“Лавлагаагаар сонгуульд оролцож болохгүй”
УИХ дахь АН-ын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн хуулийн төсөл болон цаг үеийн асуудлыг ч хөндөн хэлэлцсэн байна. Тухайлбал, сонгууль болоход хоёр cap хүрэхгүй хугацаа үлдээд байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд лавлагаа ихээр өгөх болсныг дуулгав. Учир нь сонгуулийн үеэр лавлагаатай хүмүүс давхардсан санал өгч, луйвар гарч болзошгүй хэмээн Ардчилсан намын бүлгийн гишүүд үзжээ.
Тиймээс лавлагаагаар хоёр шатны сонгуульд оролцож болохгүй гэсэн шийдлийг гаргасан байна. Энэ талаар тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулгын үед яг ийм асуудал гарч байсан. Бараг л гэмт хэрэг гэмээр зүйл шүү” гэдгийг тодотгосон юм. Тийм ч учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд, лавлагаа өгсөн иргэддээ одоо ашиглаж буй иргэний үнэмлэхийн нэгэн адил үнэмлэхийг хэвлэж өгөх ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой гэж үзжээ.
Мөн лавлагаагаар УИХ болоод нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож болохгүй гэдэг шийдлийг гаргасан байна.
Түүнчлэн бас нэгэн анхаарал татсан асуудал бол Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүнээс тавынх нь бүрэн эрхийн хугацаа энэ сарын 27-ны өдөр дуусгавар болжээ. Тиймээс тус хороо нь ойрын хугацаанд том, бага гэлтгүй аливаа асуудалд шийдвэр гаргах боломжгүй хэмээн тус бүлгийн гишүүд үзэж буй. Тэр утгаараа бүрэн эрх нь дуусгавар болсон таван гишүүний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой хэмээн үзжээ.
Хуульд зааснаар таван гишүүний хоёрыг нь Улсын Дээд шүүхээс, нэгийг нь Ерөнхийлөгчийн зүгээс, харин үлдсэн хоёр гишүүнийг нь УИХ-аас санал болгох ёстой. Харин АН-ын бүлгээс УИХ-аас санал болгох хоёр гишүүнд ажлынх нь шаардлагаар Статистикийн хорооны дарга З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа дуулгав. Гэхдээ энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэгтэй зөвшилцөхөө мэдэгдэж байсан юм.
Харин Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл нь цаг үеэ олоогүй болохыг шүүмжлэв. Учир нь тус хуулийн хүрээнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаагүй байгаа үед УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор мөнгө амласан төслийг түлхэх нь буруу. Энэ төсөл нь цэвэр улс төрийн оноо авах зорилготой байна. Үнэхээр одонтой эхчүүдэд нийгмийн халамжийн чанартай хууль хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа бол Монгол Улсын иргэдэд олгох нэг сая төгрөгөө хэзээ ямар зарчмаар хэрхэн олгох гэж байна вэ гэдгээ УИХ-д тайлагнах ёстой.
Мөн дээр нь одонтой эхчүүдэд урамшуулал олгох зайлшгүй шаардлага байна гэдэг судалгаануудыг оруулж ирэх ёстой гэж бүлэг энэ удаагийн хуралдаанаас үзжээ. Нөгөөтэйгүүр, Засгийн газар тийм их мөнгөтэй байгаа бол эх орны хишгийн үлдэгдэл нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохдоо эхчүүдэд ч бэлнээр өг гэсэн шаардлагыг тавихад болно хэмээн мэдэгдэв.
Харин дараагийн хэлэлцсэн хуулийн төсөл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв. Тус бүлэг энэхүү төслийг 100 хувь дэмжсэн байна. Төсөлд оруулсан өөрчлөлт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийг таван жилээр сунгаж 2018 оны тавдугаар сарын 1-н хүртэл сунгах заалтыг тусгажээ.
Мөн алслагдсан аймаг болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хувьд, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өмнө нь мэдүүлээд байсан төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зохимжтой хэмээн үзсэн байна.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: