Н.Энхбаярыг хоёр сар хорихоор боллоо
ДАХИЖ ЗӨРЧИЛ ГАРГАВАЛ САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛНА ГЭВ-
Н.Энхбаярыг яллагдагчаар татан, үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр орой гаргалаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр экс ерөнхийлөгчийг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт яллагдагчаар татах хүсэлт тавьсан бөгөөд дээрх шийдвэрийг түүний дөрвөн өмгөөлөгчийг байлцуулсан хурлаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын зарим гишүүн Цагдан хорих төвд хоригдож буй Н.Энхбаярыг суллуулахаар өчигдөр Төв аймгийг зорьсон юм. Сэжигтэн Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гарахаас хоёр цагийн өмнө буюу 14.30 цагаас ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд, тус байгууллагын Тогтоол гүйцэтгэх албаны дарга Л.Хосбаяр нар экс Ерөнхийлөгч болон түүний өмгөөлөгч нартай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд хийсэн юм.
Н.ЭНХБАЯР ХОРИХ АНГИЙН ХУУЛЬ ЖУРМЫГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ГЭНЭ
Тэд “Сэжигтэн Н.Энхбаяр Цагдан хоригдох төвд саатуулагдсанаасаа хойш хэд, хэдэн зөрчил гаргасан. Тухайлбал, түүнийг сэжигтнээр татан цагдан хорих байрны цагийн хуваарь, эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулах журмыг танилцуулж, гарын үсэг зурахыг хүссэн боловч Н.Энхбаяр зөвшөөрөөгүй. Мөн түүний өмгөөлөгч О.Баасанхүү нарт уг журмыг танилцуулж, гарын үсэг зуруулахыг хүссэн ч аль нь ч гарын үсэг зураагүй байна. Үүнээс гадна цагдан хоригдсон этгээдэд хориглох зүйл гэсэн журмын 1.1.7 буюу гар утас болон бусад холбооны тоног төхөөрөмж эд анги ашиглахыг хориглосон заалтыг зөрчин, өмгөөлөгч О.Баасанхүүгээр дамжуулан гар утас авч, өрөөндөө ашиглаж байгаад баригдсан. Дотоод журам зөрчсөнийгөө хүлээсэн боловч гар утсыг хураасан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнчлэн хорих төвийн журмын дагуу сэжигтэн, яллагдагч хэн нэгэнд бичсэн захидал, илгээмжээ Цагдан хорих төвийн үүрэг бүхий ажилтнуудад “заавал шалгуулах журамтай. Гэтэл тэрбээр мөн л өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрийн саатуулагдсан шалтгаан, бусад зүйлийн талаарх ил захидлыг хоёр удаа гаргасан зэрэг хэд, хэдэн зөрчил гаргаад байгаа юм. Түүнийг хорих өрөөнд хууль бусаар гар утас хэрэглэж, нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 14 хоног сахилгын шийтгэл ногдуулах ёстой ч тус шийдвэрийг түр хойшлуулаад байна.
Түүнчлэн экс Ерөнхийлөгчийн биеийг өдөрт хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт оруулж байгаа бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдан хорих ангид очиж сэжигтэн Н.Энхбаяртай уулзаагүй. Бид хуулийн хүрээнд зохих журмын дагуу Н.Энхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа” гэв.
Н.Энхбаярыг ирэх зургаадугаар сарын 26-ны өдрийг хүртэл хоригдох шийдвэр гарлаа.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: