Хилчид нудралцаж, барьцаалж, буудалцаж “тоглодог” нь юуны цондон бэ Ц.Нямдорж сайд аа

Хилчид шинийн 1-нд өндөржүүлсэн бэлэн байдалтай байжээ-

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн цэргийн дугаар ангийн хоёр хошууч нударга зөрүүлж, нэгийгээ хутгалсан хэрэг гарсан. Гэвч албаны хүмүүс энэ хэргийг нуугаад өнгөрүүлэх даалгавар өгсөн бололтой, өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
Монголчуудын уламжлалт баяр цагаан сарын шинийн 1-ний орой дээрх хэрэг гарчээ. Тодорхой албан тушаалтай, хошууч Б, О нар хамт архи ууж, сүүлдээ бие биедээ баярахсан гэх. Гашуун дарсанд хөлчүүрэхсэн шазруун эрчүүд хэн хэндээ бууж өгөх вэ гээд сүүлдээ махан биеэрээ үзэлцсэн бололтой. Ингэхдээ хошууч Б нь О-гийнхоо мөрний зузаан маханд хутгалсан байна. О ч зүгээр байсангүй, Б-г ташуурдсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Одоо О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол Б нь ажилдаа ирэхгүй байгаа гэх.
Хил хамгаалах ерөнхий газраас энэ хэргийн талаар тодруулахад, ажлын бус цагаар болсон тул манайд хамаагүй гэдэг хариултыг өгч байгаа. Хэдийгээр тэд албаны нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хэл ам гарна гэж дээрхи хэргийг өөрсдөөсөө зайлуулж байгаа ч цагаан сар болон бусад баярын үеэр цэрэг, цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд гардаг. Тэгэхээр нуухын аргагүй хамаатай болж байгаа юм. Нударга зөрүүлдэг хоёр ч тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдалд гарсан байжээ.
Хил хамгаалах ерөнхий газар барцад ихтэй байгаа, сүүлийн жилүүдэд. Эхэндээ офицер нь цэргүүдээ дэглэдэг байсан бол сүүлдээ цэргүүд нь офицероо командаж, барьцаалж, улмаар аминд нь хүрдэг болсон. Үүнийг удаа дараагийн үйлдэгдсэн хэргүүд гэрчилнэ. Хамгийн сүүлд л гэхэд Өмнөговь аймгийн хилийн цэргийн дугаар ангид офицер нь гэрээт цэргүүдтэйгээ хамт архидаж байгаад зодуулж амиа алдсан юм. Энэ хэргийн мөр нь балраагүй байтал Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх ангид хоёр хошуучийн үйлдэл олны анхаарлыг татах нь тэр. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л харуулах биз.
Хилчид эх орноо хамгаалах энхийн манаанд зогсдог тэнгэрлэг хүмүүс. Гэтэл тэд сүүлийн үед байнга хэл ам таталж, гэмт хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Тиймээс харьяа байгууллагын удирдлагууд, салбарын сайд нь хилчдийн асуудалд анхаарлаа хандуулж, нэгийг бодохгүй бол эх орноо харийн дайснаас хамгаалах тангараг өргөсөн хилчид маань бие биеэсээ нударч, барьцаалж, буудаж “тоглодог” болсон нь юуны цондон бэ. Хил амгалан бол улс орон амгалан тайван байдаг биш бил үү, Ц.Нямдорж сайд аа. Та энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд энэ асуудлыг яаралтай анхааралдаа авахгүй бол хил дээр буун дуу дахин дахин гарч, хилчид маань гэмт хэрэгтэн болсоор байх нь.
Н.Хулан

URL:

Сэтгэгдэл бичих