Н.Энхбаярын биеийн байдал өлсгөлөнгөөс болж мууджээ
Төв аймгийн ШШБЕГ-ын урьдчилан хорих төвд хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа өчигдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Тэрээр 4 шаардлага тавьж, эдгээр шаардлагуудыг биелэгдтэл, өчигдөр өглөөний 07 цагаас эхэлсэн хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү өлсгөлөн зарлаад 30 гаруй цаг болж байхад Н.Энхбаярын биед өөрчлөлтүүд гарч, бие нь муудсан байна. Түүний биеийн байдалд төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн эмч нар хяналт тавьж байгаа ч эрүүл мэндийн яамны эмч нар өнгөрөгч шөнө Төв аймгийн шоронд очиж Н.Энхбаярт үзлэг хийжээ. Албан ёсны мэдээллээр түүний биеийн байдал хуурай өлсгөлөн зарласны улмаас муудсан гэж дүгнэж байгаa юм байна. Зүрхнийх нь хэм алдагдаж, бөөрөнд нь өөрчлөлт орсон гэнэ.
Энэ үйл явдалтай холбогдуулан Н.Энхбаярын гэр бүлийнхэн, МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн төлөөлөл Төв аймгийн хорих төвд очиж, түүнтэй уулзсан, мөн ШШБЕГ-ынхан болон гишүүд дэмжигчдийн хооронд зөрчил гарсан гэх мэдээлэл байна. Дашрамд хэлэхэд хуурай өлсгөлөн зарласан хүн хичнээн бие сайтай байсан ч дээд тал нь 10 хоног, доод тал нь 5-7 хоног тэсэж чаддаг гэдэг юм билээ. Ямартай ч энэ асуудлыг ХЭҮК, ЭМ-ийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар болон холбогдох бусад байгууллагууд анхааралдаа аван ажиллана гэж найдаж байна.
Ц.Мөнх
olloo.mn
URL: