Монгол улсынхаа нэр хүндийг өргөөд иржээ
Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн Сургалтын ажиллагааны Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн XIII ээлжийн багийн захирагчаар ажиллаад саяхан эх орондоо ирсэн БХИС-ийн ЦКС-ийн Артиллер, зэвсэглэлийн тэнхимийн багш, хошууч Б.Мандахбаяртай манай сурвалжлагч уулзжээ.
-Танай багийн бүрэлдэхүүн Афганистан Улсад ямар үүрэг гүйцэтгээд ирэв?
-Манай багийн 20 гаруй офицер, ахлагч нар Афганистан Улсын Үндэсний армийн Артиллерийн цэргийн сургууль, Явган цэргийн салбар сургуульд зөвлөх багшийн үүрэг гүйцэтгэсэн. Манай багийн зэвсэг засварын бүлэг цэргийн сургуулийн сургалт бэлтгэлд дэмжлэг үзүүлж, сурган зөвлөсөн бол зэвсгийн бүлэг Афганистаны Үндэсний армийн артиллерийн анги, салбарын зэвсэглэлд засвар үйлчилгээ хийсэн. Мөн Явган цэргийн салбар сургуулийн зарим төрлийн зэвсэглэлийн бага мэргэжилтэнг бэлтгэж, зэвсэглэлд нь засвар үйлчилгээ хийж, сурган зааварласан зэрэг ажлын ачаалал ихтэй байлаа.
-Өмнө нь та бас энэ улсыг зорьсон санагдана?
-2005, 2007 онуудад бүлгийн орчуулагчаар явсан юм. Тэр үед хорин цэргийн алба хаагчаас бичиг үсэг мэддэг төдий, аравын дотор нэмж, хасдаг хоёр, гуравхан хүн байсан бол өнөөдрийн байдлаар 20 цэргийн алба хаагчаас таван хүн нь тааруу, өөрөөр хэлбэл 70 хувь нь бичиг үсэг мэддэг болжээ. Энэ нь хичээл сургууль явуулахад маш дөхөмтэй байсан. Бүр тодруулбал, тэр үед суралцаж байсан хүмүүс сургагч багш хийж байх жишээтэй.
-Мэдээж үүрэг гүйцэтгэх хугацаанд хүндрэл бэрхшээл байсан л байх даа?
-Бидний хувьд нэг их бэрхшээл юу байхав. Харин ойрын хорь, гучаад жилд ороогүй их цас орсон учраас тэдэнд бол их хүйтэн байсан. Хүйтэн гэдэг нь хасах арван градус л даа. Тийм учраас даарч хөрлөө гээд хааяа хичээл тасалдах явдал гарч байсан.
-Манайхаас өөр сургагч багш нар байдаг уу?
-Австрали, Сингапур, Америк, Канад, Франц, Англи зэрэг орнуудын офицер, ахлагч нар зөвлөх багшаар ажилладаг. Бүгд артиллерийн мэргэжлийн хүмүүс.
-Хорь гаруй цэргийн алба хаагч маань хоёр өөр газар байрласны учир юу вэ?
-Нэг бүлэг Кабул хотын зүүн дүүрэг дэх Артиллерийн цэргийн сургуульд ажиллаж, Эвслийн цэргийн “Аламо” баазад, нөгөө бүлэг нь Кабул хотын өмнөд дүүрэг дэх явган цэргийн салбар сургуульд ажиллаж, Эвслийн цэргийн “Жулиан” баазад байрладаг байсан. “Жулиан” бааз дахь бүлгийг хошууч С.Бат-Эрдэнэ удирдаж ажилласан.
-Хоорондоо хэчнээн километрийн зайтай вэ?
-Хорь гаруй. Эвслийн цэргийн хамгаалалтад би өөрөө явж ажил байдалтай нь танилцдаг байлаа.
-Өөр үүрэг гүйцэтгэх тохиолдол гарав уу?
-Нэмэлт үүргийг Урузган мужийн “Теринкот” баазад авч, их буунд засвар үйлчилгээ хийж, батарейны буудлаганд хоёр удаа оролцсон. Манай зэвсгийн бүлэг маш сайн ажилласныг хэлэх ёстой. Энэ бааз нь Кандагар мужаас урагшаа, байлдааны онгоцоор нэг цаг гаруй нисдэг газар байсан. Бид тэнд 5 хоног ажилласан.
-Ер нь цагийн байдал ямар байсан бэ?
-Цагийн байдлын хувьд хүнд. Ялангуяа сүүлийн саруудад бүр ч хүнд байсан. Нэг их сүрхий халдлага болоогүй ч, тагнуулын мэдээнд таагүй зүйл бишгүй л ирдэг байлаа. Тийм үед хичээл сургуульд гарахыг хориглодог байв.
-Та нөхөд хамгийн сүүлчийн үүргийг амжилттай гүйцэтгээд иржээ. Гадныхан ямар сэтгэгдэлтэй байх юм бэ?
-Афганистаны артиллерийн сургуулийн захирал, Австралийн зөвлөх бүлгийн дарга нар зэрэг олон хүн манай цэргийн алба хаагчдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн. Бид ч гадны орнуудын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, Зэвсэгт хүчин төдийгүй, Монгол Улсынхаа нэр хүндийг өргөөд ирсэндээ баяртай байгаа.
Г.Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо”
URL: