Д.Хаянхярваагийн бүрдүүлсэн багийн хоёрдугаар ээлж шорон руу илгээгдлээ

Дархан-Уул аймгийн төсвийн байгууллагын эрх мэдэлтнүүд хулгай хийхдээ дадамгайгаас гадна уламжлалтай гэхэд болно. Сангийн сайд Д.Хаянхярвааг Засаг даргаар ажиллаж байх үед хэсэг этгээд төсвөөс хөрөнгө, мөнгө хулгайлах зорилгоор “Х.Баатархүү” бүлэглэл байгуулсан юмдаг. Дархан-Уул аймгийн Засаг дарын Тамгын газрын санхүү эдийн засаг, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү нар өөрсдийн нэрсийн үгийг оролцуулан “Х.Баатархүү” хэмээх дундын данс нээсэн байдаг.

Дээрх нөхдүүд найман жилийн турш төсвөөс тэрбум гаруй төгрөг хулгайлсан ч мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болсоор 800 сая төгрөг шамшигдуулсан нь тогтоогдсон. Аймгийн төвд байрлуулсан арслангийн баримал, хашааны будаг, сонгуулийн сурталчилгаанд зориулсан хичээлийн танхим тохижуулахад зориулан гаргасан мөнгийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Энэхүү бүлэглэлийн толгойлогч нь эзгүй, хамгаалалт суларсан үед АТГ-ынхан довтолж 13 этгээдийг шүүхийн хаалгаар оруулж дөнгөсөн юм.

Сүр дуулиантай эхэлсэн шүүх хурлаар Э.Наранбаатар, Д.Нямхүү, В.Эрдэнэ нар ял авч бусад нь хэрэгсэхгүй болжээ. Яллагдагч Э.Наранбаатар шүүх хурал дээр “Албан тушаалтнууд “Х.Баатархүү” гэдэг нууц дансыг мөнгө завших зорилгоор нээсэн. Тэр байршуулсан мөнгөнөөс хувьдаа завшаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ данснаас хэн мөнгө гаргуулж, хэрхэн завшиж байсан нь тодроогүй юм билээ.

Энэ сарын 25-26-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн нэр бүхий албан тушаалтнуудыг төсвийн хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр баривчиллаа. Тухайлбал МАН-ын тэргүүлэгч гишүүн, Чингис хаан банкны салбарын захирал Г.Ганболд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нарыг баривчлан хорьсон аж.

Эдгээр нөхдийг Нийгмийн даатгалын сангаар дамжин иргэдэд очих халамж, тэтгэврийн мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулан мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм. Дархан-Уул аймгийн иргэд “Сангийн сайд Д.Хаянхярваагийн бүрдүүлсэн багийн хоёрдугаар ээлж шоронд явлаа” хэмээн шуугиж байна. Мөн Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат, Ди Би Эс телевизийн захирал А.Түвшинбат нарыг баривчлах нь хэмээн шуугиж эхэлжээ.

Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат 800 шоо метр мод хууль бусаар огтолсон, бусдын газрыг булааж зарсан хэргээр Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа нэгэн. “Ди Би Эс” телевизийн захирал А.Түвшинбатын тухайд газрын наймаанд холбогдон шалгагдаж байгаа юм билээ Мөн  А.Түвшинбатын  аав Монгол Улсын гавьяат багш С.Амгалан “Х.Баатархүү” бүлэглэлийн 800 саяын хэрэгт есөн удаагийн үйлдлээр холбогдон тэнсэн харгалзах ял авсан байдаг юм.

Энэ бүгдээс үүдэн Дархан-Уул аймгийн иргэд “Засаг дарга асан Д.Хаянхярваагийн бүрдүүлсэн баг зах зухаасаа баригдаж эхэллээ” гэсэн мэдээ тарааж эхлэв. Олны үг ортой байдаг юм. “Чингис хаан” банкинд мөнгө угаасан гэх хэргийг Сангийн сайд Д.Хаянхярваатай холбон тайлбарлаж байна. Мэдээж Монгол Улсын сан хөмрөгийг хариуцаж суугаа сайд хүнийх нь хувьд хариуцлага ярьж болно.

Хоёрдугаарт түүний гэр бүлийн хүн Шагдарын Оюун “Чингис хаан” банкинд нягтлан бодогчоор ажилладаг.

Энэ эмэгтэйн гараар Нийгмийн даатгалын мөнгө төгрөг орсон байх магадлалтай. Нябо Ш.Оюун захирал Г.Ганболдтойгоо нэг өрөөнд суудаг бөгөөд хууль бусаар мөнгө угааж буйг мэдээгүй гэх үндэслэлгүй юм билээ. Иргэдийн тэтгэвэр тэтгэмж цаг хугацаандаа тавигдалгүй олон сараар хойшлогддог байсан гэнэ. Энэ хооронд дээрх нөхдийн мөнгөний тоолуур эргэж хүүг нь хүүлдэг байсан байгаа юм.

Аймгийн цагдаа дээрх гурван албан тушаалтныг АТГ-ын хүсэлтээр барьсан гэж байгаа. Гэсэн хэдий ч сахарын өвчтэй гэх Пэлжирийн Баярааг хорьсоор байгаа хэрнээ “Чингис хаан” банкны салбарын захирал Г.Ганболдыг биеийн байдал муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан аж. Зарим эх сурвалжууд Сангийн сайд Д.Хаянхярваа Улсын мөрдөн байцаах газрын дарга С.Баатаржав руу утас цохисоор байгаад суллуулсан гэж байгаа юм. УМБГ-ын дарга С.Баатаржав Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Д.Хаянхярваагийн хувь эзэмшдэг “Газар шим” компанийн хаусанд амьдардаг гэх мэдээлэл бий.

Нийгмийн даатгалын ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа “Дарга нарын тушаал биелүүлж байсан болохоос мөнгө төгрөг идээгүй” гэж мэдүүлж байгаа аж. Цаашдаа МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдоно гэсэн таамгийг иргэд дэвшүүлж байгаа юм. Үүнд Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Халамж үйлчилгээний дарга Сүхбаатар нарыг холбоотой гэцгээж байна.

Дарханчууд авлигач түшмэлүүдээс залхаж АТГ-т баригдахад бараг баярладаг болжээ. Уужуу тайван ард түмний цалин, тэтгэвэр, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн засварын хөрөнгөөс хумслагч албан тушаалтнуудаас үнэнхүү залхсан байгаа юм, тэд. Тийм учраас “Сангийн сайд Д.Хаянхярваагийн бүрдүүлсэн багийн хоёрдугаар ээлж шорон руу илгээгдлээ. Цаашид гурав, дөрөв, тавдугаар ээлж нь явах болно” хэмээн ярьцгааж байна

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих