Н.Энхбаярын илгээсэн мэдэгдэл /гар бичмэлтэйгээ
Өнөөгийн олигархи дэглэмийн удирдлагын шууд оролцоотойгоор, тэдний өгсөн хууль бус тушаал даалгавраар намайг хууль зөрчин албадан саатуулж, цагдан хорьсон.
2008, 2009 онуудын луйврын сонгуулиудаар төрд хууль бусаар шургалсан олигархууд сонгууль луйвардсанаа нуун дарагдуулахын тулд, миний бие МАХН-ын даргын хувьд хамтран зүтгэгчдийн хамт өнөөгийн олигархуудын явуулж байгаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт харш үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж байгааг мохоохын тулд улс орноо авилгагүй болгох, ард түмнээ эх орныхоо баялагт эзэн суулгах, шударга сонгууль явуулж, олигархи дэглэмийг татан буулгах, хараат бус шүүх, хууль хяналтын байгууллагуудын тогтолцоог тогтоохын тулд явуулж байгаа тэмцлийг сулруулан зогсоохын тулд гол өрсөлдөгчөөсөө зохиомол хэрэг төвөгт холбогдуулан салахын тулд ийнхүү сонгуулийн өмнөхөн хууль бусаар цагдан хорьсон нь өдөр өнгөрөх тусам улам тодорхой болж байна.
Намайг сэжигтнээр тооцсон тогтоолоо надад хуулийн дагуу мэдүүлж танилцуулаагүй мөртлөө цагдан хорьсон, цагдан хорихдоо олон хууль, тогтоомжийг зөрчин 600 цагдаагийн хүч хэрэглэсэн балмад үйл ажиллагаа явуулсан, хоригдсоны дараа хууль зөрчин ил захидлуудыг маань хаягласан эздэд нь явуулахгүй, хүргэхгүй байгаа, хууль зөрчин мөрдөн байцаагчид миний камерт нэвтрэн орж ирж, ямар нэгэн бичиг баримт уншсан болж хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон, хоригдсоноос хойш бүтэн 21 хонож байхад ганц ч удаа мэдүүлэг аваагүй зэргээс үзэхэд өнөөгийн олигархи дэглэмийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу түүнийг бүрэн хараат байдалд орсон шүүх, хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн зарим албан тушаалтнууд сонгуулийн өмнө амжиж намайг заавал хэрэг төвөгт холбогдуулан сонгуульд намайг болон надтай хамтран ажиллаж буй хүмүүс, улс төрийн намуудыг аль болохоор оролцуулахгүй байх, энэ зорилгодоо хүрэхийн тулд алхам тутамдаа хууль зөрчиж байгаа нь гаарч байгаа тул би өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалахын тулд, ард түмнийхээ эрх ашгийн төлөө тууштай тэмцэх эрхээ олж авч, үүргээ биелүүлэхийн тулд өлсгөлөн зарлахаас өөр аргагүй байдалд орж байна.
Би дараах шаардлагыг тавьж 2012 оны 05 сарын 4-ний өдрийн өглөөнөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Үүнд:
1. Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн бүх нам, тэдгээрийн удирдах гишүүдэд сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд эхнээс нь дуустал оролцох, сонгуульд шударга өрсөлдөх, сонгох, сонгогдох эрхээ ижил тэгш эдлэх боломж бололцоо олго!
2. Улс төрийн зорилгоор, тэр тусмаа сонгуулийн өмнөхөн өрсөлдөгчдөө зохиомол хэрэг тулгаж хүлээлгэж, ял үүрүүлэх гэдэг балмад үйл ажиллагаагаа таслан зогсоож, улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоо!
3. Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хараат бус байдлыг сэргээн тогтоо! Үүний тулд хамгийн түрүүнд
Шүүхийг Үндсэн хуулийг зөрчин бүрэн хараат байдалд оруулсан Дээд шүүхийн дарга огцор!
Хууль зөрчин томилогдсон Ерөнхий прокурор огцор!
Хууль зөрчин томилогдсон АТГ-ын удирдлага огцор!
4. Улс төрийн МАН-АН бүлэглэлийн удирдлагын ил далд оролцоотойгоор хийгдсэн, Монголын орчин үеийн түүхэн дэх хамгийн том луйвар – 2008, 2009 онуудын сонгуулиудын луйвар булхайг олон түмний оролцоотойгоор, нээлттэй, шударгаар шалгаж, буруутнуудтай нь хариуцлага тооцож 7-р сарын 1-ний асуудлын гол буруутнуудтай нь хариуцлага тооцон шударгаар шийд!
5. Улс төрийн МАН-АН бүлэглэлийн толгойд гарсан олигархуудын үгсэн луйвардаж хийсэн Монголын орчин үеийн түүхийн хамгийн том улс төр-эдийн засгийн луйвар 4 тэр бум ам.долларын үнэтэй Таван толгойн асуудлыг шалгаж, буруутнуудтай нь хариуцлага тооцож, ард түмэнд буцааж өг!
Өлсгөлөнг хуурай хэлбэрээр зарлаж байна.
Шударга ёс ялах болтугай!
Хууль бусаар хоригдож байгаа Н.Энхбаяр
Төв аймаг 2012 оны 05-р сарын 04
Жич: Холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудад мэдэгдэнэ үү.
URL: