П.Лхамдэгд Азийн хошой аварга болов
Узбекистаны Ташкент хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн болох тус тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 63, 70, -78 ба +78 кг-ын жингийн барилдаан болж, Монголын жүдочдоос ОУХМ Ч.Болдбаатар /60 кг/, ОУХМ С.Мияарагчаа /66 кг/, ОУХМ С.Ням-Очир /73 кг/, ОУХМ Ц.Мөнхзаяа /63 кг/, ОУХМ Ц.Наранжаргал /70 кг/, ОУХМ П.Лхамдэгд /-78 кг/, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд /+78 кг/ нар зодоглов.
Улмаар эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд алт, 63 кг-д Ц.Мөнхзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медаль хүртлээ. Шар тивийн 26 орны 185 тамирчин оролцож буй тус тэмцээний эхний өдрийн барилдааны дараагаар Монголын жүдочид багийн амжилтаар гуравдугаар байрт бичигдээд байна.
Өнөөдөр үлдсэн жингийн барилдаан болох бөгөөд Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 90 кг-д Э.Энхбат, -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +100 кг-д Н.Батсуурь, харин эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд М.Уранцэцэг, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нар барилдана.
URL: