Венесуэль ба XXI зууны социализм

Ерөнхийлөгч Уго Чавес төрийн эрхэнд гарснаас хойшхи 12 жилд Венесуэль улсын дотоодод эрс өөрчлөлтүүд гарч, тус улс олон улсын тавцан дээр байр сууриа улам бэхжүүлсээр байна. Венесуэль улс 2-р сарын 4-нд хамгийн “залуу” баяраа тэмдэглэдэг. Энэ бол 1992 оны Уго Чавес тэргүүтэй босогчдын “Боливарын хувьсгалт хөдөлгөөн-200” бүтэлгүй оролдлогын ой юм. Тухайн үед эсэргүүцлийн хөдөлгөөн ялагдлаар төгсч, зохион байгуулагчдыг баривчилж хорьсон. Гэвч хүн амын ихэнх нь хувьсгалчдыг дэмжиж байлаа. Чавес тэмцлээ үргэлжлүүлсээр 1998 онд Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан төдийгүй 2006 оны 12-р сард энэ албан тушаалдаа улиран үлдсэн юм.
Чавес Ерөнхийлөгч болсныхоо 12 жилийн ойд зориулан 2011 оны 2-р сард үг хэлэхдээ “Би гаргасан бүх алдааныхаа төлөө уучлал гуйж байна. Манай Засгийн газар хэрэгцээ шаардлагын дагуу ажилласаар ирлээ… Гэхдээ хэрэв 2012 онд хувьсгалын эсрэг хүчин ялбал бидний хүрсэн амжилт бүхэн сүйрнэ. Иймээс бид ийм байдлыг үл хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгдлээ. Одоо Уго Чавесын рейтинг өндөр буюу 55 хувьтай яваа. Харин 2010 оны 2 сард эрчим хүчний хямралтай холбоотойгоор түүний нэр хүнд хамгийн доод цэгтээ бууж, 37 % болсон удаатай. Тухайн үед Засгийн газар эрчим хүчний хязгаарлалт хийж, тэр бүү хэл нийт улс орон даяар дөрвөн цагийн давтамжтайгаар цахилгаанаа тасалж байлаа. Үүний шалтгаан нь ган гачиг. Яагаад гэвэл тус улсын эрчим хүчний 70%-ийг нийлүүлдэг “Гури” усан цахилгаан станцын хүчин чадал усны түвшнээс хамааран огцом унасан аж. Сөрөг хүчин тэр үед “Чадваргүй, буруу удирдлага, мөн хөрөнгө оруулалт байхгүйгээс эрчим хүчний хомсдол үүслээ” гэж түүнийг буруутгаж байсан. Хачирхалтай мэт боловч АНУ-ын шинжээчид ч мөн ийм дүгнэлт хийжээ.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй, АНУ нефть болон бусад нөөцийн хувьд Венесуэлиэс хамааралтай байдаг. Иймээс энэ улсын хувьд үргэлж хоёр нүүртэй бодлого явуулж, тус улсын социалист удирдлагыг хавчин гадуурхах, Чавесыг нэг бол Колумбын босогчидтой холбоотой эсвэл хэт либерал бус үйлдэл, алхам хийлээ гэж шүүмжлэх зэргээр төрөл бүрээр оролддог. Өнгөрсөн онд АНУ нэг бус удаа Венесуэлийн хямралыг даамжруулах гэж Өмнөд Америк дахь өөрийн талыг баримтлагч дагалдагч улс орнуудын тусламжтайгаар оролдож байлаа. Колумб ба Венесуэлийн хооронд үүссэн хямралд АНУ л буруутай. Учир нь АНУ-ын Латин Америк дахь цэргийн баазуудаас хамгийн олон нь Колумбад байрладаг. Иймээс Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес “Колумб, Венесуэлийн хямрал нь эзэнт гүрэн АНУ болон капитализмын эрх ашгаас үүдэлтэй” хэмээжээ.


Чавесын эсрэг тэмцэгч, ардчилсан сөрөг хүчин голдуу Засгийн газрын эсрэг үзэл суртал дээр л тогтож байдаг. Гэхдээ энэ эвсэл дотор эсрэг тэсрэг үзэл сурталтай, янз бүрийн намууд бий. Вашингтон Венесуэлийн сөрөг хүчинд шууд ба дам байдлаар санхүүгийн тусламж үзүүлдэг нь нотлогдсон. Тэрчлэн АНУ дэлхийн өнцөг булан бүрд үүссэн өнгөт хувьсгалуудыг ч зохион байгуулдаг гэж зарим тоймч нотолдог. Гэхдээ тэдний бодлого одоогоор  юунд ч хүргэсэнгүй.
Өнөөдөр Венесуэлийн удирдлага асуудлуудаа амжилттай шийдэж байна. Эрчим хүчний асуудлаар ОХУ-тай гэрээ байгуулж, атомын цахилгаан станц барихаар болов. Латин Америкийн бусад оронтой нэгдмэл валют буюу сукре ашиглахаар хэлэлцэж байгаа. Мөн Африк, Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам тэлсээр.
Венесуэлийн гол хөзөр бол нефть. Энэ улсын “Petrуleos de Venezuela” (PDVSA) компани өөрийн газар нутаг дээр 6 заводтой, хилийн гадна 18 бий (АНУ, Герман,Их Британи, Швед, Куба, Ямайк, Кюрасао).Удахгүй 10 заводыг Баринас, Гуарико мужид нэмж барихаар төлөвлөжээ. Венесуэль улс нефтийн асар их баялагтай. Энд өдөрт 3 сая гаруй баррель нефть олборлодог бөгөөд өнөөгийн хэмнэлээр явбал 200 жил хүрэлцээтэй. Иймээс тус улс империализмын эсрэг, АНУ-ын эсрэг бие даан, ил тодоор тэмцэж чаддаг. Хэдий тийм ч Чавес бүх оронтой, түүний дотор АНУ-тай байгуулсан нефть нийлүүлэх гэрээгээ чанд мөрдөн ажилласаар байгаа.
Нефтийн асуудал дэлхий дахинд маш чухалд тооцогдох нь аргагүй. Вашингтон бензин, түлшний үнээ бууруулахын тулд шалтаг хайн, Ирак руу довтолсон. Тэр үед Саддам Хусейнийг бөөнөөр устгах зэвсэгтэй хэмээн буруутгаж байв. Гэтэл хожим нь тэр зэвсэг олдоогүй. Ерөөсөө байгаагүй юм чинь. Товчоор өгүүлэхэд АНУ-ын “энхийн ажиллагаа” Ирак оронд цусан гол урсгаж, өлсгөлөн, омог аймаг хоорондын дайн тулааныг л авч ирсэн. Хамгийн хачирхалтай нь яг энэ үеэр нефтийн орд газрууд дээр Пентагоны цэргийн баазуудын сүлжээ байршиж эхэлсэн юм. Тэрчлэн нефть олборлох үндсэн компаниудаар тив дамнасан “Exxon Mobile” зэрэг корпорациуд тодорсон.
Венесуэль улс 1929 оноос нефтиэ олборлож эхэлсэн ч ард түмэнд юу ч ногдсонгүй, дэлхийн хөгжингүй орнууд хуу хамсаар байлаа. Зөвхөн 1998 оноос Венесуэль энэ ашиг орлогоо хүн амынхаа хэрэгцээнд зориулж эхлэн, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарын төсөвт хийх болжээ. Яг энэ сэдэв л дэлхийн олон оронд амин чухалд тооцогдож байна. Уго Чавесын социализмаас бүгд үлгэр авалтай билээ. “Гэхдээ Чавес троцкизмын онолыг их сонирхох болсон нь сэрэмжлүүштэй” хэмээн шинжээчид дүгнэж байна. ОХУ-ын тоймч Л.Савин “Троцкизмын тухайд өгүүлэхэд энэ онол нэг ч хувьсгалд ялалт авч ирж байгаагүй. Гэхдээ троцкистууд НАТО зэрэг байгууллагын өндөр албан тушаал хашиж байсан тухайлбал НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Солан. Евро комиссийн өнөөгийн Ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозу одоо трансатлантизмыг их дэмжиж байгаа. Америкийн консерваторууд ч бас троцкизмын үзэл санаан дээр өсч өндийсөн. Тэд Бушийн үед дээгүүр алба хашиж байхдаа Ирак, Афганистаны эсрэг дайныг өдөөсөн юм. Бүх тохиолдолд троцкизмын үзэл санаа бодит амьдрал дээр капитализм, либерализм ба түрэмгийлэлд л хүргэдэг” хэмээн бичжээ.
Хэрэв Венесуэль цаашид энэ замаас үл гажин хөгжиж чадвал ирээдүйд тус улсад төдийгүй Латин Америкийн бусад оронд ард түмэн рүүгээ чиглэсэн социализм хөгжин цэцэглэх байх. Энэ нь бусад улс оронд ч үлгэр дуурайл болох биз ээ. Тоймч Л.Савин “Социализмын хөгжил цэцэглэл нь дэлхийн либерал-капитализмыг түлхэн унагахтай зэрэгцээсэй. Гегель түүхийн гүн ухааны лекцэндээ нэг удаа Умард ба Өмнөд Америкийн тэмцлийг дэлхийн хэмжээний түүхэн ач холбогдолтой гэж хэлсэн нь бодит биеллээ олж байна” гэж дүгнэж байна.

НИЙТЛЭЛЧ АШИМ


URL:

Сэтгэгдэл бичих