрэглэн 30 гаруй иргэнийг буудсанаас тав нь амь насаа алдсан гашуун түүх болсон билээ.
Монголын төр өөрсдийн хийсэн буруу үйлдлийг засахын тулд “Өршөөлийн хууль”-ийг батлан хилсээр ял авсан иргэдийг шоронгоос сулласан ч тэдний нэр төрийг сэргээх цагаатгах асуудлыг өнөөдрийг хүртэл ор тас хөндөөгүй юм. Мөн цагдаагийн хэрэглэсэн байлдааны суманд оногдож амь насаа алдсан таван иргэний хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгон, хэн нэгэн хариуцлага хүлээлгүйгээр энэ өдрийг хүрсэн нь Монголын төрд энэхүү хэргийг шударга үнэнээр шийдэх ямар ч хүсэл зориг байхгүйн хангалттай нотолгоо гэж бид үзэж байна.
2009 онд ОХУ-ын иргэн С.Магнитскийн төрийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан хэргийг шударгаар шийдвэрлүүлэхээр Сенатор ноён Б.Кардин АНУ-ын конгресст өргөн барьсан хуулийн танилцуулгандаа хүний эрх гэдэг бол “хоосон зүйл” биш гэдгийг онцолсон нь Монгол Улсад ч гэсэн хүний эрх гэдэг үнэт зүйлсийг хамгаалахад та бүхэн анхаарал хандуулна гэсэн итгэлийг өгсөн юм.
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон дээрх үйл явдалтай холбогдуулан төрийн цагдаагийн байлдааны суманд өртөн амь насаа алдсан иргэдийн хэргийг шударгаар шүүх, түүнчлэн эрүүдэн шүүлгэх замаар хилс хэрэг хүлээн, ял авсан иргэдийн нэр төрийг сэргээх асуудал дээр АНУ-ыг төлөөлөн манай улсад суугаа Элчин Сайд таныг тодорхой арга хэмжээ аван энэхүү хэргийг шударгаар шүүлгэхэд саад болж байгаа болон иргэдийн эрүүдэн шүүх замаар хоморголон ял оноосон нэр бүхий албан тушаалтнуудад АНУ-д зорчих бүх төрлийн визийг олгохгүй байхыг хүсэж байна. Таныг болон танай сайхан орныг бурхан ивээг” гэжээ.
Г.Од
“Гого мн”
URL: