Ц.Нямдорж сайд дураараа огцорсон бол баатар болох байв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудал өнгөрсөн долоо хоногт анхаарлын төвд байлаа. Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар гишүүд энэ асуудлыг өдөржин хэлэлцсэний эцэст нэг юм шийдэв. Эрхэм сайд энэ удаад албан тушаалдаа үлдлээ. Тэрбээр “Би энэ сонгуулийн амар амгалан байдлыг хариуцахын тулд сайдын ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Харин АН-ын гишүүд түүнийг сайн дураараа огцрохыг уриалж байв. Ингэсэн бол тэр баатар болох байв. МАН-ын найман гишүүн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн ч сүүлийн хэдхэн өдөрт үзэл бодол нь 180 градус эргэсэн нь сонирхолтой байлаа.

Өөрөөр хэлбэл, МАН анх удаагаа шинэчлэгдэх гэж оролдож байна гэх мессежийг тараагаад байсан найман гишүүнээс дөрөв нь замын дундаас буцсан. Ингэснээр сайдыг огцруулах асуудалд АН-ынхан 100 хувь дэмжсэн ч гэсэн МАН олонхоороо авч үлдэх боломжтой болоод байсан юм. Нөгөөтэйгүүр ИЗНН-ын гурван гишүүн сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй нь Ц.Нямдоржид хөшүүрэг болсон биз ээ. Юутай ч өөрийгөө хуулийн салбарын эцэг хэмээн боддог эрхэм сайд зөөлөн суудалдаа үлдлээ. Зөөлөн суудалдаа үлдэх гэсэн шуналаа сайдтан хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хэмээн хаацайлсан. Үнэн бол сайн л байна. Гэхдээ Ц.Нямдорж үнэхээр хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Ерөнхийдөө бол хуулийг хэрэгжүүлж, амар амгалан байдлыг хангахын төлөө гэхээсээ илүү сонгууль дөхсөн үед тэртээ тэргүй шаварт уначихсан намынхаа нэр хүндийг авч үлдэхийн төлөө зүтгэсэн гэх “мессеж” Төрийн ордонд нисч явна.

Бүр хатуу хэлбэл, Хуулийн сайд маань ирэх сонгуулийг луйвардаж, намаа ялуулахын төлөө суудлаасаа үхэн хатан зууралдсан болов уу. Хамгийн сүүлд гэхэд Хууль зүйн сайд УБЕГ-ын бүтцэд өөрчлөлт хийж, хэд хэдэн даргыг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Түүнчлэн цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болсон гэж албан ёсоор мэдэгдсэн нь ч бас Хууль зүйн сайдын явуулга гэж хардагдаж буй билээ. Ингэхэд сайд маань үнэхээр хуулиа хэрэгжүүлэх гэж суудалдаа үлдэв үү, эсвэл намынхаа дотоод асуудлыг зохицуулж, сонгуулийг луйвардахын төлөө зөөлөн суудалдаа тухлав уу. Хууль зүйн гэхээсээ илүүтэй дотоод хэргийн сайд хэмээн Х.Тэмүүжин гишүүний шүүмжилдэг энэ удаад ч бас батлагдлаа.

Нөгөөтэйгүүр МАН-ынхан сайдаа үхэн хатан хамгаалсны эцэст хамгаалан авч үлдэв. Энэ нь нэг талаасаа сонгууль дөхөж байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалсан арга хэмжээ мэт боловч, нөгөө талаасаа бол харин ч эсрэгээрээ намынхаа нэр хүндээр шал арчиж орхилоо. Уг нь найман гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг хөндөж байхад МАН гэдэг нам одоо л шинэчлэгдэх нь дээ гэж олон хүн харж байсан. Харамсалтай нь МАН хэзээ ч шинэчлэгдэхгүй гэдгээ Ц.Нямдорж сайдаа хамгаалан авч үлдсэнээрээ нотоллоо.

Хуулийг хэрэгжүүлэх, ёс зүйтэй улс төрийн төлөө МАН-ынхан лав хэзээ ч явж чадахгүй нь бололтой. Ц.Нямдорж сайд ч бас ялгаагүй. Өөрийгөө энэ улсын хуулийн салбарын эцэг гэж итгэдэг, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө, төрийн ажлыг нэр хүндтэй хийж, төрийг цэвэршүүлэхийн төлөө сайдаар ажилладаг хэмээн өөрийгөө магтах дуртай.

Гэвч үнэн хэрэгтээ тэр өнгөрсөн хугацаанд хуулийн салбарыг сүйрүүлсэн үү гэхээс биш сэргээж чадаагүй нэгэн билээ. Харин ч бүр өөрөө хөнжилдөө хууль засч явсан нэгэн. Тийм байж, энэ сонгуулиар хуулийг сахиулж, шударга үнэний төлөө ажиллана гэнэ. Харж л байя даа. Ц.Нямдорж сайд хуулийг сахиулахын төлөө явах нь уу, эсвэл намаа ялуулахын төлөө өөрийн чадах бүхнээ хийж, зүтгэх нь үү. Бараг л намынхаа төлөө, дотоод ажлаа зохицуулахын тулд л сайдын суудалдаа үлдсэн болов уу. Түүнд намынхнаа “шантаажлах” баримт байгаа учраас үлдсэн байж болох.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих