Монгол цусны Орос хаад

1598 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Земский собор буюу Москвагийн улсын хурлаар Борис Годуновыг хаанаар сонгож, 9-р сарын 3-нд титэм зүүлгэжээ. 1584 онд Фёдор Иоаннович хаан өөрийг нь эсэргүүцэн боссон Догшин Иваны бага хүү Дмитрийг (эх нь Марии Нагой гэж байсан ба Чингисийн шууд удмын Ногайн удмын эмэгтэй байж мэдэхээр байна) дарахад Борис Годунов гол үүрэг гүйцэтгэснээр түүний нөлөө их болжээ.

Албан ёсны хаан биш боловч Годунов 1597 оноос төрийн хэргийг мэдэж байсан гэж бичигддэг. Ингээд Догшин Иваны удмынхан хаанчлахаа больж шинээр хаан ширээнд заларсан Борис Годунов нь урьдах хааны хүргэн бояр хүн байв. Өгсөх замд нь саад болоод байсан тул хааны удам залгах ганц хүү Дмитрийг нь алсан ч гэж түүнийг буруутгаж бичиж байдаг.
Эзэн хаан Фёдор Иоаннович нас барахад түүний хаан болох зам шулууджээ.
Түүнийг Орос оронг европтой ойртуулах ажлыг эхлүүлсэн хаан гэж Оросууд үнэлдэг. Төрийн албандаа гадныханыг ихээр урьж ажилуулах болжээ. Орос оронд дараалан гурван жил өлсгөлөн болоход хэдийгээр хаантан сангаасаа хөрөнгө хаян маш их арга хэмжээ авч байсан боловч өлссөндөө нэг нэгнээ барьж идэхдээ хүрсэн ард олны дунд хууль бусаар засгийн эрхийг булаасан хааныг бурхан гэсгээж байна гэсэн цуурхал тархсанаас түүний эсрэг бослого хөдөлгөөн ч гарч эхэлжээ. Босогчид өргөжин тэлсээр нэгдсэн зохион байгуулалтанд орж Моква уруу довтолсон боловч 1603 оны 9-р сард Москвагийн дэргэд болсон тулаанд хааны цэрэгт ялагдсан байна.
Ханхүү Димитрий амьд гэсэн цуурхал газар авсаар хуурамч Дмитрийгээр толгойлуулсан босогчид Польшууд, казакуудаар дэмжүүлэн 1604 оны 10-р сарын 16-нд Москва уруу хөдлөв. Тэднийг 1605 оны нэгдүгээр сард хааны цэрэг мөн л бут цохилоо.
Эрүүл мэнд нь ч муудсаар 1605 онд нас баржээ. Түүнийг хорлогдож үхсэн гэсэн яриа байдаг ч бие муутай байсан тэр ердийн үхлээр л нас нөхцсөн байх гэж түүхчид үздэг ажээ. Годунов нь Алтан ордны улсын Чета вангийн удмын хүн гэж яригддаг. Энэ тухай 17-р зууны Оросын он дарааллын бичигт бичигдсэн байдаг ажээ. Годунов гэсэн үгийн гарал нь хошного гэсэн тюрк гаралтай үг шилжсэн утгаараа хөнгөмсөг эр гэсэн утгатай, kodon-kodun гэсэн үг нь хэд хэдэн хэлэнд “бөгс” гэсэн утгатай мөн монгол хэлэнд амьтны тавхайн хуулсан арьсыг (год гэж байгаа бололтой) хэлнэ гэж Оросууд тайлбарласан байх юм. Өгөөдэй хааны нэг хүү Годун гэж нэртэй байсан тул Монголчууд дунд түгээмэл нэр байсан байж болох талтай.
Ер нь Оросын түүхэнд Алтан ордныхоны удмынхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.
“Мамайн хүү Мансур Литов руу зугтсан ба түүний удмынхан нэртэй язгууртнууд болсон бөгөөд ван хэргэмээр шагнагдсан Глинский вангийн гүнж Елена Москвагийн Их ван Василий III-тай гэрлэж нэгэн хүү төрүүлсэн нь оросын анхны хаан бөгөөд түүхэнд догшин Иван гэж нэрлэгдсэн хаан билээ.” Энэ тухай бид “Куликовын тулаан буюу Орос улсын үүсэл” өгүүлэлдээ бичиж байсан.
Орос оронг гурван зуун жил захирч байсан Романовынхан ч мөн л Алтан ордныхонтой ураг төрлийн холбоотой байсан тухай бичих болсон. Романовынхны удмын Оросын анхны хаан Михаил Фёдорович Романов нь Фёдор Иоаннович хаантай үеэл хүн байв. Шереметев зэрэг бусад Алтан Ордны гаралтай язгууртнуудтай ч садан төрөл байжээ. Оросуудыг сайн маажвал татаар цус гарна гэдэг ч тохиолдлын үг биш дэгээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих