FACEBOOK-ИЙН ХУВЬСГАЛ УУ, ТУРШИЛТ УУ
Египет улсад болж буй явдлыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлтээ өгч эхлээд байна.
Арабын хойг, Хойд Африкийн улс орнуудад өрнөж буй үйл явцыг 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр зүүн Европ, дундад азид өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтэй адилтгаж байна. Ихэнх судлаачид Египетэд болж үйл явцыг эдийн засгийн сул байдлаас улбаатай нийтийг хамарсан ядуурал, эрх чөлөөний хязгаарлалт, нэг хүн төрийн эрхэнд удаан хугацаагаар байснаас үүдэн өөрөө аяндаа бий болсон гэж дүгнэлт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Яг л “хувьсгалын тохироо” бүрдсэн байсан гэсэн үг. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд ямар нэг тодорч гарч ирсэн удирдагч, зохион байгуулагч байхгүй байгаа нь ингэж үзэхэд хүргэж байгаа нь үндэстэй юм. Нөгөө нэг шалтгаан нь Facebook-ийг ашигласанд оршино. Египтэд эсэргүүцлийн хөдөлгөөн анх Facebook-ийн сүлжээг ашиглан иргэд цуглан жагсаж эхэлсэн нь өнөөдөр тодорхой болоод байна. Тиймдээ ч жагсаал цуглаан үүсээд эхлэнгүүт тухайн улсын эрх баригчид хамгийн түрүүнд интернэт, дараа үүрэн телефоны сүлжээний үйл ажиллагааг зогсоосон хэдий ч галт тэрэг нэгэнт хөдөлсөн байсан. Хэдэн жилийн өмнө зарим улс оронд өрнөсөн “өнгөт хувьсгал”-ын үеэр гар утсыг ашиглан нийтийг цуглуулах, эсэргүүцсэн үйл ажиллагаанд татан оруулах, уриалах аргыг ашиглаж байсан. Гэхдээ үүний ард тодорхой хөдөлгөөнүүд байсан нь тодорхой юм. Тэгвэл Facebook-ийн ард хэн байна вэ? Мэдээж Египетчүүд өөрсдөө байгаагүй нь өнөөдөр бүгдэд илэрхий
FACEBOOK-ийг Марк Закерберг гэх 26 тай залуу хэрхэн байгуулж, тэрбумтан болсон түүхийг дэлхий даяараа мэдэх болж, хүүхэд залуус түүнийг бахархан дуйраах болсон. “Social Network” нэртэй кино гарч дэлхий нийтээрээ шимтэж байна. Энэхүү “Social Network” гэсэн шинэ харилцааны хэрэгсэл өдөр тутам хүрээгээ тэлж, аль хэдийн 500 сая хэрэглэгчтэй болж, “Goldman sachs “-аас 450 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөртөө татах болсон. Алдарт Google өөрийн байнгын хэрэглэгчдээ Facebook-т алдаж эхэлсэн. Энэ бол зөвхөн өнгөн хэсэг.
Facebook-ийн сүүдэрт буй тал одоохондоо нийтэд хараахан ил болж чадахгүй байгаа ч тодорхой хүрээнд яригдаж эхлээд байна. Facebook-ийг бий болох, хүрээгээ тэлэх үйл ажиллагааны ар талд АНУ-ын Тагнуулын төв газар /CIA/ болон АНУ-ын батлан хамгаалах хүчин /US Department of Defence/ байсаар иржээ. Гардан хэрэгжүүлэгч байгууллага нь ТТГ-ын салбар болох National Clandestine Service гэх нэртэй байгууллага. Facebook-ийн эхний ээлжийн 500 мянган долларын санхүүжилтийг PayPal-ийн гүйцэтгэх захирал, “VanguardPAC” хөрөнгийн эрсдлийн компаний эзэмшигч Петер Тайл, удаахь 12,7 сая долларын хөрөнгө оруулалтыг “Accel Partners” гэх пүүс хийсэн байна. Тус пүүсийн менежер Жэмис Браэр нь 1999 онд ТТГ-ын үүсган байгуулсан хөрөнгийн эрсдлийн “CEO of In-Q-Tel” компани боон “National Venture Capital Association”-ийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тус компаний нэг чиглэл нь “мэдээллийн санг олзворлох технолги” юм байна. Түүний хамтрагч байсан Гилман Луй нь АНУ-ын Батлах хамгаалах яамны судалгаа, инженерийн албаны захирал болон тус яамнаас хэрэгжүүлж байсан томоохон төслүүд дээр ажиллаж байсан байна. Facebook-ийн талаар ТТГ-ын төлөөлөгч “Энэ бол үнэлж барашгүй хэрэгсэл” гэсэн мэдэгдлийг 2007 онд хийж байжээ. Үндсэндээ ТТГ-аас 2006 оны 12 дугаар сараас эхлэн Facebook-ийг ашиглаж эхэлжээ.
АНУ-ын ТТГ-аас 1990 оны эхнээс эхлэн “Эшлон” нэртэй сүлжээг ашиглан утсан харилцаа, интернэт болон бүхий харилцаа холбооны салбарын үйл ажиллагааг хянах ажиллагааг эхлүүлсэн. 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараагаар терроризмоос урьдчилан сэргийлэх хүрээнд тусгай албад илүү өргөн эрх мэдэлтэй болсон төдийгүй үйл ажиллагааныхаа хүрээг тэлсэн. Интернэтийн орчинд хяналт тавих, нөлөөлөх олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Тухайлбал: 2005 оноос ADVISE системийг ашиглах болж, интернэт сүлжээгээр явагдаж буй бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж судалгаа хийх болсон. Эдгээр үйл ажиллагааны нэг хэлбэр нь Facebook юм.
Facebook нь зүгээр нь иргэдийн хоорондоо харилцах хэрэгсэл бус түүнд маш их хэмжээний мэдээлэл мөч бүхэнд эргэлдэж байдаг. Хэрэглэгчдийн талаарх мэдээллээс гадна, тэдгээрийн хоорондоо харилцаж мэдээ, мэдээлэл нь хэдэн зуун саяаар эргэлдэх төдийгүй ямар ч том мэдээллийн хэрэгслээс хэрэгслээс давж гараад байна. АНУ-ын ТТГ-ын мэдээллийн 80 гаруй хувь сонин, хэвлэл, интернэт зэргээс цуглуулсан мэдээлэл байдаг тул Facebook нь үнэлж барашгүй мэдээллийн эх сурвалж болох нь дамжиггүй. ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албанаас Facebook-тэй төсөөтэй оюутан, залуусыг хамарсан интернэтийн сүлжээ байгуулан ашиглаж байсан нь саяхан ил болсон билээ. Энэ байдлыг мэдсэн Хятадууд Facebook-ийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж хязгаарлаж байдаг. Сүүлийн үед Facebook нь Face.com-ийг ашиглаж байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байгаа нь Facebook-ийн нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харуулж байна.
Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрийн болон бусад улс орны иргэдийн сэтгэл санаанд нөлөөлөх, тодорхой үйл ажиллагаанд уриалах, өдөөх аргыг АНУ болон ОХУ зэрэг улсууд хүйтэн дайны үеээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Америкийн дуу хоолой, Оросын ИТАР ТАСС агентлагуудыг дурьдах хангалттай. Өөрөөр хэлбэл мэдээллийн дайн. 2008 онд Орос болон Гүржийн мөргөлдөөний үеэр мэдээллийн дайн давхар явагдсан гэж үздэг. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл нь Facebook гэж хэлж болох талтай, учир нь тус сүлжээ одоогийн байдлаар 500 сая гишүүнтэй болсон төлийгүй цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймээс Facebook бол мэдээллийн орон зай дахь маш том зэвсэг гэж үзэж болох талтай. Анх АНУ-ын ТТГ Facebook-ийг санхүүжүүлэхдээ зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой байсан байж болох талтай, гэвч энэ сүлжээ нь итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхийг аалзны тор шиг хэрсэн. Манай улстөрчид харин энэ талаар нэлээн ойлголттой дадлага туршлагатай гэж үзэх үндэстэй. Улстөрч бүр өөрийн мэдээллийн бүхэл бүтэн агентлагтай. Харамсалтай нь өөр хоорондоо тэмцэх юм даа. Гэтэл бусад улсууд өөр бодлого баримталж байна.
Эргээд Египетийн асуудалдаа эргэн оръё. Арабын улсуудад ардчлалыг өрнүүлэх нь АНУ-д ашигтай юу? Мэдээж ашигтай. Дарангуйлалын нийгмээс ардчилалд шилжин орсон улс бүр америкийн талыг баримталдаг нь жишиг болон тогтсон. Египет, Сири, Иордон, Иемэн, Тунис зэрэг ойрхи дорнодын улс орнууд нь газрын тосоор баялаг Саудын Араб, Кувейт зэрэг улсыг бодвол үйлдвэрлэл хөгжөөгүй, байгалийн баялаг байхгүй, Египетийн хувьд аялал жуулчлал, Суэцийн сувгийн ашиглалтаас өөр орлого байхгүй байгаа байдлаас улбаатай эдийн засгийн таагүй байдал нь хувьсгалын тохироонд хүргэсэн гэж үзэх үндэстэй. Түүнчлэн улаан тэнгис, Суэцийн суваг нь геополитикийн хувьд үнэтэй байрлал юм. АНУ-ын хувьд Б.Обама засгийн эрхэнд гарснаас хойш Ойрхи дорнод тавих анхаарал нь мэдэгдэхүйц суларсан, ислам шашинт иргэдийн давалгаа Европ, Америкийг бүрхэх аюул нүүрэлсэн, нөгөөтэйгүүр терроризмоос үүдэлтэй Арабын ертөнц дахь АНУ-ыг үзэн ядагчдын тоо өсч буй зэрэг хүчин зүйлээс шалтгаалж ойрхи дорнод салхи оруулж байж болзошгүй. Гэхдээ АНУ үргэлж өөртөө дайсан бий болгодог гэдгийг санах хэрэгтэй. Бен Ладеныг Афганы дайны үед америкчууд санхүүжүүлж байсан, өнгөт хувьсгалыг Америкууд хийсэн ч Украйн, Киргизээс эхлээд энэ үйл ажиллагаа үр дүнгүй болсон. Сүүлийн Египетын хувьд исламын шашныг гол болгодог Мусламын ахан дүүс гэх нэртэй хүчин улс төрийн голлох хүчин болох төлөвтэй, Тунисын хувьд гадаадад цөлөгдсөн исламын үндсэрхэг талыг баримтлагч эргэн ирж улс төрд орохоо мэдэгдээд байгаа нь АНУ дэлхий даяар нөлөө улам бүр ихэсэж буй исламын шашинт иргэд, тулгуур үзэлтнүүдийг үйл ажиллагааг саармагжуулах бус харин дэвэргэсэн байж болохоор дүр зураг ажиглагдаж байна.
Эцэст нь хэлэхэд АНУ-ын зүгээс бусад улс орон дахь өөрийн орон зай, эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг ил, далд хэлбэрээр байнга явуулсаар ирсэн бөгөөд Египет бол зүсээ хувиргасан “өнгөт хувьсгал”-ийн үргэлжлэл гэж үзэх болохоор байна. Түүнчлэн орчин үед мэдээллийн технологийг ашиглан нийгмийн сэтгэл зүйд хэрхэн хүчтэйгээр нөлөөлж болохыг харуулсан үйл явдал боллоо
URL: