Зэсийн үнэ зэсэрч, монголчууд модонд орог
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр үнэ нь навс унасан зэс эргээд “модонд” орж эхэллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээрЛондонгийн үнэт металлын бирж дээр тонн зэсийн үнэ 9.200 ам.долларт хүрч байв. 2009онд Хятад улс зэсийг хуримтлуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд зэсийн үнэ 140 хувиар өссөн. Харин энэ жил зэсийн үнэ хэр өсөхийг шинжээчид янз бүрээр тайлбарлаж байна.
“Goldman Sachs”-ын таамаглаж буйгаар бол 2011 онд зэсийн үнэ огцом өсөх гэнэ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр тэд 2011 оны зэсийн зах зээлийн талаарх таамаглалаа хэлэхдээ зэсийн хэрэгцээ ихэсч, нөөц багасах тул тонн зэс 11.000 ам.доллар болно гэжээ. Тэд “Бид зэсийн үнийг 12 сарын хугацаатай таамаглаад тонн зэс 11.000 ам.доллар болно гэж үзэж байгаа. Мөн 2011 оны сүүлчээр үүнээс ч илүү үнэд хүрнэ гэдэг итгэж байна” гэжээ.
Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр энэ жил 1-9 дүгээр сарын хооронд боловсруулсан зэсийн хэрэгцээ, бүтээгдэхүүнээсээ 436.000 тонноор илүү байх төлөвтэйбайна. Өөрөөр хэлбэл,зэсийн хомсдол 436.000 тоннд хүрэх аж.
Ямартай ч дээрх таамаглалууд эхнээсээ биеллээ олж байна. Өнгөрсөн баасан гарагт тонн нь 10100 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ даваа гарагт 10145 ам.доллараар арилжигдаж,түүхэн амжилтаа шинэчиллээ. Үүнийг зарим шинжээчид ам.доллар чангарсан нь уг таваарын үнийг ийн өсгөх болсон хэмээн тайлбарлаж байна. Зэсийн үнэ “тэнгэрт хадах” нь манай улсын эдийн засаг хийгээд монголчуудын хувьд “алтан аяганаас ус уух”-тай адил юм. Учир нь, бид энэ оны төсөвт тонн зэснийн үнийг 8425 ам.доллараар тооцоод буй.Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 100 ам.доллараар өсөхөд л манай улсын төсвийн орлого жилдээ 10 тэрбум төгрөгөөр нэмэгддэг. Тиймээс зэсийн үнэ өсөх нь бидний хувьд алтан боломж байхаас аргагүй. Зарим судлаач зэсийн үнэ ийн өсч байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэж байгаа, тэр битгий хэл зэсийн үнэ нэмэгдэх нь эдийн засаг хэр эрүүл байгаагийн хэмжүүр ч гэж үздэг. Гэхдээ дэлхийн эдийн засаг сэргэж,зэсийн хэрэгцээ өсөж байгаа ч нийлүүлэлт, хангамж хүрэлцээгүй байгаа нь олон улсын мэргэжилтнүүдийн шүдний өвчин болж байгаа гэх.
Энэ жил зэсийн хэрэгцээ 19.98 сая тонндхүрэх буюу 6.4 хувиар тэлэгдэнэ гэсэн нэгэн судалгааны хариуд “Ийм нөхцөлд зэсийн үнэ буурахыг төсөөлөхөд бэрх” гэж “Рио Тинто”-гийн нэгэн мэргэжилтэн хэлсэн байна.Мөн судлаачид зэсийн үнэ ийн өсөх болсон шалтгааныг зэсийн хомсдолтой холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь, Чилийн “Collahuasi” гэх дэлхийн гурав дахь том зэсийн уурхайд гарсан осолтой энэ шууд холбоотой гэнэ. Тиймээс үүнтэй уялдуулан зэсийн хомсдол 2011 онд 380,000- 500,000 тонндхүрнэ гэсэн олон янзын судалгааг гаргасан. Үүнээс гадна 2012 онд зэсийн хомсдол 562,000 тонн болно гэсэн бас нэгэн судалгаабайна. Эндээс харахад зэсийн үнэ энэ жилдээ буурахгүй нь бололтой.
Судлаачдын сэтгэлийг зовоож байгаа бас нэг асуудал бол зэсийн үнэ савангийн хөөс шиг томорсоор гэнэт дэлбэрчихвэл яанагэсэн асуулт юм. Хэрэв тэгэх юм бол манай парламентын гишүүд хамгийн түрүүнд нүдэнд орсон өргөс мэт хэн хүнд чичлэгдэх биз. Гэхдээ зэсийн үнэ өсч, буурах нь тэдэнтэй огт хамаагүй шүү дээ. Гаднын зарим мэргэжилтнний хэлж буйгаар зэсийн үнэ “дэлбэрч” магадгүй гэнэ. Зэсийн үнэ “зэрлэг” өсөж байгаад “гэнэт дэлбэрэх” аюултай бөгөөд ингэвэл цахилгаан барааны гол түүхий эдийнүнэ навс унаж мэдэх юм байна.Гэхдээ бид энд ямар ч үүрэггүй, юу ч хийж чадахгүй учраас тийм зүйл битгий тохиолдоосой хэмээн залбираад л сууж байхаас өөр аргагүй юм. Харин зэсийн үнэ нэмэгдэж буй нь өндөр хөгжилтэй улс орнуудын аж үйлдвэрүүдэд хүнд дарамт болж байгаа бололтой. Арга ч үгүй юм, зэс хэрэглэдэг машин, компьютер гээд л олон мянган бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд зэсийн үнэ огцом өссөж байгаад бухимдаж байгаа. Мөн Англиболон АНУ-ын улсын банк, санхүүгийн байгууллагууд зэсийн нөөцийг их хэмжээгээр худалдан авч байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлжбайгаа гэдгийг шинжээчид хэлж байна. Лондонгийн үнэт металлын биржийн зэсийн нөөцийн тавиас илүү хувийг л гэхэд АНУ-ын J.P.Morgan худалдаж авсан байна. Үүнээс гадна,Английн нэг, АНУ-ынхоёр хөрөнгө оруулагч санхүүгийн байгууллага зэсийн хувьцааг онилж үйл ажиллагаа явуулна гэж өнгөрсөн оны эцсээр зарласан нь зэсийн үнийг өсгөх бас нэг шалтаг болсон гэдгийг ч тэд хэлж байгаа юм. Юутай ч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа нь бидэнд “азны юм” гэхнээс өөр юу хэлэх билээ. Зэсийн үнэ дахиад өсөөсэй…
Ц.Пүрэвжав
URL: