”Хараа” архи уугаад явдаг харалган хүмүүс биш шүү
МАХН-ыг бүртгүүлэх өргөдөл бүхий найман хавтас материалыг Улсын дээд Шүүхийн Иргэний танхимын шүүгч И.Амартүвшинд тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өчигдөр гардуулж өгсөн юм. Үүний дараа түүнтэй уулзаж ярилцлаа.
-МАХН-ыг бүртгүүлэх материалаа танай намаас Улсын дээд шүүхэд өглөө. Улсын дээд шүүхээс хэдий хугацаанд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн бэ?
-Монгол Ардын Хувьсгалт намыг сэргээн бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж албан ёсоор материалаа өглөө. Уг нь долоо хоногийн дотор Улсын дээд шүүхээс хариу ирүүлдэг юм билээ. Гэхдээ хуулийн дагуу бол сарын дотор хариугаа ирүүлэх ёстой. Манай намын зүгээс даваа гаригт намаа бүртгүүлэх өргөдлөө өгөх ёстой байсан юм. Гэтэл Улсын дээд шүүхийнхэн Их тэнгэрийн аманд семинартай болчихоод өнөөдөр ийнхүү намаа бүртгүүлж байна.
-Танай намын дарга намаа бүртгүүлэхээр яагаад ирсэнгүй вэ. Ямар нэгэн хэл амнаас жийрхсэн юм болов уу. Эсвэл ингэх шаардлагагүй гэж үзсэн үү?
-Нэг дэх өдөр манай намын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж намаа бүртгүүлэх гэсэн. Даанч Улсын дээд шүүхийнхэн семинартай байсан болохоор чадаагүй. Өнөөдөр /мягмар гариг/ дарга маань гадаад дотоодын олон төлөөлөгчтэй уулзах уулзалт нь давхцаад. Тийм болохоор МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын хамт миний бие очиж өргөдөл, материалаа өгөөд байгаа нь энэ.
-МАХН нэрийг сэргээн авах хүсэл тань бүтэлгүйтвэл яах вэ. Улсын дээд шүүхээс ингэх боломжгүй гэсэн хариу ирүүлбэл, та бүхэн хэнд хандах вэ?
-Миний зүгээс МАХН нэрийг сэргээн авч чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байгаа. Бид Монголын нэртэй гэсэн хуульч болгонтой хамтран ажиллаж байгаа болохоор бүтэлгүйтэх вий гэж айж эмээх асуудал байхгүй. МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах асуудлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд зарлаж, хуулийн хугацаанд Онц их хурлаа хийсэн. Онц их хурлаар намынхаа даргыг бүх нийтийн өмнө ил тодоор намынхаа даргыг сонгосон. Үүнээс хойш Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу хуульд заасан хугацаанд багтаан бүх бичиг баримтыг бүрдүүлж Улсын дээд шүүхэд хүлээлгэж өглөө. Үнэхээр Монгол Улсад хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явагддаг бол Улсын дээд шүүхээс МАХН нэрийг сэргээж өгөх болно.
-МАН-ынхан энэ сарын хугацаанд Улсын дээд шүүхийнхэнтэй нийлж хор найруулах вий гэсэн болгоомжлол байна уу. Тэдний зүгээс МАХН нэрийг хуулийн дагуу сэргээн авах боломжгүй гээд удаа дараа мэдэгдэл гаргаад байгаа шүү дээ?
-МАХН-ыг бүртгүүлэх бүх үйл ажиллагааг хуулийн дагуу өндөр төвшинд хийсэн. Тийм болохоор чиний хэлсэн шиг хор найруулах асуудал гарч чадахгүй болов уу гэж найдаж байна. МАН-аас хориг саад тавих боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулинд ч эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаанд иргэн болон аливаа байгууллагын зүгээс саад учруулахыг хориглоно гэсэн заалт байдаг. МАН-ынхан болохоор Улс төрийн намуудын тухай хуулийн 15 дугаар зүйлийн зургадугаар заалтаар ийм боломжгүй гэж мэдэгдээд байгаа. Үнэндээ аливаа хууль ганц заалтаар явдаггүй биз дээ. Бүхэл бүтэн хуулийг ганцхан заалтаар хэмжиж, ойлгож болохгүй. Тиймээс хуулиа эхлээд сайн унш, уншсанаа сайн ойлгоод МАХН нэрийг сэргээн авах боломжтой эсэх талаар ярих ёстой болов уу гэж хэлмээр байна, МАН-ын удирдлагуудад.
-МАХН нэрийг сэргээн авлаа гэхэд өмч хөрөнгийн асуудал яригдах байх, тийм үү?
-Манай намынханд өмч хөрөнгө хэн нэгэнтэй булаацалдах чухал биш. Бид Монгол Улсын улс төрийг эрүүжүүлэхийн тулд итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж, энэ намыг байгуулсан. Өмч хөрөнгө гэх жижиг асуудлаар хөөцөлдөх зав бидэнд байхгүй. Өнөөгийн залуусын хэлдгээр бид “Хараа” архи уугаад явдаг харалган хүмүүс биш шүү гэдгийг хэлмээр байна. МАХН нэрийг сэргээн авангуутаа бид юун түрүүнд анхан шатны байгууллагуудаа байгуулах ажлаа түргэвчлэх юм. Тэгэхээр МАН-ынхан өмч хөрөнгө булаацалдах вий гэж айх хэрэггүй.
-Танай намынханд ингэхэд ямар насныхан давамгайлж байна. Зарим хүмүүс тэтгэврийн голдуу, бусад намын “гологдсон гишүүд”-ээр л дүүрчихэж гээд шүүмжлэх янзтай байгаа?
-Манай намын гишүүнчлэл 20 мянга даваад байна. Тэгээд ч хэн аль намд элсэх нь тэр хүний сонголт. Тиймээс эхлээд бусдын сонголтыг хүндэтгэж сурах хэрэгтэй болов уу. Нөгөө талаас манай намын гишүүдийн дийлэнх нь залуучууд. Хэн аль намд байсан нь хамаагүй. Арван найман нас хүрсэн Монгол Улсын иргэн МАХН-д элсэхийг хүсвэл бид түүний сонголтыг хүндэтгэх болно. Түүнээс чи тэр намд байж байгаад гарсан, тиймээс элсүүлэхгүй гэх эрх бидэнд байхгүй. Ер нь хэн юу гэж хэлэх нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь өмч хөрөнгө, хэрүүл уруулаар биш, мөрийн хөтөлбөр, хийж буй ажлаараа өрсөлдөе гэж бусад намынханд уриалмаар байна. Манай намын гишүүнчлэл сүүлийн үед бүр эрс нэмэгдсэн. Маргаашаас бүр өсөх байх гэж бодож байна. Тэгээд ч ахмад үеэ тэтгэврийн хөгшчүүл гэж адлах хэрэггүй байх. Тэр хүмүүс МАХН-д хар залуугаасаа эхлээд өвгөн буурал болтлоо итгэл үнэмшлээ зориулж яваа хүмүүс шүү дээ.
-Яагаад маргаашаас гишүүнчлэл эрс нэмэгдэнэ гэж?
-МАХН-ын нэрийг сэргээн авах хүсэлтээ Улсын дээд шүүхэд албан ёсоор гаргаснаас хойш над руу хөдөө орон нутгаас маш олон хүн ярьж байна. Та бүхний улс төрийн зорилгыг дэмжие гэсэн хүсэлтээ олон залуус илэрхийлж байна. Миний хоёр утас руу зогсоо зайгүй ярьж байна.
-Үнэхээр МАХН нэрийг сэргээн авах хүсэл тань улс төрийг эрүүлжүүлэх зорилготой юу. МАХН-ын түр штабын зохицуулагчаар ажиллаж байсан Ц.Алтаншагай гэгч нөхөр Н.Энхбаяр эхнээсээ л өөртөө боол байх хүмүүсийн эрэлд гарсан юм билээ гэсэн яриа гаргаад байгаа шүү дээ. Бүр МАХН нэрийг авах талаар хөөцөлдөхөө ч илэрхийлж байгаа?
-Тэр залууг өмнө нь би таньдаггүй байсан. Манай түр штабыг анх байгуулагдах цагаас л тийм нэг нөхөр ирж суучихаад байсан юм. Гэтэл түүнтэй холбоотой асуудал гараад түүнд түр штабын чухал ажлуудыг даалгахаа больсон. Манай штабт элсэх, бидэнтэй хамтрахаар ирсэн хүмүүсийг бүртгэх ажлыг хариуцаж байсан юм. Гэтэл хүмүүсийг бүртгэж авсан файл алга болоод байсан. Тэр нөхөр л хамаг хэрэг тариад байсан юм билээ. Дээрээсээ ямар даалгавар аваад тийм асуудал үүсгээд байсныг нь гайхаад л сууж байна. Нөгөөтэйгүүр одоо хэддүгээр зуун билээ. Хэн нэгний гар хөл болоод боолчлогдоод явах хүмүүс бид мөн үү. Н.Энхбаяр даргаас гадна гурван хүн намын даргад өрсөлдсөн. Онц их хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийнхөө санал хураалтаар Н.Энхбаяр МАХН-ын даргаар сонгогдсон шүү дээ. Манай нам байгуулагдах, намын даргаа сонгох бүх үйл явдал олны нүдэн дээр ил тод болсон гэж бодож байгаа
-Ирэх гуравдугаар сарын 1-нд Монгол ардын хувьсгалт намын 90 жилийн ой болно. Та бүхэн тэмдэглэх үү?
-Тэмдэглэх ёстой том арга хэмжээ шүү дээ. Гэхдээ яаж тэмдэглэх асуудал одоогоор яригдаагүй байна. Эхлээд намынхаа нэрийг сэргээн бүртгүүлчихье. Дараа нь бусад асуудлаа ярья.
-Та МАХН нэрийг сэргээн авна гэдэгтээ дэндүү итгэлтэй байгаа юм байна?
-Итгэлтэй байж л зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Бид маш их, бүр маш их итгэлтэй байна. Ийм боломж байгаа гэдгийг ч бидэнтэй хамтарч ажиллаж байгаа хуульчид маань зөвлөөд байна.
Ж.ЭРХЭС
URL: