Гурвантэсийн уурхайнууд Хятадынх боллоо

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Саус гоби сэндс”, “Нарийн сухайт-Чинхуа МАК”, “МАК” ХХК-иуд нүүрс олборлох буюу хайх үйл ажиллагаа явуулдаг.

“Саус гоби сэндс” ХХК-ийг БНХАУ-ын Chalco /чaлко/ компани 891 сая ам.доллараар худалдаад авчихлаа. “Нарийн сухайт- Чинхуа МАК” ХХК тэртэй тэргүй хятад эзэнтэй. Харин түүний араас “МАК” эзэнтэй болсон, “Саус гоби сэндс” ХХК худалдаад авчихсан гэх мэдээлэл чих дэлсэж байх юм. Хэрвээ энэ үнэн бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших дээрх гурван уурхай Хятад улсаас хамааралтай болж таарч байгаа юм. Эхлээд уурхайнуудад дараа нь юунд маань эзэн суух гээд санааныхаа мухарт отчихсон байгаа бол… Удахгүй Гурвантэс сум “манайх” гээд зогсож байхыг ч үгүйсгэхээргуй боллоо. Малчид малын хот бууц, бэлчээр усаа эхнээс нь өгчихсөн. Дахиад хайгуул хийж байгаа олон газрынх нь хаа нэгтэй уурхай байгуулна гэвэл хэд хичнээн айл өрх малын өвөлжөө, хаваржаа, намаржаа, зунжаагүй, бэлчээргүй, усгүй болохыг хэлж мэдэхгүй.Энэ арай хэтэрлээ. Монголын ард түмэн эзэн Чингисээс өвлөсөн баялагтай, түүхтэй энэ нутгийнхаа эзэн нь биш болох нь ээ. Яагаад гэхээр Монгол нутагт Монгол эзэнтэй “юм” ер нь байна уу. Ховор шүү. Тухайлбал тэр уурхайн гадаад эзэн нь тэр улсын тэр гэж ярьдаг байсан бол одоо бүр нарийсч охид, хүүхнүүд нъ хүртэл гадаад хүний өмч болчихсон, “тэр чинь тэрнийх байхгүй юу” хэмээн Монгол эрчүүд ярьж байх юм. Энэ юу болж байна вэ, Монголчууд аа!. “Эмс садарлавал үндэстэн мөхнө” хэмээн бичиглэсэн байдаг бус уу.

Монгол улсын үндсэн хуулинд газар доорх баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл юу болж байна вэ? Монгол улсын хууль санаачлагч, батлагч эрхэмүүдийг өчүүхэн төдийн юм ярьж, бие биерүүгээ чичлэж, телевизийн од болж суухын араар ард түмний чинь баялагийг ЛИЦЕНЗ хэмээх цаасаар нэгнээсээ нөгөөдөө худалдан харь нутгийн түнтгэр халаастангууд эзэн суун “тоглож” байна.

Хэдэн зууны үеэс эх хэвлийдээ эрдэнэстэи эгэл энэ нутгаа “онгоноор нь” нандигнаж ирсэн ард түмэн хэдхэн жилийн дотор төрөлх нутгийнхаа “хэвлийд бий болсон дахин давтагдашгүй, хэзээ ч эргэн нөхөгдөшгүй тэр эрдэнэсээ” энд тэндээс нь төнхүүлж, ухуулан самруулахдаа зөрүү буруу хэлтний мэдэлд зүгээр өгчих хайрнаас хайран санагдах. Монголчуудыг өнөөдөр, маргаашаар цаг хугацаагаа хэмжиж суух хойгуур ямх ямхаар хэмжсээр яах ийхийн зуургүй өнөөх 30-40 жилийн нөөцтэй гээд яриад байгаауурхайн баялгийг чинь өдөр шөнөгүй зөөгөөд барвал ард түмнээ баяжуулах бус аяганы шавхаруутай үлдээх вий дээ. Хар алтаа хэдэн төгрөгнөөс өгчихөөд өнөөх хэдээ “халамж” нэрийн дор тав арваар нь тараахийн оронд  ард  түмнээ хөдөлмөрлөснийхөө төлөө авдаг болгохын дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх хэрэгтэй. Төсвийн байгууллагынхны цалин нэмэгдлээ гээд хувийн хэвшлийнхэн дагаад нэмэх юм гэнэ. Тэрэн шиг худал зүйл үгүй. Тэгэхийн оронд тоймтойхон, томхон, ард түмэндээ ашиг тусаа өгдөг дотоодцоо эргэлттэй, хэн хүний хэрэгцээнд нь нийцсэн ажлын байр бий болгох нь чухал. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр “толгой нь эргэсэн” төр баригчдын төрөөс өгсөн хишгийг хүртчихээд толгойгоо ажиллуулахгүй, урсгал ус мэт урссаар байвал нэг л өдөр өнгийгөөд ёроол нь үзэгдэхгүй хар нүхнүүдтэй, өргөжин хөгжсөн өөр бусадсалбаргүй, цагтаа би цалин өндөртэй “уурхайчин” явлаа, одоо л энэ болж дээ гэх ард түмэнтэй хоцрох цаг ирнэ шүү. Хүн бэлэнчлэх сэтгэлгээ нь хөгжиж, залхуу, амар хялбар аргаар амьдрах хүсэлд хөтлөгдөж байгаа нь зүгээр тараасан мөнгөтэй шууд холбоотой.

Монголын ард түмэн тэр дундаа Өмнөговьчууд хөрсөн доорх энэ их баялгийг огт ашиглуулахгүй гээд байгаа юм биш. Хамгийн гол нь ард түмэн, малчид, иргэдийн амгалан тайван байдал, эрх ашгийг нь зөрчихгүй, энэ нутгийн баялгийг авахдаа хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаагаа явуулж, усны амин судлыг нь тасдалгүй орхиоч ээ гэж хүсээд байгаа юм. Хэдийгээр

ашигтай талбай байлаа ч тэнд усны хагдлбар, газар доорх нуур байгаа бол түүнийг хөндөлгүй орхиж хамгаалалтанд авмаар. Усгүй бол амьдрал үгүй. Мал аж ахуйн орны хувьд малчин түмнээ бодмоор. Гэтэл одоо хаана юу илэрч байна түүнийг бүгдийг ухаж авахыг зорьж байгаа нь аймшигтай бөгөөд ард түмнээ хар алтнаас дорд үзэж байгаа хэрэг. Байгаль дэлхийгээ хайрлаж гэмээнэ үр шимийг нь хүртдэг ёстой. Хайхрамжгүй, хайр найргүй хандвал байгаль эх “яахаа” өөрөө мэднэ ээ. Монголын хөрсөн доор байгаа баялгаа монгол хүн мэдэх ёстой бус уу? Гэтэл гадаад эзний гараар… Үүнд л учир байгаа юм.

“Өмнийн говийн өр нимгэрч, газрын гүнээсээ ёолон” амь нэхэж газар доороос хатаж, говийн хөрс, говийн шаргал нар зүсээ хувирган уйлж байх шиг. Нутгийн иргэд та бид хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй.

Сэтгүүлч ЖАМСРАНГИЙН САЙНЖАРГАЛ

Эх сурвалж: “Монгол говь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих