Хүрэлсүх үү, Н.Энхбаяр уу

Хаврын синдром улс төрд хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Нам байгуулж, мундаг улстөрч болох гэсэн хүмүүсийн тоо өдрөөр биш цагаар өсөх янзтай. 2012 оны сонгууль хаяанд ирээд буй учир арга ч үгүй биз. Ямар нэг намд харьяалагддаг нэгэн бол дарга нарынхаа хараанд аль болох олон өртөж, “онцсайн” үнэлгээ авчих гээд л элдвийг сэдэх нь олширсоор.
Бар жилийн төгсгөлд хийсэн сүрт лоозон бүхий жагсаал У.Хүрэлсүхийн хоолой дээр тээглэсэн яс болж буй гэнэ. Дарга нартайгаа зөвлөлдөөгүй хийсэн энэ үйлдэлд нь “хатуу ял оноож”, үүрэгт ажлаас нь буулгах гэсэн явуулга зарим нэгэнд нь харин ч сайхан боломж бүрдүүлж орхижээ. Эрхэм генсекийг үүгээр нь далимдуулж, цэвэрхэн гэгч нь зайлуулах кампанит ажил эхэлсэн аж. Үүнийг Ардын намын орон тооны нэгэн нарийн бичгийн дарга нь тэргүүлж буй гэх мессэж нисч байна.

Түүнийг улс төрд хөтлөн оруулсан хүн нь намдаа нөлөө бүхий эрхэм гэдэг.

Магадгүй тэрхүү нөлөөтэй хүнийхээ дэмжлэгээр генсек болчихыг ч үгүйсгэхгүй байна. Хэрэв У.Хүрэлсүхийн байр суурь ганхаад эхэлбэл НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ч дагаад эвгүйтэх сурагтай. Сүүлийн үед учиргүй сүжрээд байгаа тэднийг дагаад бас бус хүмүүс ч чирэгдэж мэдэхээр байгаа гэнэ. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны толгойноос буулаа гэхэд Н.Номтойбаяр хэмээх залуу хоёрдугаар ээлжийн хоолонд орохоор хүлээж буй гэлцэнэ. Ардын намынхны дунд энэ мэт далд тэмцэл өрнөж байхад МАХН-ынхныг ч гай бас тойрсонгүй.
Тэд алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэр гээч болж сууна. Онц их хурлаа онц сонирхолтой-гоор хийсэн тэд нам болох гэж мэрийсээр. Гэвч албан ёсоор нам болоогүй байхад л элдвийн зөрчил, зөрөлдөөн эхэлжээ. Албан тушаал аваагүй, өгөөгүй хэмээн гомдоллох хүмүүс олширч, дор бүрнээ л дарга болохыг хүсэмжилж байгаа аж. 801 хүнийхээ гарын үсгийг ч цуглуулах гэж тамаа цайсан гэнэ. Ямартай МАН-ын шинэ батлах аваагүй хүмүүсийг урвуулах явуулга хийж. “МАН-аас бат илэрхийлэх аваагүй бол МАХН-даа ороочээ” гэж аргадах, гуйхыг хослуулсан байна.
Өчигдөр тэд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ илгээхээр товлосон. Гэтэл Дээд шүүхийнхэн хоёр хоног семинардахаар болсон учир маргааш тэднийг хүлээж авахаа мэдэгдэв. Намын бүртгүүлэх хугацаа нь хуулийн байгууллагынхнаас болж хойшилж байгаа учир энэ асуудлыг заавал хэлэлцэнэ гэжээ. Нам болох өргөдлийг УДШ ажлын 24 хоног буюу нэг сар орчмын хугацаанд шийдвэрлэж өгөх учиртай. Тэгэхээр тэд ирэх гуравдугаар сарын 21-ээс өмнө МАХН хэмээх нам байгуулж болох эсэх хариугаа авна гэсэн үг. Гэвч юмыг яаж мэдэх билээ, энэ хугацаанд юу ч болоо билээ. Саяхан л гэхэд Дээд шүүх Хөдөлмөрийн үндэсний намыг бүртгэхээс татгалзсан юм. Намын гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрээгүйгээс эхлээд бусад хуулийн шаардлагыг хангаагүй учир “NO” гэсэн хариу өгчээ. Энэ 24 хоногийн хугацаанд МАХН-ыг бүртгэхгүй байж болох шалтаг, шалтгаан гарч ирэх магадлал өндөр. Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН гэж товчлосон нэрний төлөөх ширүүхэн өрсөлдөөн өрнөснийг хэн хүнгүй мэдэж байгаа.
У.Хүрэлсүхийг сонгох уу, Н.Энхбаярыг сонгох уу гэдэг томоос том асуултын тэмдэг гарч ирээд буй. “Хэн нь вэ” гэдэг сонголтыг хийхийн тулд ч маргаан үүсээд байгаа аж. Нэг угшилтай боловч хоёр өөр зүг рүү харсан МАН, МАХН-ын алийг нь түшихээ мэдэхээ байсан хэсэг уймраа нөхөд бий. МАН генсекээ өөрчилбөл намдаа үлдэх сонирхолтой хэсэг бүлэг ч байгаа аж. Яагаад гэвэл тэдний дунд У.Хүрэлсүхийг намаас явуулсан тохиолдолд Н.Энхбаяр МАХН болж, тасрахгүй хэмээн амласан гэх “бор шувуу” жиргэж байх. Харин тэр суудалдаа үлдвэл МАХН-аа бараадъя гэсэн хоёрдмол бодолтой хүмүүс байгааг хэлж байх юм. Тэрхүү хоёрдсон нөхдийн дунд улс төрд байр сууриа олсон лунзгарууд бий гэнэ билээ.


URL:

Сэтгэгдэл бичих