ОУХМ Ц.Батнасан: Бид Хятадуудыг ганц гараараа хождог байлаа
Боксын спортын ОУХМ Ц.Батнасантай хийсэн ярилцлагаа сонирхуулъя. Д.Банди багшийн унаган шавь тэрбээр мэргэжлийн рингэнд хүч сорьж явсан манай анхдагчын нэг юм.
-Та Японд олон жил амьдарч байгаад ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монголын бокс хэр өөрчлөгдсөн байна?
-Ер нь Монголын бокс ерээд оноос хойш, тодорхой яривал 1998 оноос хойш уналтын байдалтай болсон. Бид 2000 оны олимпод ганц тамирчинтай, 2004 онд бас У.Мөнх-Эрдэнэ ганцаараа явсан. Ийм үед Д.Банди багш шигшээгийн ахлах, Т.Үйтүмэн нарийн бичиг болоод Монголын бокс эргээд сэргэсэн. Үүнтэй зэрэгцээд Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Б.Түвшинбат, Д.Отгондалай гээд нэг шинэ үе гарч ирээд Монголыг боксыг гоё болгосон. Дээр нь ивээн тэтгэгч, байгууллага удирдлагуудын нөлөө байна. Энэ хэд нийлээд боксын спортын өндөр түвшинд гаргажээ.
-Одоогийн энэ сэргэлт түр зуурынх уу, эсвэл цааш үргэлжлэх болов уу?
-Ер нь 2008 оноос хойш дан ганц бокс биш, бусад спортын төрлүүд ч гоё болоод ирлээ. Хүүхдүүд олноор ирж байна. Олон хүүхэд бэлтгэлд хамрагдах тусам сайн тамирчин гарах магадлал ихэснэ. Энэ бол том гал асаад унтарч байгаа юм биш, цаашаа амжилт тогтвортой үргэлжилнэ гэж бодож байгаа. Удирдлагууд сайн байна, дасгалжуулагчид сайн ажиллаж байна. Бокс огт мэдэхгүй хүн хүртэл клуб байгуулан, хүүхэд дасгалжуулж байна.
Тухайлбал, Баянхонгорын дасгалжуулагч залуу байна. Тэр их сонин түүхтэй хүн байна лээ. Өмнө нь шоронд байсан гэсэн. Тэр үедээ боксын сурах бичиг цуглуулж, суралцсан байгаа юм. Тэгээд шоронгоос гарч ирээд Баянхонгорт очоод боксын клуб байгуулсан. Хүүхдүүд нь сая өсвөрийн УАШТ-д бололцооны тоглож байна. Энэ мэтчилэнгээр бокст огт хамааралгүй хүмүүс хүртэл энэ спортод орж ирж байна. Тэгэхээр Монголын бокс энэ эрчээ алдахгүй хөгжинө гэж боддог.
-Одоо тамирчид хөрөнгө, мөнгөнд санаа зоволгүйгээр тэмцээнд орж, бэлтгэлээ хийж байна. “Би энэ үед байсан бол…” гэж боддог уу?
-Бодогдолгүй яахав. Ер нь тамирчны амьдрал богинохон. Хэдий арван хэдэн жил тоглосон гэж ярьж байгаа боловч яг ид амжилт гаргах оргил үе нь 4-6 жил л байдаг. Бидний хувьд ид амжилт гаргах үе 1990-96 он байсан. Энэ жилүүдэд Монгол орон үнэхээр хүнд байсныг хүн бүр мэдэж байгаа. Дэлгүүрт давснаас өөр бараа байдаггүй, компаниуд хөл дээрээ тогтож чадаагүй, улс мөнгөгүй.
Бид бэлтгэл хийж чадалгүй компани болгоны үүд сахиж, мөнгө хайна. Тэгээд мөнгө олохоороо ямар ч бэлтгэлгүй тэмцээнд ордог байсан. Шагнал урамшууллын талаар ярихын ч хэрэггүй. Би Улаан-Үдэд болсон нэг тэмцээнд түрүүлээд анх удаа 14 инчийн өнгөт зурагтаар шагнуулчихаад бөөн юм болж билээ. Бараг Монголд тийм шагнал авч байсан хүн цөөхөн байх. Ийм маягаар явж байгаад 1994 онд Д.Банди багш, Т.Үйтүмэн, Нэмэхбаяр, бид дөрөв “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэг ахтай гэрээ хийгээд, Атлантын олимп дуустал хамтран ажиллахаар болсон. Энэ хоёр жилд үнэхээр сайхан байсан даа.
-Зардалд санаа зоволгүй бэлтгэл хийгээд эхлэхээр тоглолтын чанар сайжирсан байх.
-Ер нь тамирчин хүн тасралтгүй, системтэй бэлтгэл хийж байж амжилт гаргах ёстой. Миний хувьд 1993 оноос хойш нэг жил ганзагын наймаанд яваад боксоо орхичихсон юм. Бэлтгэл хийхгүй болохоор таргалаад 90 кг хүрчихлээ. Тэгсэн чинь Банди багш “Чи ингэж явж болохгүй, бокстоо эргээд ор” гэсэн. Тэгээд 1994 оны сүүлээр дахин бокс тоглож эхлээд дараа жилийнх нь Азийн АШТ хүртэл 20 гаруй кг хасч билээ. Tэp жил Азийн aвapгаас алт, мөнгөн медаль авсан юм. Би 67 кг-д мөнгийн төлөө Узбекийн Атоевт оноогоор хожигдсон. Тухайн үед жинтэйгээ ноцолдсоор байгаад системтэй бэлтгэл хийгээгүй болохоор формондоо орж чадаагүй.
-Таныг 1992 оны олимпийн эрхээс харамсалтай мултарсан гэдэг юм билээ…
-Тэр үед Оросын станууд Азийн аваргад ордоггүй байсан болохоор олимпийн эрх авах магадлал өндөр байсан. Миний жинд хоёр Солонгос, Тайланд гол өрсөлдөгчид тооцогдоно. Би очингуутаа эхний даваанд Хойд Солонгостой таарсан чинь В.Батбаяр багш “Чи энийг л ялбал аварга болно” гэв. Нөгөөхийг чинь эхний үе дуусч байхад цохиод унагаачихлаа. Тэгсэн чинь шүүгч намайг спот командын дараа цохисон гээд торгуулиар хасаад, нөгөө Хойд Солонгосын гарыг өргөсөн.
Тэр үеийн дүрмэнд хүнд цохилт авсан тамирчин гурван cap тоглож болдоггүй байсан. Тэгээд намайг ялсан тамирчин олимпийн эрхийн төлөө тоглох боломжгүй болж, түүнтэй тоглох байсан Ираны тамирчин шууд эрхээ авсан. Гэтэл бидний тоглолтыг шүүсэн хүн иран шүүгч байсан. Өөрийнхөө тамирчныг эрх авахуулахын тулд гол хоёр өрсөлдөгчийг нь ийм маягаар хассан хэрэг. Тэр тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин түрүүлсэн юм.
Харин Азийн аваргаас гурван сарын дараа “Сөүлийн цом” тэмцээнд би тэр тамирчныг 45 секундэд нам цохисон. Би ер нь том тэмцээнд дандаа азгүйтдэг байсан даа.
-Та анх яаж боксын замд орсноо сонирхуулаач?
-1985 онд Д.Банди багш Сэлэнгэд ирсэн юм. Тэр үед аймгийн спорт заал, манай гэр хоёрын хооронд 20 метр л зайтай байсан. Би тэр заалнаас гэрийнхээ усыг зөөдөг байв. Тэгсэн чинь шар москвичтай ганган ах ирчихсэн заал янзлаад байна. Би яг тэр янзалж байгаа өрөөнөөс нь ус авдаг байсан юм. Тэгж байгаад Банди багштай танилцаж, яваандаа ажилд нь тусалдаг болсон. Тэгээд намар нь боксын секц байгуулагдахад найзуудтайгаа орж байлаа.
-Гаргасан гол амжилтаасаа дурдвал?
-Одоо бодоход надад тийм айхтар авьяас чадвар байгаагүй гэж бодогддог юм. Харин сайн багшийн удирдлагад хичээллэж, өөрөө чамгүй хөдөлмөрлөсний хүчинд багахан амжилт гаргасан. Улсад зургаан удаа түрүүлж, Азийн наадам, Азийн аваргаас хүрэл медаль авсан нь миний хамгийн том амжилт. Мөн олон улсын тэмцээнүүдээс медаль авч байсан л даа. Гэхдээ том тэмцээнд аз муутай. Надад ялагдаж байсан хүн ДАШТ, олимпоос медаль авах тохиолдол зөндөө л байсан. Ер нь олон жил амжилтаа тогтмол хадгалж яваа өндөр зэрэглэлийн тамирчин цөөн шүү дээ. Манайд бол Х.Цагаанбаатар байна. Ийм хүмүүс цаанаасаа төрдөг байх. Харин мань мэтийн тамирчид тэднээс нэг шат доогуур байдаг юм болов уу.
-Та ямархуу зан араншинтай тамирчин байв?
-Ер нь хор шар багатай тамирчин байсан. Ямар сайндаа хор шаргүй тоглолоо гэж Банди багшид цохиулж байхав. Нэг удаагийн тэмцээн дээр эхний үеийг дуусгаад ирсэн чинь багш нүүрэн дундуур шууд цохиод авсан. “Чи ямар хор шаргүй юм. Наад нэг юмаа алаад өгөөч” гэж билээ. Тэр нь багшийн тактик юм л даа.
Харин багадаа бол их сахилгагүй байсан. Сэлэнгэд нэлээн дүрсгүй хүүхдүүдийн тоонд орно. Энд тэнд байнга зодоон хийнэ. Харин сүүлдээ бокс тоглоод эхлэхээр гайгүй төлөвшдөг юм билээ. Бид багадаа долоо, наймуулаа нийлдэг байсан. Тэгээд надаас бусад нь шоронд явсан шүү. Манай тэр бүлгийнхэн анх бүгдээрээ боксын секцэнд орсон юм. Сайндаа ч биш, хүн зодож сурах гэж. Тэгээд явсаар байгаад би ганцаараа үлдсэн дээ. Хэрвээ Банди багш Сэлэнгэд ирээгүй, би боксын секцэнд ороогүй бол миний амьдрал хаашаа ч эргэх юм билээ.
-Дэлхийн томчуудтай хэр олон нударга зөрүүлж байв?
-Айхтар томчуудтай бага таарсан шүү. Тэр үед куба, орос л гэдэг байлаа. Би Кубыг бол хожиж үзээгүй. Харин бусадтай нь өгөө, аваатай л үздэг байсан.
-Хятадуудыг бол гаргаахгүй биз?
-Хужаа нарыг бид нэг гараараа зоддог байлаа. Баруунаараа цохих хориотой. Хааяа нэг санамсаргүй цохичихоор багш нар уурлана. Бид нар Хятадад олон удаа хамтарсан бэлтгэлээр очсон. Хамгийн гол нь хоолонд нь болдог байв. Эндээ хүнд ачаалалтай бэлтгэл хийхээр хоол муутай болохоор уначих гээд байдаг. Тэгэхээр нь хоол унд, орчин сайтайг нь бодож урагшаа явна. Очоод би 71-90 кг-ынхантай нь, Үүеэ 60-71 кг хүртэл бүгдэнтэй тоглоод зоддог байсан. Манай шилдэг багш нар ч олноороо очиж ажилласан. Бид нар ингэсээр байгаад Хятадыг дээш нь гаргаад ирсэн юм. Одоо нөгөө хэдийгээ эргээд дийлэхээ больчихлоо.
-Та дотооддоо өрсөлдөгчгүй шахуу байсан уу?
-Өрсөлдөгч байлгүй яахав. 1988 онд намайг шигшээ багт ирэхэд Сөүлийн олимпод дөрөвдүгээр байрт орж байсан Алтансүх миний жинд тоглодог байсан. Алтансүх намайг ганц хашрааж байсан хүн дээ. Харин 1992 оноос Алтансүх боксоо больсон. Доод үеийн тамирчин хүчтэй гараад ирэхээр өөрөө ч ойлгосон байх. Манай хүн уг нь Сөүлийн олимпоос медаль авах хэмжээнд байсан. Гурав ялаад хүрэл медалийн телөө Баруун Германы тамирчинтай таарч, хамаагүй илүү тоглоосон байгаа юм. Тэгээд гуравдугаар үе дуусах гэж байхад “олимпийн медалийг ийм амархан авчихдаг юм байх даа” гэж бодсон гэсэн. Тэгж яваад болгоомж алдан хүнд цохилтод орчихсон юм. Уг нь босч ирээд үргэлжлүүлэн тоглож, цагаа дуусгасан. Гэхдээ тэр үед компьютероор шүүдэггүй байсан, нэг удаа тоолуулсан бол тэр раунддаа ялагдсанд тооцдог байсан болохоор эцсийн дүндээ нэг оноогоор хожигдсон юм. Маш харамсалтай.
-Та өөрөө ямар боксчдод халаагаа өгсөн бэ?
-Д.Батсүрэн, Б.Энхбаяр гээд сайн залуус дороос гарч ирсэн дээ.
-Та яагаад боксоо орхисон юм бэ? Бэртэл гэмтэл авсан уу?
-1996 оны олимпод оролцож чадахгүй болчихоор хэцүү болсон л доо. Цаашаа 2000 оны олимп хүртэл тоглож чадахгүй нь тодорхой. Тэгээд больё гэж бодоод нутагтаа очсон. Гэхдээ зүгээр байр чадахгүй бэлтгэлээ хийнэ. Ер нь санаа бол мэргэжлийн бокст хүч үзэх. Тэгээд хөөцөлдөж байгаад Япон руу очиж, мэргэжлийн боксын шалгалт өгсөн. Буцаж ирээд байтал хариу ирж, ийм клуб чамайг авах боллоо гэсэн. Тэгж анх мэргэжлийн бокст хөл тавьж байлаа. Японд очоод хоёр жилийн хугацаанд зургаан тоглолт хийж, бүгдэд нь ялсан. Гэвч дараа нь эмнэлгийн үзлэгээр намайг бокс тоглож болохгүй гэсэн юм. Японд дараа жилийн тоглолтдоо орохын тулд оны эцэст эмчийн үзлэгт орох ёстой байдаг. Тэр үзлэгээр миний зүрх мэргэжлийн боксын ачаалал даахгүй гэж гарснаас хойш боксоо орхисондоо.
-Та одоо нутагтаа ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Найзуудтайгаа нийлж бизнес эрхлэх санаатай. Гэхдээ мэдээж бокстойгоо байнга холбоотой байна. Ямар ч байсан холбооныхоо ажилд чадлынхаа хэрээр туслахыг бодно. Одоо боксыг авч яваа удирдлагууд маш зөв ажиллаж байна. Манай холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар боксын бус хүмүүс гэхэд маш их сэтгэл гаргаж байгаа. Сая эмэгтэйчүүдийн Азийн аваргын үеэр cap гаруй хамтарч ажиллахдаа үүнийг мэдлээ. Ийм хүмүүс байхад Монголын бокс сайхан хөгжинө өө.
-Лондоны олимпод манай дөрвөн боксчин өрсөлдөх гэж байна. Энэ дөрвийгөө хэр тоглоно гэж бодож байна вэ?
-Дөрвүүлээ медаль авахад гайхах юм алга. Бидэнд тоглох арга барил, туршлага, сайн дасгалжуулагч, сайн хангамж, сайн удирдлага гээд хэрэгтэй бүхэн байна. Одоо тамирчид маань өөрсдөө сайн хичээх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан
Эх сурвалж: “Таван цагариг”
URL: