О.Чулуунбат: 19 зууны хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна
УИХ-ын намрын чуулганаар Казиногийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан ч шоовдорлогдсон. Санаачилсан гишүүн болгоноо хэл aм, хардалт сэрдэлтэд өртүүлдэг хана муутай казино уг нь ядарсан эдийн засаг, хумигдтал аялал жуулчлалтай танайх шиг оронд туйлын ач холбогдолтой гэдэг. Анх 1998 онд Д.Энхбаатар гишүүн санаачлан батлуулсан ч, төд удалгүй жилийн дараа парламентын гурван гишүүнийг хөлдөө чирч “аавын” хаалга татуулж хоромхон зуур цуцлагдсан гашуун түүхтэй. Өмнөх парламентын үед буюу 2007 онд Ц.Шаравдорж нарын найман гишүүн дахин Казиногийн тухай хууль санаачлан өргөн барьсан нь хүчингүй болсон хуучин хуулиас ‘ “хязгаарлагдмал” гэсэн тодотголоороо ялгаатай байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Загджав нарын гишүүд яг жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх гээд бас л хардагдаж төсөл нь салхинд хийссэн билээ.
Монгол Улсын нийгмийн хөрсөнд буух хувьгүй казино гэдэг энэ газар харийн гэмээр ч улс орны нүүр царай, соёлын түвшинг илтгэж, хүний чөлөөт цагийг сонирхолтой хэлбэрээр өнгөрүүлж, эдийн засагт нь чамгүй мөнгө шиддэг гэдэг. Магадгүй төрийн түшээд санаачлахаар сэтгэлдээ төлөөлж байхад нь урьтаж нэг нь өргөн барихаар, барьцахын эрхэнд ашиг сонирхлын зөрчилдөө автаж түлхдэг жишиг үе үеийн парламентад давтагдах төлөвтэй. Намын бүлгүүд ч гэсэн эсрэг байхаар байр сууриа нэгтгэж, ач холбогдлыг нь бус атаа жөтөөг эрхэмлэх болсон нь гайхалтай. Манай төрийн түшээдээс О.Чулуунбат гишүүнийг энэхүү тоглоомыг шохоорхон багагүй тоглодог гэдэг. Өөрөө ч үүнийгээ нуулгүй улс орнуудад орлогын томоохон эх үүсвэр болдог.хэмээн өгүүлдэг. Тиймээс түүнтэй уулзаж ярилцлаа.
-Казиногийн хууль санаачилсан гишүүд “аавын” хаалга татсан түүхтэй. Энэ хуулийн төслөөс УИХ яагаад татгалздаг юм бол?
-Олон дахин унагасан нарийн учрыг нь мэдэхгүй. Казиногийн хуулийг 1998 оны анхны төслөөр нь ч хамаагүй батлаад хэрэгжүүлэх ёстой байсан юм. Энэ бол их бүтээн байгуулалт, ажлын байр, шинэ бизнес төрүүлж, гадаадын олон жуулчин дуудах төсөл. Мөн эдийн засаг, айл өрхийн амьдралд шууд сайнаар нөлөөлнө. Казино гэхээр дээрэм, хулгай, янхандалт байдаг гэвэл том эндүүрэл. Би Америкт амьдарч байхдаа олон улсын казиногоор явж үзсэн. Москвад ч ялгаагүй. Өөрийгөө хянаж чадахгүй, зохион байгуулалт муутай казинотой, казиногүй үр хүүхэд, хамт олон, найз нөхдөдөө тус нэмэр болж чадахгүй яваа хүн одоо ч гэсэн бидний дунд байгаа шүү дээ. Ганцхан казино тийм болгодог гээд хадны мангаа шиг юм тайлбарлаад байх юм. Тухайлбал, хар л даа. 1998 онд би авах дотор нь тамхи үнэртсэн цөөхөн хүн ордог маш жижигхэн Макаогийн Казинод орж байсан юм. Гэтэл”" 1997-1998 оны үед дэлхийн том казиногийн боссууд Монгол Улс хуультай болох нь гээд казино барихаар ирж байсан түүхтэй. Жишээ нь ноён Уингс, Адельсон байна. Бүгд Монголыг сонирхож байхад манайхан ийм хачин зан гаргаад том бизнесийг хөөчихсөн. Одоо алдаагаа засаад бушуухан л хөгжүүлэх ёстой гэж би боддог. Хамгийн гол нь хэн байгуулах нь хамаагүй. Засгийн газар байгуулна уу, гадныхан байгуулна уу, Монголын хувийн компани байна уу тэр нь чухал биш. Эдийн засагт маш хэрэгтэй чухал төсийг л бид хэрэгжүүлж чадахгүй үл ойлгох шалтгаанаар хойшлуулаад байна.
-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг үүднээс татгалзсан гэсэн. Харин та эсрэг байр суурьтай байх шиг?
-Тэгж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг ярих юм бол манай 10 хүний дөрөв нь элэгний өвчнөөр үхэж байна. Тэгэхээр архи, пиво, архидалтын асуудал манай үндэсний аюулгүй байдлын нэгдүгээрт тавигдана. Мөн Улаанбаатарт сая гурван зуун хүн уушигны өвчтэй болж байна. Эдгээр нь үндэсний аюулгүй байдлын хамгийн анхаарах ёстой асуудал мөн биз дээ. Гэтэл казино гэдэг ийм бүтээн байгуулалтын төслийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэвэл тэр хүн маш том эндүүрч. Бүр 19 зууны маш хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна.
-Бас байгуулах газар, аялал жуулчлалын цогцолбороо хүртэл бэлдчихсэн байсан болохоор хэн нэгний лообийгоор хийж байна гэсэн сэрдэлтийн учрыг хөврүүлсэн л дээ?
-Казино байтугай байшин барих, өвөлжөө барихдаа газраа хүн товлодог. Зөв шүү дээ. Хэн ч байсан газраа аваад Монгол Улсын хуулийн зохицуулалтын дагуу бүх юмаа хийгээд явж л байвал дэмжих хэрэгтэй. Одоогоор манай улс мөнгөний урсгал муутай орон шүү дээ. Мөнгөний урсгал орж ирэх тусмаа сайн. Мөнгөний урсгал орж . ирээд тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэвэл бас л буруу бодол. Мөнгө их орж ирэх тусам ажлын байр, орлого, бизнес, хөрөнгө оруулалттай байна гэсэн үг.
-Казино тэгээд хангалттай мөнгө оруулж ирдэг юм уу?
-Тийм их хангалттай гэж би ярихгүй. Яагаад гэвэл манайхыг тойроод бүх орон казинотой болчихсон шүү дээ. Казахстан, ОХУ, БНСУ, Япон, Сингапурт бий. Макаогийн казино бүр гоё болчихлоо. Вьетнам казинотой гээд бодооч. Манай улс л хамгийн “ухаантайгаараа” үлдчихээд байна 1998 онд би Макаод очиход архи, тамхи ханхалсан хуучны муу жижигхэн , казинотой байснаа одоо Лас-Вегасынхаас ч гоё болсон гэдгийг дахин хэлье. Тэгэхэд Монголоо хар л даа.
-Казинод Ази, Европын гэх ялгаа бий юу. Эсвэл ерөнхий нэг хэв маягтай байдаг уу?
-Ялгаа байхгүй. Би казинод зөндөө орж үзсэн гэж хэлсэн. Казиног хүн сайхан амрах, чөлөөт цагаа соёлтой өнгөрөөх тийм л газар гэж ойлгосон. Би тэнд ороод хамаг мөнгөө алдаж үзээгүй. Бас хамаг мөнгийг нь шулж үзээгүй, Цаг өнгөрөөх аятай таатайхан тийм л газар. Яагаад казиног хүмүүсийг ядууруулдаг, мөлждөг, янхандалт бий болгодог гэж ойлгуулаад байгааг би ойлгохгүй байна.
-Тэгвэл гадаадынханд өгч байхаар, өөрсдөө байгуулж болмоор юм биш үү. Гадны хөрөнгө оруулагчид олсон мөнгөө гаргачихна шүү дээ. Хэрвээ өөрсдөө байгуулъя гэвэл хөрөнгө, санхүүгийн чадамжийн хувьд боломж хэр вэ?
-Төсөл болгоныг тэгж ойлгох юм. Өмчлөгч нь төсөвт хэдэн төгрөг төлөх гэдэг гол биш шүү дээ. Хичнээн ажлын байр бий болох вэ, бодоод үз дээ. Долоо хоног бүр мянган хүн ирж тоглоход манай улс эрчим хүч, ус, хоол, тээвэр, үйлчилгээ, урлагаар хангана гээд бод. Энэ чинь бүгд монголчуудын орлого биш үү. Бид тэгж л тооцох ёстой байхгүй юу. Гэтэл хэн барих вэ, өө тэрнийх юм уу гэдгээр яривал хэзээ ч баригдахгүй. Бид өөрсдөө мөнгөгүй, чадваргүй, ганцхан атаархаж, хорсож л чаддаг улс. Өөр юу ч чаддаггүй биз дээ.
-Манайд тэгэхээр ямар хэмжээний казино нь тохиромжтой юм бол. Том, жижиг янз бүр байдаг гэсэн?
-Дэлхийн жишгээс хараад байхад том нь дээр. Монголчуудад хамтарч цугладаг, нийгмийн арга хэмжээнүүд бага байх юм. Би бусад орнуудад олон жилээр ажиллаж, амьдарч үзлээ. Гэтэл манайханд бүгдээрээ ч нийлж цугладаг сайхан газар үгүйлэгдээд байна. Жишээ нь, сүм. Москвад би нэлээд удсан. Гэтэл оросууд нийтийн биеийн тамир, урлаг соёлын арга хэмжээ, сүмд их очдог. Америкт бол сүм, казинод их цугладаг. Залуу гэр бүл болж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь тэнд танилцаж байна. Гэтэл манайхтай адил гудамжинд юм уу орцонд тамхи татаж байгаад танилцсан улс хамт удаан амьдрахгүй шүү дээ. Тийм сайхан спорт, урлаг соёлын болон казиногийн том арга хэмжээний үеэр хүмүүс их танилцдаг юм билээ. Би Атлантик сити хотод байхдаа долоо хоног бүр казинод очдог байсан. Тэнд Америкийн шинэ концерт, спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг үзэж байсан. Энэ бүгд манайд хэрэгтэй байгаа биз дээ.
-Тэгэхээр казиногоор нэлээд ордог юм байна. Олсон олз, гарсан гарлага их байх үе байв уу?
-Ухаанаа алдтал тоглоно гэж юу байх вэ. Тав, арван доллараар тоглож заримдаа хожиж байхад заримдаа алдах нь ч байлаа. Тэглээ гээд би шаналах нь бүү хэл нэг удаа ч харамсаж үзээгүй. Хамгийн гол нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, сайхан амрах нь чухал. Амьдралаа зохион байгуулж чадахгүй хүн халаасанд байгаа 100 доллараа алдчихвал тэр хүний хувьд асар их мөнгө биз дээ. Тийм хүмүүс өнөөдөр ч гэсэн амьдрал дээр 100 доллараараа архи уугаад амьдрал ахуй, ар гэрээ баллаад явж байна. Тэгэхээр цэвэр хувь хүний зохион байгуулалтаас шалтгаалж байгаа биз.
-Хувь хүний арчаагүй байдлаас болж улс бодлогоор хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслөө алдаж бодохгүй гэж үзэж байна уу?
-Хэдхэн муу хүний биеэ авч явах байдлаас шалтгаалаад хөгжлийн том төслөө хойшлуулаад байж болохгүй гэж би дүгнэдэг. Хэрвээ тэгж байгаа бол маш арчаагүй үзэгдэл. Хоёрдугаарт манай УИХ, Засгийн газар дээр энэ шалтгаанаар татгалзаж байгаа нь аймшигтай арчаагүйгээ харуулж байгаа хэрэг. Гэхдээ олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг. Гишүүдийн ихэнх нь дэмжсэн шүү дээ?
-Одоо яах вэ дээ, тэгвэл тэгээд хойшлуулаад л байхгүй юу. Манай хойч үеийнхэн биднийг хөөрхий “дэндүү ухаантай” байж дээ гэж дүгнэх байлгүй. Ганц нэг хүнийг мөнгөө алдах вий гэж бодох нь ухаантай нь шинж юм байлгүй.
-Бас нэг нэгэнтэйгээ барьцаж өргөн барих гэсэн бодол гишүүдэд байна уу даа гэх хардах сэтгэл төрөөд байна л даа. Магадгүй лообийны мөнгөө алдаж байгаа ч юм билүү?
-Хоорондоо уралдаж, өрсөлдөж байж бас болно.Тэгж байгаа бол шийдвэрээ гаргачихъя л даа. Засгийн газрын мэдлийн казино байгуулаад, дараа нь хувьцаа гаргаж болно. Хувьцаанд хэн их мөнгө гаргаж, төсөвт төлнө тэр хүн л авч бас болно оо. Зөндөө олон арга байхад хайран цаг алдаж байх юм. Их мөнгөтэй хүнээр мөнгийг нь төлүүлээд өгөх л хэрэгтэй асуудал.
-Хувийнх байх нь дээр үү, улсынх байх нь дээр үү?
-Ашгийн хувьд адилхан өгөөжөө өгнө. Надад Макаогийн , казинотой нарийн танилцах боломж олдож байсан. Ширээн дээр тавьсан нэг доллар болгоны 40 центийг Макаогийн Засгийн газар авдаг юм билээ. Үлдсэн 60 центэд нь хоол хүнс, үйлчилгээний бүх зардал ордог. Тиймээс хөрөнгө оруулагчид нь 10-20 цент л үлдэж ашиг болдог. Казино чинь барингуутаа маргааш нь баян болчихдог төсөл биш байгаа биз дээ. Том биш дунд зэргийн нэг казино байгуулъя гэхэд хамгийн багаар бодоход хоёроос гурван мянган хүн1000 доллараас буухгүй цалин авч, ардаа хорь, гучин мянган хүнийг тэжээнэ.
Бас маш олон гоё үйлчилгээний төвүүд баригдаж, жуулчдад үйлчлэх хоёроос гурван мянган жолооч ажил хийнэ. Мөн цахилгаан станц, нүүрсний компаниудын орлого нэмэгдэж, манай бүх хүнсийг хэрэглэж, малчдын болон өрхийн орлого шууд нэмэгдэх болно. Тэгэхээр ганцхан төсөл манай эдийн засгийг чирээд явчих ашигтай. Гэтэл америк хүн байгуулах гээд байна гээд больсноос энэ олон ажлын байр бий болохгүй байна шүү дээ. Эдийн засаг болон байршлын чадамж манайд байгаа ч, ганцхан оюун ухаан, мэдлэг боловсролын чадамж байхгүй нь харамсалтай.
-Гишүүдийн өргөн барьсан төсөлтэй танилцахад хэр боловсрогдсон байв. Чухам юу нөлөөлөөд хууль нь гардаггүй юм бол. Зарим хуулийг бөөцийлсөөр байгаад төрүүлдэг биз дээ?
-Танилцаж амжаагүй ээ. Ямар ч төсөл байсан хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголд тийм хэрэгтэй зүйлийг заавал бодоод яах юм. Арван хэдэн жил энэ хуулиас ичиж байгаа улс байна л гэж ойлгох хэрэгтэй. Түүнийг хэн өмчлөх, ажиллуулахаас илүү хэрэгжээсэй гэдэг нь чухал. Казино гэдэг чинь мөнгөө тушаагаад байдаг газар огт биш.
-Тэгээд манайд байгуулахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Манай хууль эрх зүйн орчинг тогтвортой биш гэж хөрөнгө оруулагчид үздэг. Ашгаа хэр хугацаанд өгдөг төсөл юм бол?
-Хамгийн гол нь эрх зүйн орчин тодорхой байх хэрэгтэй. Их зүйл барьчихсан байхад нь манайх шиг орон нэг жилийн дараа цуцалчихвал олон хүнийг “шатааж” орхино биз. Яг энэ урт нэртэй хуультай адилхан. Монголын бөгөөд гадны уул уурхайн компаниудыг хайгуулын ажил баахан хийлгэснээ гэнэтхэн нэг өдөр “больцгоо” гээд хууль гаргаад ирэхээр шатна биз дээ. Хүн хүнээ хайрлаж амьдрах ёстой гэж би боддог. Хүн хүнээ хорлож амьдрах зохимжгүй. Ямар ч казино байгуулсан эдийн засаг алдагдал хүлээхгүй. 10-15 жилд ашгаа өгч эхлэх ёстой. Тэр ч бүү хэл Засгийн газар барьчхаад ард түмэндээ хувьцааг нь эзэмшүүлж ч болно. Мөнгөтэй нь Макао, Сөүл явж тоглоод байна. Тэднийг хорьж болохгүй биз дээ.
-Эрүүгийн нөхцөл байдлыг хамгаалах үүднээс бас эсэргүүцдэг. Энэ талаар та юу гэж бодож байна. Казиногийн орчинг тодорхойлохгүй юу?
-Энэ олон архины дэлгүүр, замбараагүй машины урсгалыг дагаад зөндөө олон эрүүгийн хэрэг гарч байгааг юу гэх вэ. Нээлттэй казинотой газар олон түмний хяналтын дор тоглож байхад цагдаа болон тусгай албаныхан нь хянаж байдаг юм. Би насаараа л казиногоор явлаа. Гэтэл нэг ч гэмт хэрэг, мафитай тааралдаж үзээгүй. Тэнд муухай хувцастай хүн очдоггүй, согтуу хүн байдаггүй, янхандахыг би үзээгүй. Тэнд дэлхийн хамгийн том одууд, мэргэжлийн боксын аваргууд тоглож байдаг. Хэнийг ч ялгаварлалгүй харьцдаг газар.
-Нууцаар ажилладаг казинонууд манайд байдаг гэсэн. Автомат тоглоомын газраар та орж байв уу?
-Зөндөө л байдаг гэсэн. Би мэдэхгүй. Автомат тоглоомын зөвшөөрөл авах гэж түшээдэд 10-50 сая төгрөг өгдөг гэсэн. Тэр мөнгө хүний халаасанд л орсон. Тиймээс хууль гаргахгүй байх нь бас ашигтай байгаа биз.
Л.СУГАР
URL: