“Юун МАК цаана чинь Энхбаяр”
Ийм “аймшигтай” мэдээг УИХ-ын гишүүн Ц.Одбаяр Дорнод аймагт хүргээд иржээ. Өдгөө тэнд МАН-ын хорооноос нь эхлээд аймгийн ИТХ нь хүртэл үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг сандран бужигналдаж байна. Оны өмнөөс л “МАК”-ын Н.Номтойбаяр гэдэг баян залуу баруун, солгойгүй мөнгө шидсээр Дорнодод ирсэн. Гэсэн ч Монголдоо л амьдралын түвшин нь гайгүй гэгдэх дорнодчууд “арай ч бид баруун аймгийн ядуус шиг мөнгөөр худалдагдахдаа тулаагүй” гэсэн байдалтайгаар залуу баяныг угтсан. МАН-ын хорооны зарим нөхөд болон аймгийн АН-ыхан иймэрхүү утгатай сөрөг сурталчилгааг одоо болтол явуулж байна. Тэгвэл МАК-аас илүү аюултай нөхөр гараад ирсэн нь МАХН-ын даргаар тодроод байгаа Н.Энхбаяр юм. Тэрээр Ц.Шинэбаярын оронд УИХ-д орж ирэхээр төлөвлөж байгаа нь МАН-ынхныг ихэд айлгаж Ц.Одбаяр гишүүнийг “ардын элчээр” Дорнод руу яаран илгээсэн гэнэ. Ц.Энхбаярыг Дорнодод “үүрээ засчих вий” гэдгээс сүнсээ хагартал айж байгаа бас нэг хүн бол “МАК”-ын Н.Номтойбаяр юм. Учир нь Н.Энхбаяр алтны магнат аавтай нь хэзээний таарамж муутай. “МАК”-ын Т.Нямтайширыг бизнесийн хүрээнийхэн “хос морьтой” гэдэг бөгөөд тэр нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарыг хэлж байгаа юм. Т.Нямтайширын охины хуримд улс төрийн томчуудаас зөвхөн Ц.Элбэгдож, Н.Багабанди нар уригдан тусгай нисдэг тэргээр заларч байсан гэхээр энэ бүхэн цаанаа нэгийг хэлээд байгаа биз. Нэг экс, нэг албан үүргээ гүйцэтгэж байгаа гээд хоёрын хоёр Ерөнхийлөгчийн ивээлд багтсан “МАК”-д Н.Энхбаяр хэрэггүй биз. Түүнд нь л МАХН-ын дарга ихэд хорсчээ. Саяхан тэрээр МАН-ын шинэ байранд Н.Номтойбаяр тэрбум төгрөг шидсэн, “МАК” олон жил Монголын нүүрсийг урагшаа хямд гаргаж улсыг мөлжсөн хэмээн Т.Нямтайширын муу муухайг уудлаад гарлаа. Удахгүй Ц.Шинэбаярын оронд дорнодчуудыг төлөөлнө гээд УИХ-д гараад ирж магад. Тэгвэл “МАК”-ын Н.Номтойбаярт энэ аймгийн хойморьт биш харин хаяавчинд л жаахан зай олдох нь ойлгомжтой.
С.Цог
URL: