Онилсон бууны өөдөөс Монгол бодьгал сөрөн зогссоор байх уу

Үндэсний аюулгүй байдал хэмээн дарга нарыг ярьж суух зуур хүн амыг маань утаа болон хоолойгоор давж буй хүнс чимээгүйхэн мэрсээр удлаа. Өнөөдөр хилийн боомт дээр буу барин зогсох цэргүүдээс илүүтэй гаднаас орж ирж буй хүнсийг шалгах бүрэн тоноглогдсон лаборант байвал өнөөх өндөр дуугаар яриад байдаг үндэсний аюулгүй байдлаа бид хамгаалж чадна.

Дэлгүүрийн лангуун дээрх элдэв чамин өнгөтэй цаасны цаана хор нуугдсаар байгааг хэрэглэгчид төдийлөн мэдэхгүй. Тэд хоол гэж авахаас биш хор болно гэж яахан мэдэх билээ.

Үнэндээ хятадуудын хүнсний хэрэглээнд байдаггүй химийн бордоогоор бордон мутацид орсон жимс, ногоо, цагаан будааг вагон, вагоноор нь Монгол Улс татаж байна. Цөөхөн хүн амаа чимээгүйхэн хороох гэж тэр их аюултай хүнсийг хилийн дээсээр нэвтрүүлж буй гэлтэй. Гэтэл “Юмны эзэн сумны занги” болох мэргэжлийн байгууллагууд, хариуцсан яамныхан энэ байдлыг жишим ч үгүй цөөн хэдэн байцаагч хар мянган импортын бараанд яаж хяналт тавих билээ, шалгах тоног төхөөрөмжгүй гар мухар бид яах ч аргагүй хэмээн арга ядсан хариулттай суудаг. Хэдэн жилийн өмнө ЭМЯ “Эрүүл монгол хүн” хэмээн дээр, дооргүй дарцагласан ч тэр үед хүнсний аюулгүй байдал алдагдан эрүүл мэндэд заналхийлж буйг хэн ч сөхөөгүй. Харин ч эмч нар нь бөөнөөрөө Хятадын мандаринд хордож дуулиан дэгдээж байлаа.

Дэндүү хэнэггүй ард түмэн гэдгийг бидний хоолойгоор давж буй хүнс бэлхнээ илтгэх юм. Дээр суугаа хэдэн нөхөд ч гэсэн “Сүх далайтал үхэр амар” гэгчээр элдэв юм гарахгүй бол чимээ анир ч үгүй суусаар удлаа. Алив асуудлыг дээд цэгт нь хүргэн байж шийддэгийг нийслэлийн утаанаас харж болно. Аргагүй ч юм уу даа тансаг машин хөлөглөж, хотоос зайдуу дээд зэрэглэлийн хауст амьдран, супермаркетаар үйлчлүүлдэг хүмүүст ард түмэн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй байх нь мэдээж юм. Тийм атлаа сонгуулиар урдахаа мартан иргэдийн улыг долоох нь холгүй гүйх нь сонин. Уйлан хэлэх нь холгүй гүйн байж УИХ-ын сэнтийд суунгуутаа амнаасаа буцаж “бэрд”-ийн дүрд хувилдаг нь нууц биш. Үнэндээ гадны орнуудын дэлгүүрийн лангуун дээр 80 хувь нь дотоодын хүнс 20 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг гэх юм билээ.

Гэтэл манайх эсрэгээрээ 20 хувь нь дотоодынх, 80 хувь нь гадны бүтээгдэхүүн өрөөстэй байх юм. Гэтэл тэр импортын хүнс нь замдаа хэд хөлдөж, хэд гэсч ирэхээс эхлээд хугацаа нь хэтрэх бол энүүхэнд. Дээр нь “монгол арга” ходоодоор минь дамжин амь насанд минь заналхийлэх болсон. Өнөөх хятадын үзмийг өнгөлөг харагдуулахын тулд наранцэцэгийн тос хийн гадны элдэв тоос шороог татна. Алим жимсийг арааны шүүс асгаруулам харагдуулахын тулд лаадаж, малын махыг өнгөлөг харагдуулахын тулд химийн бодисоор арчдаг гээд байж боломгүй аргууд хэрэглэдгийг эх сурвалж өгүүлсэн. Үнэхээр ийм л хүнсийг хэрэглэж суугаа монгол түмэн яаж ч эрүүл байх билээ дээ. Элдэв хорт хавдар газар авлаа л гэх.

Үнэндээ хорт хавдар ихсэж буйг идэж буй хүнснээсээ хайх хэрэгтэй. Ардчилсан Ерөнхийлөгч утааны хууль санаачилж, архинаас татгалзаж сүүгээ хэрэглэхийг чухалчилсан. Мөн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг өрнүүлэхийг чиглэл болгосон. Тиймээс энэ удаа Ерөнхийлөгч хүн амыг заналхийлж буй хүнсний аюулгүй байдлыг даруйхан анхааралдаа авахгүй бол хоёр сая гаруй хүн ам маань өдрөөс өдөрт цөөрсөөр байх нь.

Б.Ариунзаяа

“Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих