Ц.Нямдорж мэлзэж, З.Энхболд шордож, Д.Энхбат гэдийсэн шөнө
МАН нь 45 гишүүн, Ардчилсан нам 27 гишүүнтэй. Мөн ИЗ-НН-ын гэгдэх Д.Энхбат, С.Оюун, З.Алтай гишүүн, түүнчлэн Хамаг Монголын хөдөлмөрийн намыг байгуулан өрх тусгаарласан Ц.Шинэбаярыг нэмснээр одоогийн парламентийн 76 гишүүн бүрдэж буй. Өнгөрсөн хугацаанд олонхи буюу МАН нь нэлээдгүй асуудлыг хүний тоогоор давамгайлан шийдэж байсан бол Ц.Нямдоржийг огцруулах асуудал дээр энэхүү давамгай байдлаа ашиглах боломж үгүй боллоо. МАН-ын найман гишүүн огцруулах асуудлыг гаргаж ирсэн тул 37 гишүүн Ц.Нямдоржийг хамгаалах санал гаргах нь. Харин өнөөх найман гишүүн дээр Ц.Шинэбаяр гишүүн нэмэгдэж Ардчилсан намын 27 гишүүнтэй хамт Ц.Нямдоржийн эсрэг санал өгөх боломж бий. Энэ нийлбэр 36 болж байна. Ц.Нямдорж нь өөрийнхөө асуудлаар санал өгөхгүй гэвэл тоо тэнцэж байна. Ингээд асуудлыг хааш нь хандуулах нь ИЗНН-ын гурван гишүүнээс хамааралтай болж байна. Ийм тохиолдолд тэд ямар байр суурь илэрхийлэх бол гэсэн хүлээлт өнгөрөгч баасан гаригийн шөнийн гол асуулт байлаа.
Баасан гариг. 20.40
Д.ДЭМБЭРЭЛ: Цаг хэдий орой болсон ч бид төлөвлөсөн асуудлаа гүйцэд хэлэлцэнэ шүү
Чуулганы нэгдсэн хуралдаан болж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Цаг хэдий орой болсон ч бид төлөвлөсөн асуудлаа гүйцэд хэлэлцэнэ шүү” гэв. Ингээд Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зарлав. Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай буюу тодруулбал, Ц.Нямдоржийн асуудал байлаа. Ингээд чуулган завсарлаж, Хууль зүйн байнгын хороо хуралдахыг хүлээхээр гишүүд тарцгаав. Тус байнгын хорооны өмнө МАН-ын удирдах зөвлөл хурал зарлаж асуудлаа нам дотор шийдэхээр боллоо.
Баасан гариг 22.00 цаг
МАН-ын удирдах зөвлөлийн хурлын дараа нь УИХ дахь бүлэг нь хуралдсаар л байлаа. Байнгын хорооны хуралд оролцохоор АТГ-ын дэд дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Сандаг-Очир, ТЕГ болон төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, төлөөлөгч ирцгээсэн байв. МАН-ын гишүүд намын даргын өрөө, бүлгийн хурлын танхим руу гүйлдэж, Үүнээс нь ямар шийдэл гарахыг Ардчилсан намынхан хүлээж байсан бөгөөд энэ хооронд цахим хуудсаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, АН-ын дарга Н.Алтанхуяг “Ардын намынхан хуралдаж байна гэж хүлээлгэсээр шөнийн хоёр цаг болголоо. Ц.Нямдоржийг авч үлдэх гэсэн хүмүүс надтай уулзсан гэж гүтгэлэг тараажээ. Ардчилсан намын бүлэг ямар ч байсан огцруулахыг л дэмжинэ” гэж байв.
Баасан гариг 23.00 цаг
“МАН-ын удирдах зөвлөл, бүлэг дээр Ц.Нямдоржийг хэрхэх гэдгээс илүү огцруулах санал гаргасан гишүүдийгээ хэрхэх талаар хуралдсан. Д.Балдан-Очир, Р.Раш нарын санал өөрчлөгдсөн” гэх албан бус мэдээлэл гарав. Магадгүй эдгээр найман гишүүнийхээ саналыг өөрчлөх гэж нэлээдгүй цагийг зарцуулав. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүд байр суурин дээрээ хатуу байсан нь тус намынханыг шөнө дөл болтол хуралдуулахад хүргэсэн гэх бөгөөд Д.Тэрбишдагва нар “Ямартай ч Ц.Нямдорж сайдыг огцруулах саналыг бид эхэлж тавьсан. Тиймээс санал хураах үед өөрсдийнхөө гаргасан саналын эсрэг кноп дарахгүй. Мэдээж манай намын бүлэг түүнийг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргах байлгүй. Биднийг энэ шийдвэрийг дагаж, мөрд гэж тулгах л байх. Гэхдээ процесс явж эхлээгүй байна. Тиймээс урьдчилаад олон юм яримааргүй байна” гэх байр суурьтайгаараа чуулганы хуралдаанд орохоос аргагүй болж.
Баасан гариг 24.00 цаг
МАН-ынхан найман гишүүнтэйгээ тулж уулзаж байхтай зэрэгцэн Ардчилсан намынхан ИЗ-НН-ыг хэрэгтэй үед шийдвэртэй санал гаргахыг ятгаж байлаа. Энэ асуудалд оролцохгүй гээд явчихсан Д.Энхбат нартай З.Энхболд нар цахим хуудсаар холбогдон байр сууриа илэрхийлэхийг хүсч байв. З.Энхболд гишүүн “Танай нам ирэх долоо хоногт оролцохгvй бол Ц.Нямдорж сайдаараа үлдэх нь. Бурууг бусдаас хайсангүй, гол нь ИЗ-НН улс терийн нам юм бол ойлгомжтой байр суурьтай байгаач. МАН гишvvд ч яахав но-г нь дэлгэнэ гээд айгаад кнопдож байгаа, та гуравт тийм шалтгаан үгүй юм байгаа биз дээ. Асуудлаас булталгүй суудалтайнхаа хэргийг гаргаач” гэж байв.
Харин гишүүн Д.Энхбат хариуд нь “Бид МАН, АН хоёрын аль алиных нь ч угийг дагах албагүй. Өөрсдөө шийдье. Манай байр суурь энгийн. Бид МАНАН-гийн дотоод хэрүүлд оролцохгүйгээр шийдсэн. Тэд саяхан нэг баг л байсан. Одоо асуудал нь биднээс боллоо гэвэл харин ч инээдтэй дээ” гэж эсэргүүцэж байв. Мөн энэ үндэслэлээ өөрийн цахим хуудсанд дараах байдлаар илэрхийлэв.
Д.ЭНХБАТ: Ц.Нямдоржоос айгаад байх юм алга, гэхдээ бид энэ асуудалд оролцохгүй
Бид өнгөрсөн дөрвөн жилд Оюу толгой, Таван толгойг хэлэлцэхдээ ч ингэж шөнө дөл болтол хуралдаж байсангүй. “Хэтэрхий чухал” асуудал болж байхад ИЗНН-ын гурав шөнө дөл болтол хүлээсэнгүй гэх хүмүүс ч байна. Хэрэв Соус Гоби Саундсын асуудлыг, эсвэл улс орны өөр нэгэн чухал асуудлыг хэлцэнэ гэсэн бол бид ажил дээрээ хоноход ч бэлэн байлаа. Харин Нямдоржийг огцруулах нь УИХ-ын түүхэнд ховорхон тохиролдох тийм чухал сэдэв гэж бид үзээгүй. Бидэнд Нямдоржийг өмөөрөх ямар ч сонирхол байхгүй. Мөн төрийн мөнгийг захирч, булхайтай тендэр, төсөл шалгаруулж яваагүй учир биднийг өөрсөдтэйгээ адил гэж бодоод байгаа нөхөд шиг Нямдоржоос айгаад байх юм даанч алга. Харин бидэнд өөрийн итгэл үнэмшил, дагах зарчим бий.
Олон хүн бидэнд Нямдорж бол муу хүн, улс оронд их гай тарьж байна, түүнийг огцруулахад оролцооч гэж хэлж байна. Харин бид “Тийм ээ, тэднийг бүгдийг нь огцруулья” гэж хэлдэг. Харин тэгэхдээ тэдний нөгөө хэсгийг аврах “Сайн үйлсийн аян”-д оролцох замаар биш гэж бас нэмж хэлмээр байна. Энэ бол Нямдоржийг огцруулахдаа ч биш, харин МАНАН-гийн задралыг эмчлэх, “шударга” харагдуулах сонгуулийн аян юм” хэмээсэн байна.
Бямба гариг буюу шөнийн 02.00 цаг
Нууцаар санал хураах горимын саналыг дэмжсэнгүй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өрнөж байв. Ардчилсан намаас найман гишүүн, МАН-аас мөн тус байнгын хорооны есөн гишүүн оролцлоо. Огцруулах асуудлыг тавьсан гишүүдээс уг байнгын хороонд харьяалагддаггүй тул санал өгөх эрхгүй байлаа.
Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхэд санал хураахдаа нууцаар санал хураая гэх горимыг саналыг С.Эрдэнэ гишүүн гаргасан боловч МАН-ын гишүүд тууштай эсэргүүцлээ. С.Эрдэнэ “Хэрэв нууцаар санал хураавал шударга шийдвэр болно. МАН-ын удирдлага гишүүдийнхээ хувь хүний сонголтоор хийх эрхийг хянаж, хавчиж байна” гэсэн ч олонхи уг саналыг дэмжсэнгүй. Ингээд Ц.Нямдоржийг огцруулах болсон үндэслэлийг танилцуулав. Үүнд “Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын нэр бүхий 9 гишүүн Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагадаа “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчин, Их хурлын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт хэрэг өдүүлсэн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёсзүйн хариуцлагыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой” гэж үзлээ гэв.
Хуралдааны үеэр гишүүд ХЗДХ-ийн сайдаас болон холбогдох албаныхнаас асуулт тавьж, хариулт авсан. Тухайлбал С.Эрдэнэ гишүүн “Та энэ суудалд суух ёс зүйтэй хүн гэж бодож байна уу?” гэж асуухад “УИХ-аас намайг энэ албанд томилсон учир өөрийгөө энэ албанд тохирсон ёс зүйтэй хүн гэж бодож байна” хэмээн хариулав.
Мөн яагаад өөрийгөө буруугүй гэж үзэж буй үндэслэлээ тайлбарлаач гэх асуултад “Төрийн тусгай хамгаалалтын газар, шүүх, прокурорын байгууллагууд надад шууд захирагддаггүй. Салбарын сайдын албан тушаал хашиж байгаа хүн баривчлах үйл ажиллагаанд оролцдоггүй. Гишүүдийн холбогдуулж яриад байгаа сэжигтнийг баривчлах үйл ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хууль /ЭБШХ/-аар явагддаг. Энэ хуулийн эх нь Эрүүгийн хууль. Эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль болох ЭБШХ-д эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субъектүүдийг зааж өгсөн байдаг. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох ямар ч эрхгүй. АТГ-ын явуулсан тэрхүү ажиллагаа ЭБШХ-ийн 68 дугаар зүйл заалтын дагуу явагдсан. АТГ албадан ирүүлэх саналаа прокурорт гаргаснаар шүүхийн захирамж гаргаж хийсэн ажил. Сүүлд нь гэрээс нь аваачсан ажиллагаа бол ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлийн дагуу хийгдсэн. Түүнд “Байцаалтад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргаж, цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр би энэ ажиллагаанд оролцох ямар ч бололцоогүй. Хэрэв би ямар нэгэн хэлбэрээр энэ хэрэгт оролцоод эхэлсэн бол харин жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болно” гэв.
Уг хуралдааны үеэр Ц.Нямдорж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа болж байгааг мэдээгүй гэдэг ярианыхаа талаар тайлбар хийлээ.
Ц.НЯМДОРЖ: Би унтсан, мэдээгүй гэдэг зүйлийг хэлээгүй
ЦЕГ-ын дарга Сандаг-Очир тэр оройн 21 цаг 30 минутын үед ийм үйл ажиллагаа явагдаж байна гэж надад утсаар мэдэгдсэн. Би хариуд нь” Байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас та нар тус тусынхаа чиглэлээр үүргээ гүйцэтгэ. Харин хүний эрүүл мэнд хохироож, эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй шүү!” гэж хэлээд утсаа тавьсан. Хэвлэл мэдээллийнхэн миний хэлсэн үгийн зарим хэсгийг салгаж аваад ярьчихсан юм билээ. Өглөө 6 өнгөрөөгөөд утсаар асуухад “Ажиллагаа дуусаад Төв аймгийн замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй, эмх замбараагүй байдал гараагүй” гэсэн мэдээлэл надад өгсөн. Би үүнийг ярихдаа “унтаж босоод” гэсэн үг хэлсэн юм. Тэрнээс биш унтсан, мэдээгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Наадах чинь хоёр өөр ойлголт. Түүнийг нь дангаар нь тасалж аваад ярьж байгаа хэрэг. Эхлээд хэн нь хууль зөрчив гэдгийг тогтоох хэрэгтэй” гэсэн тайлбар өгч байв.
Энэхүү тайлбарт нь зарим гишүүд дургүйцэн “Одоо бүр унтдаг сайд биш худлаа ярьдаг сайд байх нь” гэж шоглож байв. Хуралдаанд оролцсон гишүүд цөөнгүй асуулт асуусан бөгөөд санал хэлэх хэсэгт Ж.Сүхбаатар гишүүн л саналаа хэлсэн юм. Тэрбээр экс Ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаа нь агуулгын хувьд зөв харин хэлбэр нь буруу байсан гэдгийг онцолж байлаа. Байнгын хорооны хурал шөнийн 03.30 цагт дууслаа.
Бямба гариг 04.00 цаг
Гишүүд төрийн ордонд хонох нь тодорхой болсон тул хуушуур, бууз захиалан хийлгэв. Ингээд хоолныхоо дараа чуулганы хуралдаандаа орцгоолоо. Хуралдаан арван минут хүрэхгүй хугацаанд өндөрлөлөө. Учир нь уг асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авч буй саналаа танилцуулан хуралдааныг орхин гарцгаав. Ийнхүү завсарлага авч буй шалтгаанаа бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Энэ асуудлаа ирэх долоо хоногийн даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцье. Шөнө дөлөөр асуудлыг хэлэлцэх нь хаа хаанаа хар төрүүлнэ. Нөгөө талаас цөөнхийн бүлгийн гишүүд асуудалд хүлээцтэй хандаж шөнийн 04.00 цаг хүртэл хүлээж, чуулганы хуралдаандаа оролцсон. Хууль зүйн байнгын хорооны дарга асуудлаа оруулж ирэх гэж нэлээд цаг алдлаа. Тийм учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдээс уучлал гуйх ёстой шүү” хэмээн тайлбарлав.
МАН-ын Ц.Мөнх-Оргил нарын гишүүд үүнийг нь эсэргүүцэн “Улсын мөнгөөр бууз, хуушуур идчихээд явлаа, шөнөжин хуралдана гэсэн чинь хаана байна” хэмээн хашгирч байв. Харин үүний хариуд Ч.Сайханбилэг “Чамаас битгий хэл улсаар бууз хуушуур авахуулсан удаа байхгүй. Оройн хоолыг бид нар өөрсдийнхөө мөнгөөр авсан юм” хэмээн хариуг нь өгсөөр хуралдааны танхимаас гарцгаалаа.
Б.МАНД
URL: