“G Mobile” хэрэглэгчдээ луйвардав уу

Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдээ янз бүрээр луйварддаг тухай мэдээлэл худалч хүнд өдөр бүр гардаг.  Гэтэл тухайн компаниудад арга хэмжээ авч, хариуцлага тооцож байгаа газар алга. Саяхнаас эхлэн “G Mobile”-ийнхэн хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж, нэг талаараа луйвардаж эхэлжээ. Бүр баримт, жишээтэй яръя. “G Mobile”-ийн 9810, 9811 дугааруудад сүүлийн хэд хоногт нэгэн сонирхолтой мессеж иржээ. Тэр нь хэрэглэгчдийн утасны яриа тарифт өөрчлөлт оруулж буйг мэдэгдсэн бичил захидал. Уг нь “G Mobile”-ийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид бүх сүлжээнд 55 төгрөгөөр ярьдаг байсан юм. Гэтэл энэ сарын 1-нээс эхлээд сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд 200 минут үнэгүй гэсэн шинэ багц руу шууд шилжүүлж. Энэ багц нь өөрөө 20 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ НӨАТ ороогүйгээр шүү. НӨАТ-аа нэмчихвэл 22 мянган төгрөг болно гэсэн. Сардаа нэг ч удаа дуудлага хийгээгүй байсан ч гэсэн энэ мөнгийг төлнө. Тэгээд бусад сүлжээнд ярих 200 минут нь дуусвал 22 мянган төгрөг дээрээс нь нэмэгдэнэ. Мөн мессеж бичих үнэ ч бас нэмэгдэнэ. Ингээд тооцоод үзэхээр энгийн үед ярьдгаас хамаагүй илүү үнээр ярих болох гээд байгаа юм. Ихэнх хүний хувьд шүү дээ. Сүлжээндээ бараг яриад байх хүнгүй, бусад сүлжээнд ярьж ажлаа амжуулдаг хүн зөндөө л байгаа. Тэнгээд ч  “G Mobile”-ийн хэрэглэгчид тийм ч их биш. Сүлжээндээ үнэгүй ярьдаг байгаад нэг их ач холбогдол багатай. Энгийн тооцоолол хийж үзэхэд хуучин 55  төгрөгөөр ярьдаг байсан бол одоо бараг 110 төгрөгөө ярих болчихоод байгаа юм билээ. Хамгийн гол асуудал нь тэд хэрэглэгчдээсээ ийм шинэ багц сонгох уу гэж огт асуугаагүй. Шууд л шилжүүлчихсэн гэж байгаа. Тэгээд яаж байгаа юм гэхээр энэ дугаар таны нэр төрийн баталгаа ухааны юм яриад байдаг. 11-ийн тоо л орсон байвал нэр төрийн баталгаа байдаг юм уу, хаашаа юм. Хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа хүнийг дугаараа өг гэж шаардсан гэж байгаа. Ер нь хэрэглэгч шинэ дугаар авах үед гэрээ байгуулдаг санагдах юм. Гэрээ байгуулаад, дугаараа авсан бол тэр хүн хэчнээн ч хамаагүй хугацаагаар эзэмших эрхтэй болно биз дээ. Бусдад зарах, бэлэглэх, солих хүртэл шүү дээ. Тиймээс тухайн дугаар “G Mobile”-ийн өмч биш болж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хуулийн дагуу ямар нэг шинэ үйлчилгээ, багц энэ тэр нэвтрүүлэх гэж байгаа бол хоёр тал харилцан зөвшилцөх ёстой. Нэг үгээр хэлбэл, “G Mobile”-ийнхан манайхаас ийм багц гаргалаа, та авах уу гэх маягаар сонголт хийлгэх ёстой юм. Тэгээгүй, шууд шинээр гаргасан багцаа тулгана гэдэг өөрөө гэрээгээ зөрчиж байна гэсэн үг. “Юнител” гэхэд “Сонгодог” гээд 10, 20, 30 гэх маягаар янз бүрийн багцтай. Тэр нь өөр өөрийн гэсэн боломжуудтай. Хүмүүс өөртөө тааруулаад, сонголтоо хийгээд л авчихна. Эсвэл ог авахгүй ч байсан болно. Тэр “Сонгодог” багц нь хүний мөнгийг айхтар хэмнээд гийгүүлэхгүй ч гэсэн сонголт хийх боломжийг нь олгож байгаа гэдэг утгаараа хүний эрхийг дээдэлж байгаа биз. Гэтэл “G Mobile” бол шууд тулгалт хийж байгаа юм. Яах вэ, энэ багц нь илүү ашигтай болохоор тэгж байхгүй юу. Хүмүүс эсэргүүцээд дугаараа буцааж өгнө гэдэг хэцүү. Ямар буцааж өглөө гээд “G Mobile”-аас үнэ төлбөрийг нь төлөх биш. Тэгээд ч хэдэн сар, жил хэрэглэсэн, нэрийн хуудас, холбоо барих бүх зүйл дээрээ тэмдэглэчихсэн дугаараа юу юугүй буцаагаад өгчих хүн ховор. Яаж ч болохгүй шинэ багцийг нь сонгоод, илүү төлөөд явах ажил болно. Аглагт очиж сар хэвтэж байгаад ирсэн ч огт яриагүй байж 22 мянган төгрөг зүгээр л өгөөд байна гэсэн үг шүү дээ. Улаан цагаан дээрэм байгаа биз дээ. Энэ багцийг хэрэглэснээр хуучин сардаа 20 гаруй мянган төгрөг өгдөг байсан хүмүүс одоо 30 гаруйг төлөх хэрэгтэй болно. Үүнийг нэг их задалж тайлбарлаад, тоо бодоод байх шаардлага байхгүй шүү дээ. Түрүүнд “G Mobile” бол цөөн хэрэглэгчидтэй, жижиг үүрэн телефоны компани. Тэр утгаараа сүлжээндээ байнга ярьж, ажил амжуулах боломж хомс шүү дээ. Ядаж олон хэрэглэгчтэй, сүлжээндээ үнэгүй ярихад ашигтай байдаг бол энэ багц болж л байна. Гэтэл тийм юм алга. Ерөөс үүрэн телефоны операторууд энэ мэтээр хэрэглэгчдээ шулсаар. Гэтэл хянаж шалгаж, хариуцлага тооцдог байгууллага алга. Энэ арай дэндсэн хэрэг биш үү.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих