BHP зэсийн үнээс 10 тэрбумыг хожлоо, харин бид бүгдийг алдаж байна
Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг дээ. Энэ үг Монгол Улсын төсөвт зэсийн үнийн оргил тохиох бүрт биеллээ олдог гэлтэй. Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “Би эйч пи биллитон”-ы хагас жилийн ашиг 72 хувиар өссөнийг “Блүүмберг” мэдээллээ. Тус компани 10 тэрбум ам.долларын хувьцаагаа буцаан татаж, төмрийн хүдрийн орлого нь нэмэгдсэнээр энэхүү ашиг бий болсон байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх зургаан сарын байдлаар нийт орлого нь жилийн эхэнд 6,1 тэрбум ам.доллар байсан бол 10,5 тэрбум “ногоон” болж өсчээ. Хувьцааны хувьд нэг бүр нь 109,8 центээс 188,6 болтлоо үнэлэгдлээ.
Харин “Блүүмберг”-ээс есөн эдийн засагчийн дунд явуулсан судалгаагаар орлогын дүнг дунджаар 10,2 тэрбум ам.доллар байхаар төсөөлж байсан билээ.
Зэсийн үнийн өсөлт бидэнд юу авчрав?
Лондоны металлын биржид өнгөрсөн мягмар гаригт тонн зэсийн ханш анх удаа 10200 ам.доллараас давлаа. Энэ нь өнгөрсөн жилийн турш дэлхий дахиныг шуугиулсан 8900 “ногоон”-ы ханшаас даруй 13 хувиар илүү үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр улсын төсөвт ирэх ашиг нэмэгдсэн гэсэн үг.
Баруун зүгт ийнхүү ханшийн өсөлтийн график өгсөж байхад Монголд инфляци 13 хувь өсч, эдийн засаг уруудсан дүнтэй байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харж болох нь. Харин гадаад худалдааны алдагдал 139 сая ам.долларт хүрлээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн сард 146.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар өслөө.
Хятадын үйлдвэржилт нэмэгдсэнээс эдийн засаг нь есөн хувиар нэмэгдлээ. Харин бид дөнгөж хоёрхон хувиар үйлдвэрлэлээ өсгөчихөөд, зэсийн үнэд найдсан төсвийн бодлогоор харалган явна. Урд хөршид үйлчилгээний салбар хамгийн их өсөлтийг авчирсан бол манай улсад уул уурхай, архи, тамхи гэсэн гуравхан салбар жингийн туухай дээр “заларчээ”.
Ядуурал буурсан тухай улстөрчид ярьдаг ч Дэлхийн банкны судалгааны баримтад 2002-2003 онд 61,1 хувь байсан ядуурал 2007-2008 онд 35,2 хувь болж буурсан аж.
Төвбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал “ Хүнсний бүтээгдэхүүн бол манай инфляцийн зүйл. Тэр шокийг арилгахын төлөө Засгийн газар ажилласны үр дүн гарсан. Энэ эрчээрээ бид 2011 онд эерэг төсөөлөлтэй байна. Инфляци энэ жилд нэг оронтой тоонд орох болов уу гэсэн хүлээлттэй байна” гэж хэлснийг эргэн саная.
Монголд засаглал нь буруу байгаа учраас зэсийн ханш, металлын үнэ хэд дахин өсөөд Монголчууд баяжихгүй, тийм үлгэр гэж байдаггүй юм хэмээн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Л.Баярхүү хэлсэн. Түүний хэлсэнтэй олон хүн санал нийлдгээ хэлдэг.
Зэсийн ханш өсөөд, Монгол Улс толгой баячуудын өлгий болоод байгаа юм бол бизнесийн зээл хөөцөлдсөн хүн Засгийн газар, арилжааны банкны хариу хүлээж хэдэн сараар сул зогсож байна. Бас иргэдийнхээ тооноос хэд дахин олон малтай хэр нь махыг хөдөөний үнээр нь худалдах махны бирж байгуулах хөрөнгө бидэнд үгүй гэж үү.
Ханиадны шинэ халдвар нялхсыг ороож байхад хүүхдийн гэх тодотголтой ганцхан эмнэлэгтэй улс “Зэсийн өндөр үнээс ашиг олж байгаа” гэж хэлэх ичгэвтэр баймаар. Бизнесмэнүүд нь чөлөөт бүсийг хүлээж есөн жилийг хоосон хашаанд үдэж байхад өнөөх улаан металлаас олсон мөнгөөр дэд бүтцийг нь шийдээд өгчихөж болоогүй юм уу.
Мөнгө гаргахаа байг гэхэд яриа хэлэлцээрийг хөрш орнуудтайгаа тохирч болоогүй гэж үү. Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дэд ерөнхийл өгч Ч.Амарбаатар “Монгол Улс оросуудад бодлогоо ойлгуулдаггүй нь алдаа” хэмээн хэлснийг энд дурдъя.
Эдийн засаг нь ийнхүү “сэхээн амьдруулах”- д өнөө маргаашаа хүлээсэн үхлүүт байдалтай байхад төр “Дэлхийн зах зээл сэргэж эхэлсэн. Хүн болгон байгалийн баялгийн хувьцаанаасаа дэлхийн баячуудаас дутахааргүй амьдарна” гэж хэлж байх юм.
“Рио Тинто” дахиад л хожив
Хятадын эрэлтийн улмаас металлын ханш өсч байгаа тул тус компанийн гүйцэтгэх захирал Мариус Клопперс “Рио тинто” болоод “Икстрата”-тай хамтран хөрөнгө оруулагчдыг буцаан татахаар ажиллаж байна.
“Би эйч пи” 2015 онд хар алтны эрэлд 80 тэрбумаас ч илүү “ногоон” зарахаар төлөвлөж байгаа. АНУ, Хятад болоод бусад улсын эдийн засаг сэргэж эхэлсэн нь энэ зах зээлд дардан зам нээж байгаа юм. “Төмрийн хүдэр, суурь металл, нүүрсийн ханш сэргэж эхэлснээр “Би эйч пи”, “Рио тинто” болоод “Икстрата”- гийн аливаа бүхэн сүүдрээс гарч байна.
Хоёр жилийн өмнө тэд цагаан хэрмээс худалдан авалт хүлээж байсан. “Хүсэл нь ч биеллээ” гэж Мелбурн дахь “Ай жи маркетс” төвийн зах зээлийн шинжээч Камерон Пийкок хэлсэн байна. Сиднейд “Би эйч пи”-гийн хувьцааны ханш орон нутгийн 10.29 цагийн байдлаар 1,6 хувиар унаж 46,6 австрали доллар болсон байв.
Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэнээр 9,8 хувьтай байв. Энэ онд ч ДНБ болоод хөрөнгийн зарцуулалт идэвхтэй “өссөөр” байна хэмээн “Би эйч пи” тааварлаж байна.
“Урт хугацаандаа томоохон худалдан авагч орнуудын нөлөөгөөр өсөлт хадгалагдана гэсэн итгэл найдвар бидэнд байна. Хөгжиж буй орнуудын төвлөрөл, үйлдвэржилт үргэлжлэх хэдий ч зах зээл тогтворгүй хэвээр байх тул урт хугацаанд бүтцийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж “Би эйч пи”-гийн гүйцэтгэх захирал өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дурдав.
“Би эйч пи”-гийн мэдээллээр өнгөрсөн хагас жилд борлуулалт нь 39 хувиар өсч, 34,2 тэрбум ам.долларт хүрчээ. Лондоны металлын индексийн үзүүлэлтээр металлуудын үнэ энэ хугацаанд 44 хувиар нэмэгдсэн байна. Төмрийн хүдрийн Хятадад хүргэх үнэ хагас жилд 26 хувиар өссөн хэмээн “Стийл индекс” мэдээлэв. Даяаршсан зах зээл сэргэж эхэлснээр Хятадын худалдан авалтад дөрөөлсөн зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт дээд амжилтаа дахин эвдсэн билээ.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт аюулын харанга дэлдлээ
Дэлхийн банкны тэргүүн Роберт Зоелик өчигдөр хийсэн мэдэгдэлдээ хүнсний үнийн өсөлт нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг санууллаа. Тус банкнаас өчигдөр дэлгэсэн тайланд улаан буудай, эрдэнэ шиш, элсэн чихэр, ургамлын тосны ханш тэнгэрт хадаж байгаа нь өнгөрсөн оны хагасаас хойш хөгжингүй орнуудад ядуурлыг нэмэгдүүлж, 44 сая илүү хүнд нөлөөгөө үзүүлсэн гэжээ.
“Энд эерэг дүн алга. Дэлхийн хүнсний үнийн өсөлт аюулын зэрэглэлд очлоо. Энэ нь ядуу хүмүүсийн амьдралыг улам бүр гачаалд оруулж байна” хэмээн Зоелик хэллээ. Египет болоод Тунисын бослого нь энэ аюулын гол үндэс биш бөгөөд харин гүнзгийрүүлэх шалтгаан болсноос цаашид байдал улам хараар дүрслэгдэж мэдэхийг тэрээр бас санууллаа.
Төв Азийн улс төр, нийгмийн байдал Зоеликийн санааг хамгийн ихээр зовоож байгаа юм. Төв Азид оршиж байгаа манай улсад энэ аюул нүүрлэхгүй гэсэн баталгаа хаана байна. Тэр бүү хэл махны үнэ 5000 төгрөгөөс даваад, гурил, будааны ханш өсөөд, шатахуун, дизель түлшний үнийн самбарт өөр тоонууд дурайж байгаа биш үү. Тэгвэл бид хаашаа явах вэ.
Зэсийн үнэ өсөөд, Монгол Улс анх удаа гурван их наяд төгрөгийн төсөвтэй болох гээд байгаа нь үнэн л бол энэ бүхэн үйлдвэрлэл, үйлчилгээнээс авахуулаад махны үнэ, өрхийн орлого, зарлагад биеллээ олох учиртай. Эс бөгөөс Монгол Улсын орлого өөр тийш ууршина
Ж.Цогзолмаа
URL: