МҮДН-ынхан “Алтангадас”-тай хүч үзнэ
Ардчилсан нам дахь фракциудын задрал идэвхжиж эхэллээ. Тус нам дахь МҮДН, соцдек, “Зүүн хойд Азийнхан” нэгдэж, Ардчилсан хүчний холбоог байгуулсан ч “Кроун”-ыхан Н.Алтанхуяг нарыг бараадсан нь саяхан. Хэдийгээр З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбооныхон өнгөрсөн жил анхдугаар их хурлаа хийж, “Алтангадас”-ынхантай хүч үзсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Н.Алтанхуягийг огцруулж, намын удирдлагыг гартаа авна гэсэн нь ч бүтээгүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй МҮДН фракцийнхан үйл ажиллагаагаа тусдаа явуулахаар шийдсэн сураг байна.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо саяхан хуралдсан. Үүнээс өмнөхөн “Алтангадас” фракцийнхан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын эсрэг “сурталчилгаа” явуулсан нь МҮДН-ынхны амбицийг дэвэргэсэн хэрэг болов. Тэрхүү “сурталчилгаа”-ны гол агуулга нь “Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр Д.Эрдэнэбатыг Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас огцруулна” гэсэн утгатай байсан юм. МҮДН-ынхан чухам үүн дээр акцент өгч, Н.Алтанхуягийг тулаанд дуудахаар шийдсэн аж. Учир нь Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат бол МҮДН-ын угшилтай эрхэм. Харин Ардчилсан хүчний холбооныхны хувьд, энэ талаар намжмал байр суурьтай байна. Тэд ирэх сард чуулганаа хийж, УИХ-ын 2012 оноос өмнө хэрэгжүүлэх тактикаа төлөвлөх юм байна. Гэхдээ энэхүү тактик нь МҮДН-ынхныг фракциудын нэгдэлд дахин татан оруулж чадах уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Ардын нам болон МАХН-ынхны дунд өрнөсөн үйл явц ч Ардчилсан намынхныг хэд, хэд хуваачихаад байна. “Алтангадас”-ынхан Ардын намын байр суурийг хамгаалж байгаа бол Ардчилсан хүч-ний холбооныхон “Улсын дээд шүүх МАХН-ынхны талд шийдвэр гаргах нь ойлгомжтой” хэмээн илт дэмжиж байгаа аж. Харин “Хоёр арслан тулалдаж л байг. Тэрхүү тулаанд хэн ялахаас Ардчилсан нам удаах тактикаа тодорхойлно” гэдгийг “Алтангадас”, Ардчилсан хүчний холбооныхны аль, аль нь хүлээн зөвшөөрч байна. Гэвч МҮДН-ынхан “Алтангадас”-ынханд ямар сюрприз барих нь бас л сонирхолтой үйл явц УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монголын төлөө” хөдөлгөөн байгуулж, хүний, өөрийн намынхныг татах сураг дуулдаж эхэлсэн. Эрхэм гишүүн санасандаа хүрвэл Ардчилсан хүчний холбооноос тусгаарлаж мэдэх л юм.
С.Баттулга
URL: