Амарсанаатан гуай, Та шоронгийн ая даах уу?
Ирэх сонгууль будлиангүй болно гэдэгт хүмүүс бараг итгэх шахаж байв. Яагаад гэвэл хүн бүрт ухаалаг үнэмлэх олгож, саналын хуудсыг машинаар тоолоход луйвар хийх боломжгүй болно гээд баахан ярив даа. Ажил эхнээсээ урагшилж байлаа. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэ дарга Л.Амарсанаа гэгч энэ бүхнийг юу ч үгүй болгоод хаячихлаа. Тэрээр шинэ ажлаа авангуутаа хамгийн түрүүнд ухаалаг үнэмлэх олгохгүй байхаар болгов.
Бид олон жил улс төрийн сэдвээр бичиж, анализ дүгнэлт хийлээ. Нэг ёсондоо улс төрийн маш туршлагатай ажиглагчид юм. Бидний ажигласнаар Амарсанаатангуудын үйлдлээс нэг л зүйл тодорхой харагдаад байдаг. Л.Амарсанаа гуай сонгуулийг МАН-д ашигтайгаар зохион байгуулах даалгавартай томилогдсон гэдэг нь түүний ажлаас өдөр ирэх тусам нотлогдоод байна. Шинэ оны өмнөхөн хуучин Улсын бүртгэлийн газрын дарга нь ухаалаг үнэмлэх сонгуулиас өмнө бэлэн болно хэмээн яг таг хэлж байсан. Тэгээд өнөөдрийн бидэнд өгөөд байгаагаас ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийж, бэлтгэл ажил хангагдсан талаар ярьж байлаа. Түүнээс хойш бүтэн дөрвөн сар өнгөрөхөд ажил урагшлах нь бүү хэл, ухаалаг үнэмлэх сонгуулиас өмнө өгөх боломжгүй хэмээн албан ёсоор мэдэгдэв.
Л.Амарсанаа дарга ажлаа авсныхаа дараа бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг зохион байгуулалттайгаар халж сэлгэжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг нийлүүлж цомхотгол хийсэн. Иргэний бүртгэлийн газрын хувьд УИХ-д орох сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, сонгогч шилжих, сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажлыг хийдэг.
Гол цөм ажлыг нугалдаг газар. Гэтэл ийм газрын дарга, мэргэжилтнүүд, энэчиглэлээр ажиллаж байсан ажлын хэсгийг солиод хаячихсан. Дээр нь аль хоёр сарын өмнөөс энэ байгууллага дээр хэн юу хийгээд байгаа нь мэдэгдэхээ больсон, доторх ажилтнуудаасаа мэдээллээ нууцалдаг болсон гээд асуудал гарч эхэлжээ. Бүр туршилтаар хэвлэх байсан цахим үнэмлэхийг ч хэвлээгүй гэж байгаа. Тэгээд иргэний үнэмлэх, бичиг баримтгүй хүмүүсийг лавлагаагаар санал өгүүлэх журам гаргажээ. Ингэж лавлагаагаар санал өгнө гэдэг нь сонгууль будлиантуулах, өөрсдийнх нь хэлдгээр “царцааны нүүдэл” мэт хамаа замбараагүй болно гэсэн үг. Түүнийг ийм үйлдэл хийснийх нь төлөө хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой хэмээн олон хүн үзэж байгаа юм. Сонгууль гэдэг төрийн эрх барих нам болоод хүмүүсийг сонгох үйл ажиллагаа Сонгууль будлиантуулахыг эртнээс бэлтгэж байна гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар “төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийн үр дүнг зохион байгуулалттайгаар будлиантуулсан хүнд 5-10 жилийн хорих ял оноодог”. Эзэн хаан байсан ч хийсэн хэргийнхээ төлөө яллуулдаг. Амарсанаатангууд шударга шүүх ажилладаг гэдгийг мартаад, намаа ялуулахын тулд улаан цайм зүтгэж байна.
МАН-ын төлөө ингэж үхэн хатан зүтгэсэн хүмүүс шоронгийн тав болоод дууссан баримт зөндөө байна. Гаалийн X.Баатар гэж өнгөтэй мөнгөтэй, албан тушаалтай цалгиж явсан эр бий. Намынхаа төлөө яаж зүтгэж байсныг хүмүүс мартаагүй байгаа. Намын гол санхүүжүүлэгчдийн нэг тэрээр хичнээн зуун саяар нь мөнгө хандивладаг байсан. Түүнийг хэрэгтэн болоод баригдаад явахад намынхнаас нь хэн ч өмөөрөөгүй. Намын нөлөө бүхий дарга нар “Тэр хүнийг сайн танихгүй. Зүс мэднэ” гээд хээвнэг хэлж байсан нь сонины хуудсанд үлджээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг хар. Намаа сонгуульд ялагдаж хэн ч биш байхад нь хүлээж авсан энэ хүн намаа өдий зэрэгт хүргэсэн ч өөрөө шоронд хоригдож байна. Өөр юуны ч төлөө биш намынхаа л төлөө зүтгэж байсан хүн. Өнөөдөр хэн түүнийг өмөөрч байгааг хар л даа. Наад нам чинь цагаа тулахаар хэнийг ч, бүр Амарсанаа таныг ч өмөөрөхгүй. Та болоод таны хүмүүс нас хэвийсэн хойноо намынхаа төлөө ингэж ичгүүргүй зүтгэхийг харахад гайхах, харамсах сэтгэл төрөх юм. Таны хийж байгаа үйлдэл, тодруулбал иргэний цахим үнэмлэх тараах ажлыг зогсоосон чинь л төрийн эсрэг үйлдэл болно. Нэгэнт “махны машинд” орсон хүнийг танай намынхан өмөөрөхдөө тулдаг тэнэг биш. Харин та үүнд оочерлоход арай хөгшдөж байгаа юм биш үү.
Сонгууль хуучин үнэмлэхээрээ өгч, дээр нь Амарсанаа даргын санаачилсан лавлагаа гэгчийг олгоод эхлэхэд булхай, будлиан гарах нь ойлгомжтой. Булхайг гардан хийсэн хүн нь хариуцлага хүлээж л таарна. Тэр үед та энэ албан тушаалд тавьсан Ц.Нямдорж сайдыг өөрийгөө өмөөрнө гэж тооцож суугаа байх. Тэр үед сайд хөлсөлж суудаг гэх үнэтэй байрныхаа асуудлыг дарах гээд таныг өмөөрөх манатай байна байх.
Одоо цахим үнэмлэх хэвлээд тараахад амжина гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна лээ. Арай ч хамаг зүйл өнгөрчихөөгүй бололтой. Яаравчлахгүй бол маргааш гэхэд л оройтно. Хүнд сэвтээж боломгүй нэг зүйл байдаг нь нэр төр. Тэгвэл тэтгэвэрт гардаг насан дээрээ гэмт хэрэгтэн болбол адаглаад үр хүүхдэдээ юу хэлэх вэ. Өнөө намдаа насаараа зүтгэсэн хөдөлмөр чинь юу болох билээ. Таны үйлдлийг харахаар “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгч л бодогдоод байх юм.
Ц.ОЮУНТУЯА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: